Бидэнтэй нэгдэх

Цаг үе

ФАТФ-ын шинэчилсэн үнэлгээний аргачлалд бэлтгэх сургалт боллоо

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) чиглэлээр Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын олон улсын стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж байна. ФАТФ-аас Монгол Улсад ээлжит харилцан үнэлгээг 2027–2028 онд хийхээр төлөвлөсөн бөгөөд цаашид нийт улсуудыг үнэлэх аргачлалыг чангатган, 5 дугаар шатны шинэчилсэн аргачлалыг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Уг шинэчилсэн аргачлалаар өнөөгийн байдлаар Малайз, Бельги Улс харилцан үнэлгээнд хамрагдаад байна. ФАТФ-аас энэ сарын 12-нд Малайз Улсыг шинэчилсэн 5 дугаар шатны аргачлалаар үнэлж, ФАТФ-ын стандартын техник хэрэгжилт болон үр дүнтэй байдлыг бүрэн хангаж, МУТСТ тогтолцоо хангалттай түвшинд байгааг олон нийтэд зарлан, харилцан үнэлгээний тайланг нийтэлсэн.

Энэхүү туршлагыг судлах, харилцан мэдээлэл солилцох зорилгоор Малайз Улсын Төв банкны Санхүүгийн мэдээлэл, албадан гүйцэтгүүлэх газрын менежер, МУТСТ олон улсын эксперт, үнэлгээчин Мүн Чой Ван-ийг урьж, ФАТФ-ын шинэчилсэн аргачлалаар харилцан үнэлгээнд амжилттай бэлтгэсэн, үндэсний эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлсэн сайн туршлагад тулгуурласан 3 өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдаас гадна Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн хяналт шалгалтын дэд ажлын хэсэг болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд нийт 200 гаруй оролцогч хамрагдав.

Сургалтын хүрээнд ФАТФ-ын Шууд хэрэгжилт 3, 4 (хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ)-ийн шаардлагын хүрээнд зохицуулагч байгууллага, МУТСТ чиглэлээр хянан шалгагчдын анхаарах асуудал, бодлого зохицуулалт, хэрэгжүүлсэн хяналт шалгалтын арга хэмжээ, кейс туршлагыг танилцууллаа. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллага, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд хэрэгжүүлсэн эрсдэлд суурилсан хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, захиргааны арга хэмжээний сайн туршлагыг хуваалцав.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан хаагч, хянан шалгагчдыг МУТСТ чиглэлээр чадавхжуулах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор гаднын улсын туршлагыг танилцуулахын зэрэгцээ үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх, сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээлэх, эцсийн өмчлөгчийг тодорхойлох болон Монгол Улсад тулгарч буй МУТСТ эрсдэлийн талаар дотоод сургалтыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ

Огноо:

,

Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.

Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.

Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.

Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:

• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.

Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.

Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Огноо:

,

Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.

"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа

Огноо:

,

НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.

Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.

Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох