Цаг үе
АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал, хүүхдийн зусланг зориулалтын бусаар ашиглаж байгаа зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хүүхдийн эрхийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсэг “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлал, гэрээний хэрэгжилт, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хяналт шалгалтаар 2007 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор хувьчлагдсан зарим хүүхдийн зуслангийн хувьчлал нь хууль журмыг зөрчсөн, гэрээнд заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнэсэн баримт материал байхгүй, зориулалтын дагуу ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрсэн. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Соёл” хүүхдийн зуслан тухайн үед Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчлагдсан, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн, хүүхдийн зусланг зориулалтын дагуу ажиллуулаагүй, өнөөдрийн байдлаар хүүхдийн зуслангийн байшин, барилга байхгүй байв. Хяналт шалгалтын явцад Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “Соёл” зуслангийн 10 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар сумын Засаг даргад албан шаардлага хүргүүлээд байна.
Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Өлзийт” зуслан нь чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай, хашаа нь тоногдсон, хүүхдийн зуслангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байна.
“Хандгайт” хүүхдийн зуслан нь “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшилд байх бөгөөд хүүхдийн зуслангийн газрын хэмжээ анх 30,6 га байсан бол одоогийн байдлаар 19,7 га болж багассан байна. Тухайн хүүхдийн зуслангийн газраас мод үржүүлгийн болон гэр бүлийн хэрэгцээнд нэр бүхий иргэдэд эзэмшүүлж байгааг нарийвчлан шалгаж байна.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс хүүхдийн “Соёл”, ”Өлзийт” зуслангийн хувьчлалыг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэхээр холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хандаад байна. Улмаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар дээрх 2 хүүхдийн зуслангийн өмч хувьчлалын асуудлыг хүчингүй болгуулах арга хэмжээг авахуулахаар ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Цаг үе
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж байна.
Үүнд
- Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
- Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
- Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
- Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
- Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
- Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Цаг үе
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Цаг үе
Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцтай танилцлаа
“Дүүжин замын тээвэр” төслийн барилгын талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын төлөөлөл өнөөдөр /2026.05.28/ зочилж, бүтээн байгуулалтын ажлын явц, хэрэгжилттэй танилцлаа.

Төслийн G1 буюу Яармаг–Арцат чиглэлийн буудлын барилгын талбайд инженерүүд очиж, дүүжин замын тээврийн техник технологийн шийдэл, угсралтын үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр Монголын Барилгын Инженерүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Стратеги бодлого төлөвлөлтийн хорооны дарга Т.Түмэн-Өлзий “Нийслэл хотод хэрэгжиж буй дүүжин замын тээврийн томоохон төсөлтэй танилцаж байгаадаа баяртай байна.
Францын “POMA” компани нь дүүжин замын тээврийн салбарт олон улсын хэмжээнд өндөр туршлага, мэргэшлээрээ танигдсан байгууллага юм. Манай инженерүүд энэхүү төслийн хүрээнд олон улсын сайн туршлагаас суралцаж, мэдлэгээ тэлж байгаад талархаж байна. Цаашид манай холбоо Нэгдсэн төслийн удирдлагын газартай хамтран бусад томоохон төслүүдтэй инженер, техникийн ажилтнуудаа танилцуулах сургалт, семинаруудыг зохион байгуулахаар ярилцлаа” гэв.

“Дүүжин замын тээвэр” төсөл нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, орчин үеийн нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын нэг бөгөөд төслийн ажил үе шаттайгаар үргэлжилж байна.
Өнөөдрийн энэхүү уулзалтын хүрээнд талбайд “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” ТББ-ын нийт 25 инженер болон “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын мэргэжилтэн, албан хаагчдын төлөөлөл оролцсон уулзалт семинар зохион байгуулсан. Энэ үеэр НТУГ-ын Төсөл дэмжих менежментийн албаны дарга Б.Содбаатар нийслэл хотод хэрэгжиж буй 16 мега төслийн хэрэгжилт, явцын талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл ө
