Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 1.8 сая хэрэглэгчтэй “UB cab” компани болон 120 мянга гаруй жолоочийн төлөөлөл болсон такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Ерөнхийлөгч, орлого олж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдийн итгэлийг хүлээсэн, шаардлага хангасан, найдвартай, аюулгүй, соёлтой үйлчилгээ нэвтрүүлж байгаа такси үйлчилгээ эрхлэгчдэд талархал илэрхийллээ.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.
“UBCab” нь зөвхөн такси дуудлагын бус, хоол, хүнс, шуудан хүргэлт, шуурхай илгээмж, дуудлагын жолооч, яаралтай авто тусламж зэрэг үйлчилгээг нэгтгэсэн технологийн компани юм.
Энд орон даяар 120 мянган жолооч хөдөлмөр эрхэлж, орлого олдог бөгөөд тэдний дунд багш, эмч, төрийн албан хаагч, ахмад настан гээд бүх салбарын иргэд нэгдээд байна.
Сүүлийн 5 жилд “UBCab” компани улсын төсөвт 11 тэрбум, жолооч нар 4.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн.
Тус компани төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан жолооч нарынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байгааг гүйцэтгэх захирал О.Золбаяр хэллээ.
Жолооч нарыг төрийн үйлчилгээ, захиалгат тээвэр, жуулчин тээвэрт хамруулж, тогтмол орлоготой, найдвартай жолооч нарыг автомашинаа шинэчлэх, орон сууцтай болгоход бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ерөнхийлөгч такси үйлчилгээ эрхлэгчидтэй уулзах үеэрээ “UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээж, нэр бүхий жолооч нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Тээврийн салбар нь манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувь, нийт ажиллах хүчний 6-8 хувийг эзэлдэг, нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг.
Ерөнхийлөгч санаачилга гарган “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улс-Ази, Европыг холбосон тээвэр логистикийн зангилаа төв болох зорилт дэвшүүлсэн.
Мөн Ерөнхий сайд байхдаа анх удаа “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого”-ыг батлуулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл” байгуулан ажиллуулж байлаа.
Зам, тээврийн хөгжлийн яам цаашид эрх зүйн шинэчлэл хийж, тээвэрчдийн хөдөлмөрийн зах зээлийг хамгаалж, ядуурлыг бууруулах, салбарын хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйг сайжруулахад анхаарах юм байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
Улстөр нийгэм
Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөг халдлагад өртсөн асуудлаар мэдэгдэл хийж, уг үйлдэл хариу арга хэмжээ авахгүй өнгөрөх боломжгүй гэж анхаарууллаа.
Reuters-ийн мэдээлснээр, Ираны Гадаад хэргийн яам Украин Каспийн тэнгист Ираны худалдааны хөлөгт халдсан гэж мэдэгдсэн байна. Тус яамны мэдээлснээр халдлагын улмаас хөлөг дээр дэлбэрэлт болж, нэг далайчин амиа алдаж, нэг хүн шархаджээ.
Ираны тал уг халдлагыг “дайсагнасан, гэмт үйлдэл” гэж буруутган, Техран дахь Украины түр хамаарагчийг дуудаж эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөн Киев Украины дайны хүрээг тэлэхийг оролдож байна гэж үзэж буйгаа мэдэгдэж, үндэсний ашиг сонирхлоо хамгаална гэдгээ онцолжээ.
Энэ хэрэг Орос, Украины дайн улам олон улсын шинжтэй болж буй үед гарч байна. Украин өмнө нь Каспийн тэнгист Ирантай холбоотой цэргийн ачаа тээвэрлэж байсан гэх хөлөг онгоцуудыг онилсон гэж мэдэгдэж байжээ.
Улстөр нийгэм
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны төрийн айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.
Төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 30 гаруй жилийн ололт амжилтыг дүгнэн, хэтийн төлөв, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.
Айлчлалын хүрээнд талууд худалдаа, эдийн засаг, боловсрол, залуучуд, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар болон байгууллага хоорондын 11 баримт бичигт гарын үсэг зурлаа.
Мөн айлчлалын үеэр Монгол-Тажикистаны бизнес дугуй ширээний уулзалт болон “Тажикистаны соёлын өдөр” боллоо.
Хүндэт зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар үдэж мордууллаа.

-
Улстөр нийгэм2021/05/13
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хамгийн чанартайгаар барь...
-
Улстөр нийгэм2022/03/24
Ерөнхий хяналтын сонсголд оролцогчдын бүртгэл өнөөдөр дуусна
-
Цаг үе2020/06/26
“Жи Тайм"-ын хэргийн шүүх хуралдаан зарлагдлаа
-
Цаг үе2019/06/17
Наршихаас сэргийлэх зөвлөмж




















