Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Эмийн чанарын хяналтыг бүрэн хангах Үндэсний лавлагаа лабораторитой болно

Огноо:

,

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ч.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн хэрэгжилттэй танилцлаа.

Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд 2025 оны аравдугаар сараас эхэлсэн барилга угсралт, засвар шинэчлэл, тавилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусч, одоогоор батлагдсан хуваарийн дагуу тоног төхөөрөмжийн суурилуулалт, нүүлгэлтийн ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар эм шинжлэх лаборатори жилд 2000-2500 дээжид шинжилгээ хийж, шинжилгээний хүлээгдлийн хугацаа 90-100 хоног байна.

Харин Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор хүчин чадал 2 дахин нэмэгдэж, шинжилгээний хүлээгдэл мэдэгдэхүйц буурах юм. Ингэснээр Монгол Улс эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг илүү бүрэн хангах боломж бүрдэнэ.

Төслийн хүрээнд нийт 884 м.кв талбай бүхий лабораторийн барилгыг батлагдсан зураг төслийн дагуу барьж байгуулсан бөгөөд оффис, микробиологийн лаборатори, химийн лаборатори гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Лабораторид дөрвөн төрлийн хий, галын дохиоллын систем, галыг хийгээр унтраах систем, агааржуулалт, хөргөлтийн систем, нэрмэл усны систем, холбоо дохиолол, камерын хяналт, зарлан мэдээлэх систем зэрэг орчин үеийн инженерийн шийдлүүдийг бүрэн суурилуулсан байна. Барилга угсралтын ажлыг М-Си-Эс Проперти ХХК гүйцэтгэсэн. 

Энэхүү лабораторийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа бөгөөд барилгын зураг төсөл, барилга угсралтын ажил, тавилга болон багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх бүх ажлыг тус байгууллага хариуцан зохион байгуулж байна.

Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай 45 нэр төрлийн 78 төрлийн багаж, тоног төхөөрөмж болон туслах хэрэгслийг нийлүүлж, ажилтнууд, шинжээчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар:

  • Жилд шинжилгээ хийх дээжийн тоо 2 дахин нэмэгдэнэ
  • Шинжилгээний нэр төрөл нэмэгдэнэ
  • Эмийн чанар, аюулгүй байдлын үнэлгээг илүү хурдан, үр дүнтэй хийх боломж бүрдэнэ
  • Шинжилгээний хүлээгдлийн хугацаа богиносно
  • Шинжилгээний илрүүлэлтийн хязгаар, хэмжилтийн нарийвчлал сайжирна
  • Монгол Улсын эмийн зохицуулалтын байгууллага Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага-ын олон улсын жишиг тогтоох үнэлгээний GBT ML-3 түвшинд хүрэх суурь тавигдана
  • Дотоодын үйлдвэрийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг олон улсын зах зээлд экспортлох боломж нэмэгдэнэ

Ийнхүү Үндэсний лавлагаа лабораторийг байгуулснаар Монгол Улс эмийн чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, иргэдийг аюулгүй, чанартай эмээр хангах чухал нөхцөл бүрдэж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.

Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох