Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд бараалхав.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түвшинд амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв.
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцолж, Монгол Улс Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудал нь БНХАУ-ын дотоод хэрэг хэмээн үзэж, “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж ирснээ дурдав.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл гэж ойлгогдож байгаа бөгөөд энэхүү уулзалт Ши Жиньпин даргын төрсөн өдрөөр тохиож буйг бэлгэшээж байгаагаа илэрхийлэв.
Мөн хоёр улсын хөгжлийн стратеги, зорилтуудыг уялдуулан хамтын хөгжлийг хурдасгах, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, тээвэр логистикийн хөгжлийг дэмжих, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлж Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрдэс баялаг, эрчим хүч, түүний дотор сэргээгдэх эрчим хүчний салбар, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийг хамарсан томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын талаар танилцуулж, энэ хүрээнд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хил гаалийн хорио цээрийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх, хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санал, санаачилга, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтлах бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ган үйлдвэрлэлийн цогцолбор, зэсийн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, хөнгөн цагаан үйлдвэрлэх зэрэг төслүүдийг урагшлуулах зорилт тавьж буйг мэдээлэв.

Монгол Улсын баруун аймгуудад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан вакцин нийлүүлэх, Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн хятадын талд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд бараалхаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны мэндчилгээг уламжлав. Тэрбээр Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон мөнхийн хөрш тул бие биедээ тусалж, гэгээн ирээдүйн төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
Гадаад хэргийн сайд Ван И хятадын тал Монгол Улстай харилцах бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хөгжлийн чиглэлийг зөв тодорхойлох нь хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагаанд урагшлах хүч нэмнэ хэмээн онцлов.

Гадаад хэргийн сайд Ван И Хятад улс мөнхийн хөрш Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчилдаг бөгөөд “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцан, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг бие биенээ харилцан нөхөх чадвар өндөр бөгөөд цаашид худалдааг өнөөгийнхөөс улам илүү нэмэгдүүлэхийн тулд Чөлөөт бүс байгуулан, шаардлага хангасан хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтойг дурдаж, худалдааг нэмэгдүүлэх чиглэлд илүү том зорилт дэвшүүлж хамтран ажиллахын төлөө байгааг Гадаад хэргийн сайд Ван И тэмдэглэв.
Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
Улстөр нийгэм
Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна
Улстөр нийгэм
COP17: Өндөр түвшний уулзалт, “Санхүүжилтийн өдөр” өнөөдөр болно
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Өндөр түвшний уулзалт болон “Санхүүжилтийн өдөр”-өөр үргэлжилнэ.
“Санхүүжилтийн өдөр”-ийн хөтөлбөр уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон газрын доройтлыг бууруулахад чиглэсэн тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрөх юм.
Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалт нээлтээ хийж, газрын доройтлыг бууруулах, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаар сайд нарын хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мөн Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулж, бизнес, банк, санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд болно.
Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээрийн тогтвортой ашиглалт, малчдын амьжиргааны уялдааг Resilient Threads хэлэлцүүлгээр авч үзэх бол Fashion4Land Forum-аар ноос, байгалийн ширхэгт материал, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох боломжийг хэлэлцэнэ.
Уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтын асуудлыг Mining Forum-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих олон улсын Rangelands Flagship Initiative санаачилгыг албан ёсоор эхлүүлнэ.
Өндөр түвшний хэлэлцүүлгүүдээр газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний харилцан хамаарлыг авч үзэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, “Ногоон хэрэм” төслийн 20 жилийн туршлага-ыг танилцуулна.
Мөн уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийн уялдааг харуулах Folklore4Land арга хэмжээ болно.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.
