Шударга мэдээ
“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна. Тендер шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн хүсэлттэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нэмэлт өөрчлөлт оруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацааг хойшлуулж, 12 дугаар сарын 1-нд нээхээр боллоо.
Төслийн хүрээнд барилга угсралтын ажлыг 36 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тодруулбал, 2025-2028 онд хэрэгжүүлэх төслийн эхний жилд буюу 2025 онд ТЭЗҮ-ийг батлуулах, тендерийн бэлтгэл үе шат, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2026-2028 онд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт, тоног төхөөрөмж, материал, хангамж зэрэг бэлтгэл ажил болон барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн төслийг хүлээлгэн өгөх юм. Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг “Си Эс Си И АйкомКонсалтантс” ХХК болон Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулсан. Тус ТЭЗҮ-д 24.8 км авто зам, 9 км гүүрэн байгууламж, 2 км туннел, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой зэрэг дэд бүтцийг төлөвлөсөн иж бүрэн гудамж зам юм.
Мөн зам дагуу 17 орц, гарцтай байх бөгөөд өдөрт 216 мянган орчим тээврийн хэрэгсэл явах урьдчилсан тооцоолол гарсан бөгөөд төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн хугацаанд нөхөгдөнө. Түүнчлэн төслийн нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэхээр төлөвлөсөн нь үндэсний үйлдвэрлэл болон ажлын байрыг дэмжих чухал ач холбогдолтой юм.
Шударга мэдээ
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллах үеэр А0501 Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн авто замын Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын иргэд амьдарч байгаа хотынхоо газарт нутагт зорчихдоо авто замын хураамж 5000 төгрөг төлж байна. Мөн энэ хэсэг аялал жуулчлалын бүс хэдий ч замын хураамж төлөх гэж түгжрэл ихээр үүсгэдэг. Тиймээс Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэхийг Зам, тээврийн яамд уламжилж, шийднэ. Налайх дүүрэг хотын аялал жуулчлалын бүс. Барилгажилт ихсэхээс өмнө замын трассууд, амрах талбайгаа чөлөөлөх хэрэгтэй. Налайх, Багануур, Багахангай дүүргийг эдийн засгийн тусгай бүс болгож, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд зорилт тавин ажиллаж байгаа” гэлээ.
Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр “НИТХ-аар Налайхын Цэргийн ангийн урдуур явж байгаа замыг дөрвөн эгнээ болгохоор шийдсэн. Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт жилд ойролцоогоор дотоод, гадаадын нэг сая жуулчин ирдэг гэсэн судалгаа байдаг. Тус замыг дөрвөн эгнээ болгож шинэчлэхэд Улаанбаатар хотоос Тэрэлж рүү зорчих жуулчдын тоо нэмэгдэж, иргэд ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Шударга мэдээ
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.
Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа.
150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа.



-
Цаг үе2023/02/06
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
-
Цаг үе2025/02/21
Монгол Улсын Хөгжлийн банк IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүлнэ
-
Шударга мэдээ2020/07/08
Эвдэрсэн замуудын шалтгаан нөхцөлийг тогтоож, зөрчил гаргагчдад хариуцлага тооцо...
-
Цаг үе2026/01/23
Өнөөдөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд
