Улстөр нийгэм
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын 87.2 км-ийн үндсэн ажил дуусжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны наймдугаар сарын 13-ны өдөр стратегийн ач холбогдолтой Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын ажлын явцыг шалгаж, үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан. Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлийн далан, гүүр, хоолой, төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна. Туул гол дээгүүр 476 метр, Монголын хамгийн урт төмөр замын гүүр барьж байгаа аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 ААН, 4.000 гаруй монгол инженер, ажилчин оролцож байна. Ашиглалтад орсны дараа 1,000 орчим байнгын ажлын байр бий болно. Мөн барилгын ажилд шаардлагатай бараа материал, үйлчилгээг орон нутгийн болон үндэсний бусад нийлүүлэгчээс худалдан авч байгаа хэмээлээ.
Богд уулын урдуур явах дээрх төмөр замаар шатахуун, 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх, химийн аюултай ачаа болон станцуудын нүүрсийг тээвэрлэх юм. Эхний үед жилд 3.5 сая тонн, цаашдаа 20 сая тонн хүртэл ачааг Улаанбаатарын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэнэ. Өдөрт 316-1,800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах боломжтой бүрдэх юм. Ингэснээр гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 2 цаг авто замын хөдөлгөөн хаадаг хугацаа 90 хувь буурах аж. Мөн нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахад зохих хувь нэмэр оруулна.

Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, “Манай Засгийн газар мухар байсан төмөр замыг Эмээлт зөрлөгтэй холбож мухардлын асуудлыг шийдвэрлэсэн. Монголчууд өөрсдөө бүтээж босгож чаддаг болжээ. Зарим газраа доошоо 54 метр ухаж, зарим газраа уул толгодыг нүхэлж, 476 метр төмөр бетонон гүүрийн ажлыг та бид нүдээрээ харлаа. 2024 онд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, олон хүний аминд хүрэх шахсан харамсалтай осол гарч байсан. Энэхүү цагираг хэлбэрээр баригдаж буй төмөр замаар тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй, химийн аюултай ачааг хотоос гадуур тээвэрлэх юм. Засгийн газар шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж ажиллана. Бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх хүнд талархлаа илэрхийлье. Та бүхнээр бахархаж байна” гэлээ.
Цаашдын бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зорилгоор Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Монгол Улсын Хөгжлийн банктай санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Бүтээн байгуулалтын үр дүнд,
-Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болох давуу талтай.
-Хүн амын төвлөрлийг сааруулж, Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотуудыг барьж байгуулах үндэс суурь болно.
-Төсөл 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай, урт хугацаандаа 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана.

Ерөнхий сайд төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулах хүрээнд дараах үүрэг даалгаврыг албаныханд өглөө.
Үүнд:
-Төмөр замын зурвас газартай давхцаж буй иргэн, ААН-ийн эзэмшил газрыг чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;
-Төмөр замын зурвас газартай давхцаж байгаа цахилгаан дамжуулах, түгээх шугам, дэд станцыг хамгаалах, шилжүүлэх асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаад;
-Нүүлгэн шилжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд;
-Бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж 2026 оны 09 дүгээр сард багтаан туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун нарт;
-Төмөр замыг үр ашигтай ажиллуулах, Улаанбаатар хотоос логистик төвүүдийг гаргахтай холбогдуулан Хөшигийн хөндийд Тээвэр логистикийн төв байгуулах ажил эрчимжүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан Бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр нарт даалгав.




Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
Улстөр нийгэм
Улаанбаатар, Ндиоб хот уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын чиглэлээр хамтарна
Улстөр нийгэм
COP17: Өндөр түвшний уулзалт, “Санхүүжилтийн өдөр” өнөөдөр болно
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Өндөр түвшний уулзалт болон “Санхүүжилтийн өдөр”-өөр үргэлжилнэ.
“Санхүүжилтийн өдөр”-ийн хөтөлбөр уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, хөгжлийн сангууд болон газрын доройтлыг бууруулахад чиглэсэн тогтвортой санхүүжилтийн шийдлүүдэд төвлөрөх юм.
Өнөөдөр COP17-ын Өндөр түвшний уулзалт нээлтээ хийж, газрын доройтлыг бууруулах, гангийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэлэг санхүүжилтийн механизмын асуудлаар сайд нарын хэлэлцүүлэг зохион байгуулна.
Мөн Монголын бэлчээрийг нөхөн сэргээх хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг танилцуулж, бизнес, банк, санхүүгийн байгууллагуудыг газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтад татах Business4Land арга хэмжээнүүд болно.
Монголын ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, бэлчээрийн тогтвортой ашиглалт, малчдын амьжиргааны уялдааг Resilient Threads хэлэлцүүлгээр авч үзэх бол Fashion4Land Forum-аар ноос, байгалийн ширхэгт материал, тогтвортой үйлдвэрлэлийг газрын менежменттэй холбох боломжийг хэлэлцэнэ.
Уул уурхайн салбарын газрын нөхөн сэргээлт, хариуцлагатай ашиглалтын асуудлыг Mining Forum-аар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих олон улсын Rangelands Flagship Initiative санаачилгыг албан ёсоор эхлүүлнэ.
Өндөр түвшний хэлэлцүүлгүүдээр газрын доройтол, ган, аюулгүй байдал болон хүн амын шилжилт хөдөлгөөний харилцан хамаарлыг авч үзэхийн зэрэгцээ Монгол Улс, БНСУ-ын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагаа, “Ногоон хэрэм” төслийн 20 жилийн туршлага-ыг танилцуулна.
Мөн уламжлалт мэдлэг, малчдын өв соёл, газрын тогтвортой менежментийн уялдааг харуулах Folklore4Land арга хэмжээ болно.
Ийнхүү COP17-ын хоёр дахь долоо хоног санхүүжилт, хөрөнгө оруулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл болон өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгүүдэд төвлөрч эхэлж байна.
-
Цаг үе2020/12/10
Нийслэлийн засаг захиргааны 1, 2 дугаар байранд смарт хаалга байрлууллаа
-
Цаг үе2021/11/18
Нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амарж...
-
Цаг үе2020/01/24
Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ
-
Улстөр нийгэм2025/08/13
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1.3 сая сурагч суралцана
