Улстөр нийгэм
Ванданжавын Адъяасүрэнд Ардын багш цол хүртээлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ардын багш цолыг:
- Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг төлөвшүүлэх, заах арга зүй, технологийг сайжруулан, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, олон зуун шавь бэлтгэж, олон улсын олимпиадад гаргасан амжилтаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөн, математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Шинэ Монгол технологийн их сургуулийн математикийн багш, доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ванданжавын Адъяасүрэнд хүртээлээ.
Гавьяат эдийн засагч цолоор:
- УИХ-ын Төсвийн байнгын хорооны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга асан Далрайн Даваасамбуу,
Гавьяат хуульч цолоор:
- Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Чагдаагийн Хосбаяр,
Гавьяат багш цолоор:
- МУБИС-ийн Багшийн сургуулийн математикийн багш, боловсролын ухааны доктор, профессор Цэдэннямын Нямжав,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
- ШУА-ийн Газарзүй, гео экологийн хүрээлэнгийн Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбарын дарга, академич Дамдинсүрэнгийн Амарсайхан,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Баримт бичиг, хяналт шинжилгээний газрын дарга, МУИС-ийн багш, доктор, профессор Содномдоржийн Янжинсүрэн,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- “Эрдэмтний хөгжлийн академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Дарьжавын Бор,
- Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, сэтгүүлч Чүлтэмийн Отгонбаатар,
- Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга Пэрэнлэйн Нямлхагва,
Хүний гавьяат эмч цолоор:
- АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ганбаатарын Эрдэнэтуяа,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн зохицуулагч Бадралын Бурмаа,
Гавьяат малчин цолоор:
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин, Улсын хошой аварга малчин Дамдины Баярсайхан,
Гавьяат уурхайчин цолоор:
- “Багануур” ХК-ийн засварын хэсгийн дарга Гүрсэдийн Соронзонболд,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Диспечерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Гомборагчаагийн Балжинням,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Төр, захиргааны ахмад ажилтан Гүрийн Эрдэнэтөгс,
- Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дарга Дамбын Тунгалаг,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- Цэргийн дуу бүжгийн “Эрдмийн чуулга”-ын уран сайхны удирдаач, дэд хурандаа Лхаажавын Баттөр,
Гавьяат тамирчин цолоор:
- “Шандас ММА тулааны клуб”-ын холимог тулааны мэргэжлийн тамирчин, Дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
- “Марзан Шарав сан”-гийн тэргүүн Чулуунбатын Хишигчулуун,
- “Талх чихэр” ХХК-ийн ахмад технологич Дуйнхаржавын Хоролмаа,
- “Багануур” ХК-ийн Нүүрс бутлан ачих хэсгийн инженер Пүрэвжавын Эрдэнэцогт,
- Чөлөөт уран бүтээлч, дуучин Эрдэнэсүрэнгийн Төрмандах,
- “Нью сигначе” нүдний эмнэлгийн ерөнхий эмч Пүрэвийн Энхмаа,
- МҮОНРТ-ийн редактор Гарьдшувуугийн Отгонжаргал,
Алтан гадас одонгоор:
- “Силк вэй стар” Азийн олон улсын дууны тэмцээний Гран при шагналт, дуучин Иозеф Червенка Мишээл,
- “Чингис хаан” үндэсний музейн тайлбарлагч Очирсүрэнгийн Энхцолмон,
- “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үзлэг хяналтын инженер Сурмаахоролын Гансүх,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- “Говь” ХК-ийн үйлдвэрийн дарга Сүхбатын Отгонцэцэг,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах мэргэжилтэн Пүрэвийн Сайнбилэг,
- “Элэн бьюти академи”-ийн сургагч багш Мөнхбатын Эрдэнэжаргал,
- “Позитив Монголиа”-ийн үүсгэн байгуулагч Дашгэрэлийн Түвшинбаяр нарыг шагналаа.










Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
