Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 94 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. 

Нийслэл болон Өвөрхангай, Увс аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр 7 хүнд холбогдох  6 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 7 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна. Хэргийг тоймлон хүргэвэл: 

Нийслэлийн прокурорын газраас

- Ц.Б нь ...эрүүл мэндийн үндэсний төвийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа холбогдох хууль, журмыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд төрсний дараах тасгийн төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлсэн 785 иргэнээс хураамж хэлбэрээр төвлөрсөн 44,2 сая төгрөгөөс 11,4 сая төгрөгийг Төрийн сан дахь дансанд төвлөрүүлж, 32,7 төгрөгийг нь байгууллагын касс, дансанд тушаалгүйгээр 10,2 сая төгрөгөөр нь тасгийн өрөөнүүдийг тохижуулах болон байгууллагын үйл ажиллагаанд зарцуулж, үлдсэн 22,4 сая төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, өөртөө эдийн давуу байдал бий болгож, эрүүл мэндийн үндэсний төвд  22,4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.Б-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, Ц.Б-с 12,6 сая төгрөгийг  гаргуулж ... эрүүл мэндийн үндэсний төвд олгохоор шийдвэрлэсэн.

- Х.А нь “Э... цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Эдийн засаг хөгжлийн хэлтсийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ын төслийн хүрээнд баригдаж буй эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах тооллогын комиссын гишүүнээр ажиллахдаа “Р...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Г-ээс барилга угсралтын ажлын 80 хувийн гүйцэтгэлийн тооллогын тайланд гарын үсэг зурж баталгаажуулсны хариуд бусдын дансаар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 25 сая төгрөг, мөн улсын комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулсны хариуд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 20 сая төгрөг, нийт 45 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Х.А-г үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хахуульд авсан 45 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

- Г.Р нь шүүхээс 3 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хянах төхөөрөмжийг удаа дараа унтрааж зөрчил гаргасан үйлдэлдээ зохих хариуцлага хүлээхгүй байх ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид нэр бүхий компанийн 500 мянган төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийг хахууль болгож өгөхийг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Г.Р-г хахууль өгөхийг завдсан хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

- Ш.Н нь нийтийн албан тушаалтан буюу ... дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар Б.Э-г сэтгэл зүйчээр томилж, хөдөлмөр эрхлээгүй байхад нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаарын сарын 10-ны өдрийн хооронд нийт 2,7 сая төгрөгийн цалин бодож, гарт олгогдсон 1,9 сая төгрөгөөс 1,6 сая төгрөгийг иргэн Э.Б, Д.А нарын дансаар дамжуулан хувьдаа авсан,

Мөн “С...” ХХК-тай 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр  3 сая төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн данс руу 3 сая төгрөг шилжүүлж, 2,7 сая төгрөгийг бэлнээр гаргуулан хувьдаа авч өөртөө эдийн давуу байдал бий болгож, 33 дугаар цэцэрлэгт нийт 5,7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ш.Н-г эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, 3,7 сая төгрөгийн хохирол төлөгдсөн талаар дурдаж шийдвэрлэсэн.

Өвөрхангай аймгийн прокурорын газраас

- Д.Н нь нийтийн албан тушаалтан буюу ... аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, үнэлгээний хорооны даргаар,  Б.П нь  үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа бүлэглэн  Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/307 дугаартай захирамжийн дагуу “...Эрүүл мэндийн салбарын их засвар тоног төхөөрөмж” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тендерт оролцогчдоос зөөврийн компьютерийн үзүүлэлт “i7” гэсэн үзүүлэлт, шалгуурыг хангаагүй “Н... ” ХХК-ийг шалгаруулж, тус компанид давуу байдал олгож, төсөвт 86 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Д.Н, Б.П нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар тус тус  хасаж, Д.Н-д 7 сая төгрөгөөр торгох, Б.П-д  6 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, иргэний хариуцагч “Н... ” ХХК-иас 28,8 сая төгрөгийг гаргуулан тус аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст олгохоор шийдвэрлэсэн.

Увс аймгийн прокурорын газраас

- Б.С-ыг  Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/20 дугаартай захирамж гаргаж, ерөнхий боловсролын сургуулиас кадастрын зургаар 212 метр зайд, хүний явах замаар 240 метр зайд байршин үйл ажиллагаа явуулдаг иргэн Х.Б-ын эзэмшлийн “М...” хүнсний дэлгүүрт тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах )-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүх Б.С-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Огноо:

,

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

2026 оны есдүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгий, Увс, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. 19-21 хэм дулаан байна.


2026 оны есдүгээр сарын 22-ноос

2026 оны есдүгээр сарын 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Хэнтийн хойд сумд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0мм, 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангайн зарим сумдын нутаг, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр, 22-23-ны шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангайн хойд, Булганы өмнөд сумдын нутгаар, 23-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутаг, Төв болон Өвөрхангай аймгийн хойд сумдын нутгаар 2.0-12.0 мм, 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-3.0мм, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Дорнодын баруун хэсгээр 0.0-10.0мм, 24-нд Баян-Өлгий, Увс, Завханы зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын өмнөд хэсгээр 0.0-3.0мм, 24-25-нд шилжих шөнө Баян-Өлгий, Завхан, Архангай, Дорнодын зарим сумдын нутгаар, 25-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгийн зарим сумдын нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 4 хэм хүйтнээс 9 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Огноо:

,

Нийслэлийн ерөнхий боловсролын 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуулийг 3 ээлжээр хичээллүүлэхгүй байх, 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулах зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 21 гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна. Өнөөдөр “Гэрт ойр сургууль" болох НЕБ-ын 22 дугаар сургууль, НЕБ-ын 73 дугаар сургуулийн орчин, нөхцөлтэй танилцаж, холбогдох хүмүүсээс мэдээлэл авлаа. 

Х.Оюунбаатар: Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн сургалтын менежер Х.Оюунбаатар “3000-аас дээш сурагчтай “Оюуны ундраа” сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор ерөнхий боловсролын “Оюуны ундраа” ахлах сургууль болон НЕБ-ын 22 дугаар сургууль гэж хоёр хуваан хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байна. НЕБ-ын 22 дугаар сургууль “Гэрт ойр сургууль” бөгөөд нэгдүгээр ангийнхан хичээллэж байна. Гэрт ойр сургууль нь хүүхдийн гэрээс сургууль хүрэх зайг ойртуулж, сурах орчныг сайжрууллаа. Энэ хичээлийн жилд манай сургуулийн нэгдүгээр ангид 361 хүүхэд суралцаж байна. 11 бүлэгтэй бөгөөд нэг анги 90 м.кв талбайтай ангид хичээллэдэг. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн” гэв.

М.Нямдорж: Гэрт ойр сургууль эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна

Баянгол дүүргийн 33 дугаар хорооны иргэн М.Нямдорж “Манай хүүхэд нэгдүгээр анги. Нэгдүгээр ангийнхан гэрт ойр сургуульд ахлах ангийнхнаас тусдаа үеийнхэнтэйгээ хамт хичээллэж байгаад баяртай байна. Анги танхим, сандал ширээ хүрэлцээтэй, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх талбайтай, суралцах орчин таатай байгаа учраас олон сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хүүхэд сургуульдаа явахад аюулгүй, хол сургууль руу зөөхгүй, эцэг, эхийн цаг хугацааг хэмнэж байна” гэлээ.

Ж.Мөнхцэцэг: Хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн

НЕБ-ын 22 дугаар сургуулийн бага ангийн багш Ж.Мөнхцэцэг “Хотхоны бага сургууль буюу “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн хүрээнд манай сургууль үндсэндээ гурван байранд хичээллэж байна. Энэ байранд нэгдүгээр ангийн 11 бүлэг, хоёрдугаар ангийн нэг бүлэг нийт 12 бүлэг хоёр ээлжээр хичээллэж байгаа. Гэртээ ойр учраас хүүхдийг сургуульд хүргэж өгч авахад эцэг, эхийн цагийг хэмнэж, холд замд хүүхдийг зөөж ядраахгүй, ойр амьдардаг хүүхдүүдтэйгээ нэг анги, нэг сургуульд хичээллэхээр найз нөхдийн хүрээгээ тэлэх зэрэг эерэг зүйлс их байна. Цэцэрлэгийн байрыг ашиглаж байгаа учраас хүүхдэд таатай, тохижилт сайтай, аюулгүй орчин бүрдсэн” гэсэн юм.

Д.Уламбаяр: Гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн 240 гаруй сурагч суралцаж байна

НЕБ-ын 73 дугаар сургуулийн Бага боловсролын сургалтын менежер Д.Уламбаяр “Манай сургуулийн хичээлийн Б байр буюу гэрт ойр сургуульд нэг, хоёрдугаар ангийн нийт найман бүлгийн 240 гаруй сурагч суралцаж байна. Энэ жил нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа. Тус хөтөлбөр нь хүүхдүүдийг сургууль, анги хамт олондоо дасан зохицох, тоглонгоо суралцах боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Мөн сурагчдын танин мэдэхүй, сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор шатрын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох