Цаг үе
Б.Хандсүрэн: Хийн түлш нь хэрэглэхэд хялбар, үнс тоосгүй учраас цэвэрхэн байна
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлж, хий цэнэглэх 33 цэг байгуулна. Өнөөдрийн байдлаар 1241 өрхийг хийн түлшинд шилжүүлж, хий цэнэглэх 18 цэгийг ашиглалтад оруулаад байна. Мөн өдөрт дунджаар 90–100 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Энэ онд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 айлыг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлшинд шилжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1241 өрхийг хийн түлшинд шилжүүлээд байна. Сар шинийн баярын ачаалал ихтэй энэ өдрүүдэд хийн хэрэглээнд шилжсэн айлуудын нөхцөл байдал, хэрэглээ, үр дүнтэй танилцаж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж байгаа. Тухайлбал, дүүжин тээврийг энэ онд ашиглалтад оруулж, трамвай төслийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс гадна Туулын хурдны зам, Тойрог нэгдүгээр зам зэрэг зургаан эгнээтэй, зогсолтгүй хөдөлгөөнтэй авто замуудын зураг төслийн ажил дуусаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн” гэв.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б. Хандсүрэн “Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын хүн. Чингэлтэй дүүрэгт нүүж ирээд 50 гаруй жил амьдарч байна. Өмнө нь энгийн дөл зуух хэрэглэдэг байсан. Хийн түлшинд шилжээд нэг сар гаруй болж байна. Хийн түлш хэрэглэснээр нүүрс түлэхгүй, үнс нурамтай зууралдахгүй, утаа тортог гарахгүй, гэрийн температур жигд тун сайхан байна. Сар шинийн баяраар зочин олноор ирж, бууз их жигнэж байгаа учраас хийн хэрэглээ нэмэгдэж байна. Эхний хоёр сард хийн түлшийг хөнгөлөлттэй үнээр авч байгаа. Нэг баллон хийг 39 мянган төгрөгөөр цэнэглүүлж, 3–4 хоног хэрэглэж байна” гэв.



НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж гардан авчээ
Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Гиннес”-ийн дээд амжилтанд “Монгол зоог”-ийг бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болж, “батламж”-аа гардан авчээ.
Монголчуудын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхогийг 1,000 тогооч нэгэн зэрэг 1,000 тогоонд хийж, Guinness World Records-д дэлхийн дээд амжилтаар бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болсон.

Энэ нь зөвхөн олон тогооч, олон хорхогийн тухай рекорд биш. Хорхог бол монголчуудын нүүдэлчин ахуй, зочломтгой зан, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, үндэсний хоолны соёлын нэгэн илэрхийлэл юм.
Ийнхүү Монголын тогооч нар нэгэн дор нэгдэж, уламжлалт зоогоо дэлхийн тавцанд таниулж байгаа нь үндэсний хоолны өвийг хадгалан хамгаалах, олон улсад сурталчлах, Монголын гастрономийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

1,000 тогоочийн нэгдэл бол нэг өдрийн арга хэмжээ төдий бус, Монголын зоог, монгол ахуй, нүүдэлчин соёлыг дэлхийд таниулах бэлгэдэл юм.

Цаг үе
COP17-ын Цэнхэр, Ногоон бүсэд 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр, Ногоон бүсэд нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин, оролцогч, төлөөлөгчдөд мэдээлэл, чиглүүлэг өгч, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж байна.

Сайн дурын идэвхтнүүд оролцогчдыг угтан авах, хурлын танхим, павильон, бүртгэл, мэдээлэл болон үйлчилгээний цэг рүү чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд тухайн байршилд нь дагалдан хүргэж өгөх, хурлын хөтөлбөр болон бүсийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх зэрэг оролцогчдод хамгийн ойр дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.

Мөн хурлын танхимын бэлтгэл хангах, чихэвч, ус байршуулах болон хураах, оролцогчдын хөдөлгөөнийг зохицуулах, бүртгэл болон нэвтрэх урсгалыг дэмжих, протоколын үйлчилгээ үзүүлэх, төлөөлөгчид болон VIP зочдыг чиглүүлэх, төлөөлөгчдийн павильоны үйл ажиллагаанд дэмжлэв.

Үүнээс гадна зочлох болон хоол үйлчилгээ, соёлын арга хэмжээний зохион байгуулалтыг дэмжих, мэдээлэл өгөх, шаардлагатай үед орчуулгын дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд туслах, дуудлага болон санал, гомдол мэдээллийг бүртгэх, шуурхай мэдээлэл холбоог хангаж байна.
Ийнхүү сайн дурын идэвхтнүүд COP17-ийн Цэнхэр, Ногоон бүсэд оролцогч, төлөөлөгчдөд шаардлагатай мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээ болон зохион байгуулалтын дэмжлэгийг шуурхай үзүүлж, хурлын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулж байна.




Цаг үе
Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн судалгааны явцтай танилцлаа.
Тус газарт 2006 оноос хойш Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музей хамтран археологийн судалгаа хийж иржээ.
Одоогоор 160 дугаартай Хүннүгийн язгууртны булшны малтлага үргэлжилж байна. Уг булш нийт 80 метр урт, үндсэн байгууламж нь 40х40 метр хэмжээтэй бөгөөд Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшнуудын нэг гэж судлаачид үзэж байгаа юм.
Судлаачид эхлээд зургаан дагуул булшийг малтан судалсны дараа үндсэн булшны оршуулгын хэсэг буюу модон бунханд хүрчээ. Малтлагын гүн одоогоор 15 метр буюу таван давхар барилгын өндөртэй дүйцэх хэмжээнд хүрсэн байна.
Булшны нүхийг дээрээс доош шатлан нарийсгаж ухсан нь байгууламжийг “уруу харсан пирамид” хэлбэртэй харагдуулдаг аж.
Сүүлийн үеийн малтлагаар модон бунхны дээд хэсгээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэглэл бүхий сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдвор шинээр илэрч эхэлжээ.
Дуурлиг нарсны дурсгалт газарт Хүннүгийн үеийн 300 орчим булш бий. Тус дурсгалыг 1974 онд археологич Х.Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх илрүүлж, 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулсан байна.
2006-2012 онд энд Хүннүгийн язгууртны гурван булш, чулуун байгууламж бүхий дундаж хэмжээний хоёр булш, язгууртны булшны дагуул 13 жижиг булшийг малтан судалжээ.
Өмнөх малтлагуудаас хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, адуу малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн гоёл чимэглэл, хаш эдлэл, хүрэл толь, модон сам зэрэг мянга мянган эд өлгийн зүйл илэрсэн юм.
Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алт шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд гарсан нь Хүннүгийн язгууртны ахуй, оршуулгын зан үйл, урлалын технологийг судлахад чухал ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгааны багийнханд талархал илэрхийлж, “Мон-Сол” төслийг Монгол, БНСУ-ын хамтын ажиллагаа, найрамдлын нэг илэрхийлэл хэмээн онцолжээ.
Дуурлиг нарсны дурсгалт газарт цаашид Судалгаа, мэдээллийн төв болон ил музей байгуулахаар төлөвлөж байна. Илэрсэн олдворуудын заримыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей болон Хэнтий аймгийн музейд олон нийтэд үзүүлж байгаа юм.
-
Улстөр нийгэм2024/11/06
НББХ: Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны тайланг сонсож, хэлэлц...
-
Улстөр нийгэм2020/11/12
Нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шийдвэрээ гаргалаа
-
Цаг үе2021/07/20
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Үзэл бодол2020/07/24
Иргэн бүртээ хүрч ажиллахыг Н.Энхтайван сайд үүрэг болголоо
