Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно.
2026 оны дөрөвдүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс 7 хэмээр дулаарч 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс 8 хэмээр дулаарч 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг, зөөлөн салхитай. Өмнөх өдрөөс 8 хэмээр дулаарч 14-16 хэм дулаан байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс
2026 оны тавдугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын баруун өмнөд хэсгээр, 05-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 29-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 29-нд нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна. 1, 2-нд ихэнх нутгаар дулаарна.
Цаг үе
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Хуульчийн про боно-2026”, “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөгийг нэгтгэн өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх Шүүхийн тусгай архив, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүгчдийн холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Өмгөөллийн "Компасс консалтинг", "Эм Жэй Эл Атторнэйс" ХХН, "Цогц өмгөөлөл" ХХН, "Алтаргана" хуулийн товчоо, "Тэргүүн өндөр" ХХК, "Нөмөрт партнерс" ХХК, "Агууч Лоу фирм" ХХК, "Эв эе партнерс" ХХК болон Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв, хуульч, өмгөөлөгчид оролцож, иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх болно.
Иргэд та бүхэн 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирж өөрт хэрэгтэй хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай. Мөн энэ үеэр орон сууцны захиалгын гэрээ хийж хохирсон иргэдэд мэргэжлийн хуульчид тусгайлан зөвлөгөө өгөх болно.

Цаг үе
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм.
Өнөөдрийн байдлаар 23 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна.
Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын мэргэжлийн болон сонирхогч гүйгчид олноор оролцох болсон. Энэ нь арга хэмжээний цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна.
Марафонд гүйх иргэд насны ангилал болон бэлтгэлийн түвшиндээ тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Цаг үе
ОХУ: Ялалтын баярын парадыг цэргийн техникгүй зохион байгуулна
ОХУ-ын нийслэл Москва хотод тавдугаар сарын 9-нд болох Ялалтын баярын цэргийн парадыг энэ жил цэргийн техникгүй зохион байгуулахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
Тэрбээр уг шийдвэр нь үйл ажиллагааны нөхцөл байдалтай холбоотойг онцолж, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах зорилгоор ийм арга хэмжээ авч байгааг дурдсан байна. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Киевийн дэглэмийг террорист үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа талаар мэдэгдсэнийг иш татжээ.
Ийм нөхцөлд болзошгүй аюул заналыг багасгахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авч буйг Песков тэмдэглэсэн байна. Тэрбээр парад цуцлагдахгүй, харин товчруулсан хэлбэрээр зохион байгуулагдана гэдгийг тодотголоо.
Мөн өнгөрсөн жилийн парад нь ойт жилийн хүрээнд өргөн хүрээтэй зохион байгуулагдсан бол энэ жил ойт жил биш тул цар хүрээ багассан байгааг дурдсан байна.
-
Цаг үе2025/09/05
23 орны аюулгүй байдлын мэргэжилтнүүд кибер халдлагыг илрүүлэхээр өрсөлдөж байна...
-
Цаг үе2023/04/11
“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт бол...
-
Цаг үе2023/08/02
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Улстөр нийгэм2025/05/01
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1099 албан тушаалтныг хамруулав
