Цаг үе
ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлгээр суралцуулна
ОХУ-ын “Роснефть” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
Шалгалтыг 2020 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Ингэхдээ дэлхийн олон улс оронд дэгдээд буй шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ын халдварт хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын 7 дахь заалтаар олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбогдуулж шалгалтыг ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР зохион байгуулна.
Нэг. Мэргэжлийн чиглэл, тавигдах шаардлага
- М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан;
- Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулна.
- Тавигдах шаардлага
Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно:
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
- ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;
- Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
- ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа.
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр дамжаанд болон ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа суралцагчид:
- Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ/;
- Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
- Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
- Эссэ бичих /Доор дурдагдсан 5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.
- ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагч, төгсөгчид:
- Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ /;
- Суралцаж буй сургуулийн албан бичиг;
- Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь эсхүл бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолт;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Сурч байгаа дүнгийн хуулбар/голч дүнтэй/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Гадаад паспортын хуулбар;
- Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
- Эссэ /Доор дурдагдсан 5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.
- Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагчид:
- Цахим өргөдөл /Скайп програмын хэрэглэгчийн нэрийг зайлшгүй (Skype ID) бичнэ/;
- Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
- Шалгалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Бүртгэлийн хураамж төлсөн баримт;
- Эссэ /Доор дурдагдсан 5 сэдвээс нэгийг сонгож орос хэлээр 500 хүртэлх үгтэй эссэ бичнэ/.
Эссэ бичих сэдэв, тайлбар:
Шалгалтад бүртгүүлэх иргэд дараахь сэдвүүдээс өөрийн суралцах чиглэлийн сэдвийг сонгож, 500 хүртэлх үгтэй эссэ бичиж, цахим өргөдөл, холбогдох баримт бичгийн хамт ирүүлнэ.
- Роль Организации Объединённых Наций в поддержании международного мира и безопасности
- Российско-монгольские отношения в 21 Веке
- Роль нефти и газа в мировой экономике
- Природные ресурсы как важнейший фактор развития цивилизации
- Проблемы глобализованного мира на мой взгляд
Гурав. Бүртгэл
Шалгалтад оролцох иргэд 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн /Даваа гараг/ 09.00 цагаас 3 дугаар сарын 20-ны өдрийн /Баасан гараг/ 12.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны https://scholarship.esis.edu.mn цахим хуудаст хандан шинээр эрх нээн бүртгүүлж, дээрх баримт бичгүүдийг бүрэн хавсаргана.
Цахим өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг цаасны тохиргоо А4, PDF файл /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Бүртгэлийн хураамж 20000 төгрөгийг Төрийн сан дахь Гадаад харилцааны яамны 100900016401 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга хэсэгт “ОХУ, Роснефтийн тэтгэлэг” гэж бичнэ.
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусхаас өмнө бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эртхэн бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 09.00-12.00 цагт 7577-8080 дугаар утасаар холбогдож авах боломжтой.
Дөрөв. Сонгон шалгаруулалт
Сонгон шалгаруулалтыг дараахь 3 хэсэгт хуваан дүгнэнэ. Үүнд:
- Баримт бичгийн бүрдүүлэлт – Баримт бичгийг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэн эсэх, сурлагын дүнгийн жагсаалт дахь орос хэл, нийгмийн ухаан, химийн хичээлийн дүн, голч оноог харгалзан үнэлнэ;
- Эссэ бичих – Сонгосон сэдвийн хүрээнд утга, санаа, найруулга зүйг оновчтой бүрэн илэрхийлсэн эсэх, зөв бичих дүрмийн алдаа гаргаагүй эсэх зэргийг харгалзан үнэлнэ;
- Ярилцлагын шалгалт – Сонгон авсан сэдвээр бичсэн эссэний утга, агуулгыг ойлгомжтой, бүрэн илэрхийлж буй эсэх, комиссын гишүүдээс тавьсан асуултад оновчтой, тодорхой хариулж буй эсэх, суралцахаар сонгосон мэргэжлийн хүрээнд судалгаа хийсэн байдал болон шалгалтад оролцогчийн хандлага, бусадтай харилцах харилцааны ур чадвар зэргийг үнэлнэ.
Шалгалтын нийлбэр оноог 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Гадаад харилцааны яамны http://www.mfa.gov.mn/ цахим хуудсанд байршуулна. Нэрсийн жагсаалтад дурдагдсан эхний 10 иргэнийг шалгалтад тэнцсэнд тооцож, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд 5, М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд 5 оюутан тус бүр элсүүлэх асуудлаар урьдчилсан шийдвэр гаргана.
Тав. Шалгалтын дүнг баталгаажуулах ярилцлага
Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ болон Оросын шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/-өөс шалгалтын дүнг баталгаажуулах ярилцлагыг зохион байгуулах бөгөөд шалгалтад тэнцсэн иргэд эдгээр байгууллагаас товлосон хугацаанд өөрийн биеэр РЦНК-ийн байранд ирж, ярилцлагад орно.
Ярилцлагын тодорхой хугацааг Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ, РЦНК-тай тохиролцож, шалгалтад тэнцсэн иргэдэд жич мэдэгдэнэ.
Зургаа. Элсэлтийн шалгалттай холбоотой гомдол, хариуцлага
Иргэн шалгалтын дүн, шалгалттай холбоотой бусад асуудлаарх гомдлоо тухайн шалгалтын явцад болон нэгдсэн дүнг зарласнаас хойш 24 цагийн дотор Шалгалтын комисст хандаж гаргах бөгөөд Шалгалтын комисс хянан үзэж, хариу өгнө. Дурдсан хугацаа өнгөрснөөс хойш гомдлыг хүлээн авахгүй.
Баримт бичгээ дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн болон хугацаандаа ирүүлээгүй иргэдийг шалгалтад оруулахгүй. Түүнчлэн, шалгалтын явцад бусдаас дэмжлэг авсан, бусдын бүтээлийг хуулж ашигласан, худал мэдээлэл өгсөн, зарлагдсан хугацаанаас хоцорсон болон бүртгэл, шалгаруулалтын үед тавьсан бусад нийтлэг шаардлагыг биелүүлээгүй бол шалгалтаас хасна.
Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51-267131, Гадаад харилцааны яамны +51-261832, +51-262184, +51-262121 утсаар авч болно.
Цаг үе
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 19-21 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 22-ноос
2026 оны есдүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтийн хойд сумд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0мм, 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангайн зарим сумдын нутаг, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр, 22-23-ны шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангайн хойд, Булганы өмнөд сумдын нутгаар, 23-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутаг, Төв болон Өвөрхангай аймгийн хойд сумдын нутгаар 2.0-12.0 мм, 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0мм, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Дорнодын баруун хэсгээр 0.0-10.0мм, 24-нд Баян-Өлгий, Увс, Завханы зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын өмнөд хэсгээр 0.0-3.0мм, 24-25-нд шилжих шөнө Баян-Өлгий, Завхан, Архангай, Дорнодын зарим сумдын нутгаар, 25-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 4 хэм хүйтнээс 9 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
Цаг үе
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх, 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулах зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 21 гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна. Өнөөдөр “Гэрт ойр сургууль" болох НЕБ-ын 22 дугаар сургууль, НЕБ-ын 73 дугаар сургуулийн орчин, нөхцөлтэй танилцаж, холбогдох хүмүүсээс мэдээлэл авлаа.
Х.Оюунбаатар: Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн сургалтын менежер Х.Оюунбаатар “3000-аас дээш сурагчтай “Оюуны ундраа” сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор ерөнхий боловсролын “Оюуны ундраа” ахлах сургууль болон НЕБ-ын 22 дугаар сургууль гэж хоёр хуваан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. НЕБ-ын 22 дугаар сургууль “Гэрт ойр сургууль” бөгөөд нэгдүгээр ангийнхан хичээллэж байна. Гэрт ойр сургууль нь хүүхдийн гэрээс сургууль хүрэх зайг ойртуулж, сурах орчныг сайжрууллаа. Энэ хичээлийн жилд манай сургуулийн нэгдүгээр ангид 361 хүүхэд суралцаж байна. 11 бүлэгтэй бөгөөд нэг анги 90 м.кв талбайтай ангид хичээллэдэг. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн” гэв.
М.Нямдорж: Гэрт ойр сургууль эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна

Баянгол дүүргийн 33 дугаар хорооны иргэн М.Нямдорж “Манай хүүхэд нэгдүгээр анги. Нэгдүгээр ангийнхан гэрт ойр сургуульд ахлах ангийнхнаас тусдаа үеийнхэнтэйгээ хамт хичээллэж байгаад баяртай байна. Анги танхим, сандал ширээ хүрэлцээтэй, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх талбайтай, суралцах орчин таатай байгаа учраас олон сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хүүхэд сургуульдаа явахад аюулгүй, хол сургууль руу зөөхгүй, эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна” гэлээ.
Ж.Мөнхцэцэг: Хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн бага ангийн багш Ж.Мөнхцэцэг “Хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд манай сургууль үндсэндээ гурван байранд хичээллэж байна. Энэ байранд нэгдүгээр ангийн 11 бүлэг, хоёрдугаар ангийн нэг бүлэг нийт 12 бүлэг хоёр ээлжээр хичээллэж байгаа. Гэртээ ойр учраас хүүхдийг сургуульд хүргэж өгч авахад эцэг, эхийн цагийг хэмнэж, холд замд хүүхдийг зөөж ядраахгүй, ойр амьдардаг хүүхдүүдтэйгээ нэг анги, нэг сургуульд хичээллэхээр найз нөхдийн хүрээгээ тэлэх зэрэг эерэг зүйлс их байна. Цэцэрлэгийн байрыг ашиглаж байгаа учраас хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн” гэсэн юм.
Д.Уламбаяр: Гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн 240 гаруй сурагч суралцаж байна

НЕБ-ын 73 дугаар сургуулийн Бага боловсролын сургалтын менежер Д.Уламбаяр “Манай сургуулийн хичээлийн Б байр буюу гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн нийт найман бүлгийн 240 гаруй сурагч суралцаж байна. Энэ жил нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Тус хөтөлбөр нь хүүхдүүдийг сургууль, анги хамт олондоо дасан зохицох, тоглонгоо суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Мөн сурагчдын танин мэдэхүй, сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор шатрын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.









НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Улстөр нийгэм2022/04/19
Байнгын болон дэд хороод өнөөдөр хуралдана
-
Улстөр нийгэм2024/05/28
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороо
-
Улстөр нийгэм2021/08/20
Л.Оюун-Эрдэнэ: Хичээл, сургалтыг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг,...
-
Цаг үе2026/08/27
Эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх талаар хэлэлцлээ...
