Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монгол, Японы шууд нислэгийн чиглэлийг өргөжүүлэх асуудлаар Хирошима мужийн удирдлагуудтай санал солилцлоо

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсын Хирошима мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Такаши Накамото тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.07.30) хүлээн авч уулзан Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааг зам, тээврийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, Монгол, Японы Стратегийн тусгай түншлэлийн харилцаа жилээс жилд өргөжин бэхжиж, зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн тэрбээр Япон Улсын Засгийн газар, ард түмний буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжсэн нийтийн тээвэр, авто зам, гүүр, төмөр зам, нисэх буудлын томоохон төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирснийг онцолж, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын бодлого, аялал жуулчлалыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” санаачилгын талаар санал солилцлоо.  Энэ хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төслийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх гэж байгаа тухай танилцууллаа. 

Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал-Улаанбаатар хотыг холбосон MRT буюу хурдан галт тэрэгний төсөл, түүнийг хэрэгжүүлэх боломж, техник, эдийн засгийн судалгааны явц, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар судалгааны ажлыг эхлүүлээд байгаа тухай дурдлаа. 

“Монголд зочлох жил”-ийн ажлын хүрээнд Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудалд 2026 оны 7 дугаар сарын 18-нд  анхны олон улсын шууд нислэгийг үйлдлээ. Энэхүү нислэгээр Монголын говь нутгийг зорьсон Японы 80 гаруй жуулчин хүрэлцэн ирснийг танилцууллаа. 

Дараагийн нислэгийг Япон улсын Нагоя хотоос жуулчид авчирахаар төлөвлөж байгаа бөгөөд хамтран ажиллахаар албан бичгээ хүргүүлсэн гэдгийг онцоллоо. Мөн Монгол-Япон улсын шууд нислэгийн чиглэлээр Япон Улсын Хирошима мужийн удирдлагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Хирошима мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Такаши Накамото Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, хоёр орны зам, тээвэр, логистик, нисэхийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Японы Стратегийн тусгай түншлэлийн хүрээнд зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Огноо:

,

АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.

Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.

Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ

Огноо:

,

АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.

Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.

Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.

Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.

Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох