Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

Огноо:

,

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алдарт эхийн одонт ээжүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баярын мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МЭНДЧИЛГЭЭНДЭЭ:

Эх орны минь эхлэл болсон Монголын сайхан ээжүүд ээ,

Энэ хорвоод өнгө нэмсэн охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд ээ,

Айл гэрийн багана, алаг үрсийн эх, эрийн түшиг, амьдралын хань, улс үндэстний маань түшиг тулгуур болсон элбэрэлт ээжүүд, эрхэмсэг саран гоо сайхан бүсгүйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголчууд бид эрт цагаас эх хүнийг ижий бурхан хэмээн хүндлэн дээдэлж, үг сургаалыг нь сонсож, суу билиг, хатан ухаан, хайр энэрэл, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргээр нь бахархаж ирсэн сайхан уламжлалтай.

Тийм ч учраас Монголын сайхан үрсийг энэрэл хайраараа өлгийдөн өсгөж байгаа одонтой ээж нараа жил бүрийн энэ өдөр төрийн тэргүүн хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг билээ.

Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордонд ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна.

Та бүхний энгэрт гялалзаж байгаа Алдарт эхийн одон хамгийн хүндтэй эрхэм дээд шагнал юм шүү.

Энэрэл хайрын бурхад болсон Алдарт эхийн одонт ижий Та бүхэндээ энэ ертөнцийн гэрэл гэгээ, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол ээжүүд бол бадрангуй хүсэл тэмүүлэлтэй, идэвх санаачилгатай, нийгмийн хариуцлагатай, ар гэрийнхээ төдийгүй нийгмийн амьдралд санаа тавьж, улс орны хойч ирээдүйг өсгөн хүмүүжүүлдэг үндэстний маань эх булаг юм.

Наран, саран ээлжлэн манддаг энэ ертөнцөд энхрий үрсээ бүүвэйлэх эхийн зөөлөн бүүвэйн дуунд эх дэлхий уяран тайтгарч, эх орны ирээдүйн эзэд сэтгэл тайван өсөн торнидог билээ.

Эрдэнэт хүмүүний сэтгэлийн нандин орон зайд өнө мөнхөд нөлөөлж ирсэн эмэгтэйчүүдийн маань хатан зориг, торгон мэдрэмж, эелдэг зан, өрөвч сэтгэл, уран ухаан нь зөөлөн бүхний үндэс юм.

Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр хүн бүр ачлалт эх, элбэрэлт хань, энхрий охидоо баярлуулах гэж хичээдэг юм.

Энэ хорвоод ойлгогдох гэж биш хайрлагдах гэж төрсөн бүсгүй заяаг эрчүүд бид өдөр бүр хайрлаж, өдөр бүр баярлуулж, аз жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгэх ёстой.

 

Эрхэм хүндэт саран гоо бүсгүйчүүд ээ,

Монголчууд бид ижийгээ шүтэж, эмэгтэйчүүдээ хүндэтгэдэг өнө эртний уламжлалтай бөгөөд төрийн үйл хэрэг, улс хоорондын дипломат харилцаанд бүсгүй хүний цэцэн ухаан, торгон мэдрэмж, нинжин сэтгэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тухай түүх шастирт тэмдэглэн үлдээсэн байдаг.

Манай улс энэхүү түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг тунхаглан, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулснаар Ази тивийн анхны дэвшилтэт, ардчилсан үзэлтэй улс болсон түүхтэй.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн манлайлал, үүрэг оролцоог бүх түвшинд нэмэгдүүлэх зорилгоор олон улсын чуулга уулзалтуудыг эх орондоо тогтмол зохион байгуулж байна.

Тухайлбал, Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурлыг 2022 онд, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг 2023 онд, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2024 онд, Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг 2025 онд Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан.

Мөн энэ жил Эмэгтэй парламентчдын олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Монгол төрөөс эмэгтэйчүүдийн оролцоог нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л түвшинд нэмэгдүүлэхийг төрийн бодлогынхоо нэгэн чухал зорилт болгосоор ирснийг онцлон тэмдэглэж байна.

Монголын сайхан ээжүүд ээ,

Монгол Улсын хөгжлийн эрхэм нандин үнэт зүйл бол эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм боловсролтой, хөдөлмөрч бүтээлч монгол хүн билээ.

Нийгэм, улс орны хөгжил дэвшил, боловсрол хүмүүжлийн тулгуур болдог Та бүхэн бол энхрий хонгор үрсээ энхрийлэн өсгөж, эрдэм номтой, ёс суртахуунтай, хүнлэг энэрэнгүй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд сэтгэл зүрх, хайр халамжаа бүрэн зориулж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг гавьяатнууд юм.

Ачтай буянтай ээжүүд та бүхний маань  халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүйн наран мандаж байдаг.

Монголын үзэсгэлэнт сарангоо, биднийг төрүүлсэн ижий Та бүхэн бол энэ хорвоогийн амьд бурхад юм шүү.

Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

20 дахь жилдээ зохион байгуулсан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1,000 ээж оролцлоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох