Цаг үе
Дэлхийн хамгийн аюултай 10 авто зам
Жил бүр зам тээврийн ослоор 1,3 сая хүн нас бардаг гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаа байдаг. Ингээд Америкийн телевизийн CNN сувгаас нэрлэсэн дэлхийн хамгийн аюултай 10 замыг танилцуулъя.

1. Афганистаны нийслэл Кабул хотын Желалабада суурингийн зам. 65 км үргэлжилдэг энэ замаас өдөр бүр машин унаж осолддог байна. Уулын хажуугаар зарим хэсгээрээ 600 метрийн өндөрт өгсдөг бөгөөд нарийхан эргэлтүүдтэй ажээ.

2. Боливын Үхлийн зам. Энэ зам Боливын Ла-Пас хотыг Андын нуруунд оршдог жижигхэн колони хот болох Кориокотой холбодог байна. Уг зам 3600 метр үргэлжилдэг бөгөөд 800 метр нь гүн ангалын ирмэгийг дайрдаг ажээ. Статистикийн мэдээгээр, энэ зам дээр хоёр долоо хоног тутамд азгүй явдал гардаг бөгөөд жил бүр 100-200 хүн амиа алддаг ажээ.

3. Иракийн Үхлийн зам. Одоогоор Иракийн ихэнх зам аюултай байгаа боловч Эль-Кувейт хотыг Басра хоттой холбодог 80 дугаар зам бүр Персийн булангийн дайны үед үхлийн гэх нэрийг авчээ. 1991 онд энэ замаар Иракийн танк, ачааны автомашинуудын цуваа явж өнгөрдөг байсан бөгөөд Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөд өртдөг байв. Тухайн үед тээврийн 2700 нэгж хэрэгсэл устгагджээ. Харин амь үрэгдсэн хүмүүсийн тоог тодорхой тогтоогоогүй боловч шинжээчдийн тооцоолсноор, «Үхлийн зам» дээр 300-гаас 10 мянга хүртэл хүн амь насаа алдсан байна.

4. Хархорум зам. Энэ зам нь Хунжерабын даваагаар 4693 метрийн өндөрт Хятад, Пакистаныг холбодог бөгөөд эртний Торгоны замын чиглэлээр явдаг байна. Замын Пакистаны нутаг дэвсгэр дээгүүрх хэсэг нь засаагүй шороон болдог учраас үер, хөрсний гулгалтад өртөх нь их байдаг ажээ. «Найрамдлын зам» гэж нэрлэдэг энэхүү замыг барих үеэр Пакистаны 810, Хятадын 82 ажилчин амиа алдсан байна.

5. Энэтхэгийн Зожи Ли даваа. Кашмир мужийг Ладакх мужтай холбодог энэ зам 3528 метрийн өндөрт уулыг ороосон байдаг бөгөөд хамгаалалтын хашлага байдаггүй ажээ.

6. Хятадын Гоульянг хонгил. Энэ хонгилыг Тэроко хавцлыг гараар ухаж гаргажээ. Урт нь 1,2 км, өргөн нь 4 метр, өндөр нь 5 метр бөгөөд зарим хэсэгтээ ангалаас тусгаарлах ханагүй байна. Нутгийн оршин суугчид уг замыг «алдааг тэвчдэггүй зам» гэж нэрлэдэг гэнэ.

7. Их Британийн Видоу-Мэйкер зам. Үзэсгэлэнт хөдөө нутгийн энэ зам нь Будант Альбионы хамгийн аюултай зам юм. 2006-2008 оны хооронд уг зам дээр 34 томоохон осол бүртгэгджээ.

8. Хорватын эрэг хавийн зам. Тус улсад зам тээврийн ослоор жил бүр 11 мянган жолооч амь насаа алддаг байна. Үүний ихэнх тохиолдол нь огцом эргэлтүүдтэй эрэг хавийн зам дээр гардаг ажээ.

9. Чилийн Лос Караколесын зам. Энэ зам Андын нуруугаар Чили, Аргентиныг холбодог бөгөөд маш эгц налуу газруудыг дайран өнгөрдөг байна.

10. Италийн Стельвио зам. Дээрээс харахад хүүхдийн муруй сарий бичиг шиг энэ зам 180 градусын 60 эргэлттэй ажээ.
Цаг үе
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
Цаг үе
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
Цаг үе
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.
Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:
- Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
- Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
- Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
- Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
- Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.
