Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын бодлого, шийдвэрээ танилцууллаа.

Багануур дүүргийн оршин суугчид нийгмийн хамгааллын асуудлыг, тухайлбал, дүүргийн хэмжээнд түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэх, дүүргийн хүүхдийн зуслангийн засвар шинэчлэл, нүүрсээр галлаж буй сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг хөндөж байлаа.

Мөн Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, дүүрэгт “Ногоон өртөө” байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар асууж хариулт авлаа. Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлэв.

Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийн тодотгол батлагдвал, 11 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсөө нэмнэ. Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, цаг уур, соёл, спортын зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдэнэ. Санхүүжилтийг нь төрийн өмчит компаниудын ногдол ашиг 1.6 их наяд төгрөгөөс зарцуулна. Мөн мах, гурилын үнээ тогтворжуулах хүрээнд стратегийн нөөцөө бүрдүүлнэ. 20,000 тонн мах, 100,000 тонн улаанбуудай, 12,000 мянган тонн  төмс, хүнсний ногоо нөөцөлнө. Энэ хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцүүлж байгааг онцлов.

Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгоно, Нүүрс-пиролизын үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дүүргийн хоёр сургуулийг “Ногоон сургууль” болгоно. Орон сууцжуулалтын бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. 16,000 айл ипотекийн  зээлд хамрагдана. Үүнээс төрд байгаа 4,000  орон сууцны урьдчилгаа төлбөр нь 15 хувь байна. Ирэх жил барилгын салбарт 500 сая ам.долларын санхүүжилт босгоно. Багануурт шинэ орон сууц барих сонирхолтой ААН-ийг дэмжинэ.

Том төслүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулна. Төсвөөс мөнгө гаргаж шийдэхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих үйл ажиллагааг Ерөнхий сайд хяналтдаа авсан. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад  авах гэж байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд шударга зарчимтай, нээлттэй ажиллана гэдгээ илэрхийлэв. Багануур дүүргийн иргэд улсын төсөв хэлэлцэж буй үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.




Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.

Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох