Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

СОР17 хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал эхлэхэд 95 хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан COP17 хурлыг зохион байгуулах дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга нарын хуралдаан боллоо.
 
Тус хуралдаанаар бага хурлыг зохион байгуулахтай холбоотой тулгамдаж буй асуудал, 12 дэд хорооны ажлын давхардал, хийдэл, уялдаа холбоо, засаж сайжруулах асуудлаар мэдээлэл солилцов.
 
Дэд хороодын ажлын гүйцэтгэл 15-65 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт 705 арга хэмжээ хэрэгжүүлэхээс давхардалтай байгаа 273 ажил байгаа гэдгийг Ажлын албаны дарга, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Гантуяа мэдээлэл өглөө.
 
СОР17 хурал нь манай улсын байгаль хамгаалал тэр дундаа цөлжилттэй тэмцэж буй идэвх чармайлтыг дэлхий нийтэд нотлон харуулах учир дэд хороодын уялдаа холбоо, мэдээллийн нэгдмэл урсгалтай байх нь туйлын чухал гэдгийг БОУАӨ-ийн сайд, СОР17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир онцлов.
 
Улмаар дэд хороодын уялдаа холбоог хангах, мэдээллийг зөрүүтэй байдлыг арилгах, дэд хороодын давхардсан ажлуудыг нэгтгэх, шинжлэх ухаан, олон улсын, иргэний нийгмийн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж зэрэг олон талт төлөөллийг тэгш оролцоотой татан оролцуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зэрэг чиглэлийг дэд хороодын дарга нарт өглөө.
 
Мөн тус хуралдаанаар гарсан санал болон шаардлагатай авч хэрэгжүүлэх ажлын талаар нэгтгэж, Үндэсний хорооны ээлжит хуралдаанд танилцуулахыг СОР17 хурлыг зохион байгуулах Ажлын албанд даалгав гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Огноо:

,

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг халдлагад өртсөн асуудлаар мэдэгдэл хийж, уг үйлдэл хариу арга хэмжээ авахгүй өнгөрөх боломжгүй гэж анхаарууллаа.

Reuters-ийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яам Украин Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөгт халдсан гэж мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр халдлагын улмаас хөлөг дээр дэлбэрэлт болж, нэг далайчин амиа алдаж, нэг хүн шархаджээ.

Ираны тал уг халдлагыг “дайсагнасан, гэмт үйлдэл” гэж буруутган, Техран дахь Украины түр хамаарагчийг дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Киев Украины дайны хүрээг тэлэхийг оролдож байна гэж үзэж буйгаа мэдэгдэж, үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэдгээ онцолжээ.

Энэ хэрэг Орос, Украины дайн улам олон улсын шинжтэй болж буй үед гарч байна. Украин өмнө нь Каспийн тэнгист Ирантай холбоотой цэргийн ачаа тээвэрлэж байсан гэх хөлөг онгоцуудыг онилсон гэж мэдэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн айлчлалын үеэр Монгол-Тажикистаны бизнес дугуй ширээний уулзалт болон “Тажикистаны соёлын өдөр” боллоо.

Хүндэт зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар үдэж мордууллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох