Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 18 бичиг баримтад гарын үсэг зурлаа.

  1. “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцийн сайд А.А.Шаккалиев,

Худалдааны бүтцийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэн, худалдаанд тулгарч буй тарифын бус саад тотгорыг үе шаттай бууруулах, гаалийн журмыг хялбаршуулан тээврийн дэд бүтцийг сайжруулах боломж бүрдүүлнэ.


  1. “Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсын соёл, залуучуудын бодлого, спорт болон аялал жуулчлалын салбарт 2026-2027 онуудад хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Соёл, мэдээллийн сайд А.Г.Балаева, Бүгд Найрамдах Казахстан Улсын Аялал жуулчлал, спортын сайд Е.К. Мырзабосынов,

Соёл, залуучуудын бодлого, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны тодорхой арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, харилцан үзэсгэлэн, хамтарсан судалгаа, залуучуудын байгууллагууд хоорондын харилцаа холбоог дэмжих, нээлттэй бодлогын хэлэлцүүлэг, нүүдэлчин соёлын онцлогийг багтаасан аялал жуулчлалын хамтарсан маршрут боловсруулж, хөрөнгө оруулалт татна.


  1. “Хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Б.Кошербаев,

Улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлж, харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх уулзалт хийх замаар харилцааг бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтарч ажиллана.


  1. “Монгол Улсын Төв банк болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний банк хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Төв банкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний банкны Ерөнхийлөгч Т.М.Сулейменов,

Санхүүгийн зах зээлийг хөгжлийн ашиг сонирхолд нийцүүлэн Төв банк хооронд урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааг бий болгох эрх зүйн суурь орчныг бүрдүүлнэ.


  1. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Сангийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Сангийн сайд З.Мэндсайхан, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сангийн сайд М.Т.Такиев,

Төрийн санхүүгийн удирдлага, төсвийн төлөвлөлт, татвар, Төрийн сангийн шинэчлэл болон ногоон санхүүгийн салбарт харилцан туршлага судалж, мэдээлэл солилцоно. Олон улсын санхүүгийн байгууллагатай өрнүүлж буй хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.


  1. “Газрын тосны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний яам хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Бүгд Найрамдах Казахстан Улсын Эрчим хүчний сайд Е.К.Аккенженов,

“Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан газрын тосны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлнэ. Газрын тосны хайгуул, олборлолт, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн логистик болон газрын тос боловсруулах салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ. Казахстан түүхий газрын тос, автобензин, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой, урт хугацаанд нийлүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.


  1. “Эрдэнэс Монгол” ХХК болон “Самрук-Казына” ХК хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Самрук-Казына” ХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Удирдлагын зөвлөлийн дарга Н.К.Жакупов,

Төрийн өмчит томоохон нэгдэл хооронд хамтын ажиллагааны суурь тавигдлаа. Олон улсын стратегийн түншлэлийг бэхжүүлж, уул уурхай, эрдэс баялаг, түүний дотор чухал ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт болон компанийн засаглалын чиглэлээр хамтарна.


  1. “Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах тухай Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Цөмийн энергийн агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Цөмийн энергийн агентлагийн дарга А.М.Саткалиев,

Орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгаа, хайгуулын ажил хийх, олборлолт, боловсруулалтын чиглэлээр сайн туршлага нэвтрүүлэх, инженер, мэргэжилтэн бэлтгэх, эрдэс баялгийн тогтвортой менежмент, байгаль орчны хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг чиглэлд хамтран ажиллана.


  1. “Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн Ажлын алба болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотын Акимат хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хархорум хотын захирагч Л.Халтар, Астана хотын захирагч Ж.М.Касымбек,

Хотын харилцааг хөгжүүлэх, шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, засаглалын салбарт туршлага солилцож, хөрөнгө оруулалт татах, ухаалаг, тогтвортой ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтарна.


  1. “Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн Ажлын алба болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Алатау хотын Акимат хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Хархорум хотын захирагч Л.Халтар, Алатау хотын захирагч А.Х.Утенов нар гарын үсэг зурав.

Дэд бүтцийн холболт, хотын эдийн засаг, төр-хувийн хэвшлийн түншлэл, инженерийн дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, цахим болон хиймэл оюун ухаанд суурилсан систем, соёл, аялал жуулчлал, логистик, нийгмийн дэд бүтэц, орон сууцжуулалт зэрэг чиглэлээр хамтран ажиллана.


  1. “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн Телевиз, радиогийн цогцолбор хоорондын Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирал Г.Гэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Телевиз, радиогийн цогцолборын захирал Р.Ж.Кажибаева нар гарын үсэг зурав.

Түүх, нийгэм, соёлыг харилцан сурталчлан таниулах, цаг үеийн мэдээлэл солилцох, зохиогчийн эрхтэй баримтат болон уран сайхны кино, телевизийн нэвтрүүлэг, контент солилцох, хамтарсан уран бүтээл бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах, хэвлэл мэдээллийн салбарыг үйлдвэрлэлийн техник хэрэгслээр хангах, сурвалжлагчийн сүлжээний нөөцийг ашиглах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.


  1. “Шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Шинжлэх ухааны академи хоорондын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч А.К.Куришбаев,

Судалгааны хамтын ажиллагааны цар хүрээ, чиглэлийг өргөжүүлэн, экологи, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, геологи, зайнаас тандан судлалын чиглэлээр мэдлэг, мэдээлэл солилцох, хамтарсан судалгааг тогтвортой хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдыг харилцан солилцох боломж бүрдлээ.


  1. “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэн хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ж.Н.Шаймарданов,

Олон улсын харилцаа, аюулгүй байдал, бодлогын судалгааны чиглэлээр туршлага солилцож, хамтарсан судалгаа хийнэ. Судлаачдыг сургаж, эрдэм шинжилгээний хурал, семинар, дугуй ширээний уулзалт зохион байгуулна.


  1. “Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей, Бүгд Найрамдах Казахстан Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны харьяа Шинжлэх ухааны хорооны Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэн хоорондын Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Чингис Хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, Ч.Ч.Валихановын нэрэмжит Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал З.Е.Кабульдинов,

Нүүдэлчдийн түүхийг судлах ажлыг эрчимжүүлэн адил төстэй болон олон үеийн улс төр, нийгэм, соёлын харилцааны түүхийг тодруулах, хамтын бүтээл туурвих ажил хийнэ. Түрэг, Уйгур зэрэг улсын түүхийг “Чингис хаан” Үндэсний музейн сан хөмрөгт тулгуурлан судлах, музейн эрдэм шинжилгээний судлаачид Казахстаны нутаг дэвсгэрт буй түүх, соёлын дурсгалуудыг судлах боломж бүрдэнэ.

  1. “Монгол Улсын Налайх дүүрэг болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Талдыкорган хот хоорондын нөхөрлөл, хамтын ажиллагааны санамж бичиг”-т Налайх дүүргийг төлөөлж Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Батжаргал, Талдыкорган хотын захирагч Е.Д.Базил нар гарын үсэг зурлаа.

Найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Нийгэм, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлнэ.


Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус байгууллагууд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Тухайлбал, “Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон “КазТрейд” Худалдааны бодлогын хөгжлийн төв” ХК хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулж, экспортыг дэмжих боломжит бараа, үйлчилгээг сурталчлан таниулах, гуравдагч улсын зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Монголын залуучуудын холбоо болон Казахстаны залуучуудын конгресс хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, залуучуудыг дэмжихэд чиглэсэн хамтарсан санаачлагыг дэмжих, соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, залуучуудын бизнес эрхлэх чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ.

Өдгөө хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулдаг 60 гаруй гэрээ, хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм9 цаг 35 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе9 цаг 41 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе9 цаг 46 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ9 цаг 50 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе9 цаг 58 минут

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе10 цаг 3 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм10 цаг 6 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох