Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

Огноо:

,

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 158 га талбайг хамарсан “Сэлбэ хот” төслийн бүтээн байгуулалтын явц 38.6 хувьтай хэрэгжиж байна. Энэ нь одоогийн 3, 4 дүгээр хорооллыг Өнөр хороололтой нэгтгэсэнтэй дүйх хэмжээний бүтээн байгуулалт юм.

Өнөөдрийн байдлаар төслийн зарим барилгын өрлөг болон цонх, фасад, дотор засал, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Тухайлбал, ундны усны шугам сүлжээнд зэс хоолойг ашиглаж байна. Энэ нь оршин суугчдын хүнсний хэрэглээнд тохиромжтой бөгөөд зэс нь бактерийн үржлийг дарангуйлах шинж чанартай тул ус дамжуулах шугамд эрүүл ахуйн давуу талтай. Мөн механик бат бөх, ашиглалтын хугацаа урт байхаас гадна хуванцар хоолойтой харьцуулахад зэс нь шатдаггүй, өндөр температурт илүү тэсвэртэй. Төсөлд ашиглаж буй зэс хоолой нь MNS EN 1057 стандартыг хангасан бөгөөд энэ нь Европын EN 1057 стандарттай уялдсан байна. Өөрөөр хэлбэл, EN 1057 стандарт нь халуун болон хүйтэн усны түгээх сүлжээнд ашиглах оёдолгүй зэс хоолойд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлдог. Оёдолгүй зэс хоолой нь гагнаж нийлүүлсэн уртын оёдолгүй тул хоолойн бүтцийн жигд байдал сайн, даралт болон механик ачааллыг найдвартай даадаг. Мөн хоолойн уртын дагуу гагнаасгүй учир гагнаасны гэмтэл, салалттай холбоотой эрсдэл байхгүйгээс гадна зэврэлт, өндөр температурт тэсвэртэй, галд шатдаггүй зэрэг давуу талтайг “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Чанарын хэлтсийн менежер Д.Одгэрэл онцоллоо.

ДАМБАДАРЖАА ДУЛААНЫ СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 70 ХУВЬТАЙ

Сэлбэ дэд төвийг дулаанаар хангах 63 МВт Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Станцын эхний туршилт тохируулгыг энэ оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хийж дуусгахаар төлөвлөжээ. Энэхүү станц бүрэн ашиглалтад орсноор Дамбадаржаа болон Сэлбэ дэд төв орчмын 5000 өрхийг дулаанаар хангах юм. Мөн нийслэлийн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өвлийн оргил ачааллын үед үүсдэг дулааны хэрэглээний хязгаарлалтыг бууруулахад чухал ач холбогдолтой. 

Өнөөдрийн байдлаар гурван зуухны үндсэн барилга, тоног төхөөрөмж, металл хийц, нүүрсний агуулах, туузан дамжуулга, уутат шүүлтүүр, яндан болон бусад туслах байгууламжийн угсралтын ажил үргэлжилж байна. Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Хятадын Хоёрдугаар металлурги групп корпорац” ХХК-ийн 150 инженер, техникийн ажилтан ажиллаж байна гэдгийг Дамбадаржаа дулааны станц төслийн Дулаан хангамжийн инженер Г.Цэнд онцоллоо.

СЭЛБЭ ХОТОД 3 СУРГУУЛЬ, 5 ЦЭЦЭРЛЭГ БАРИНА

Сэлбэ хотод нийт 8600 орчим өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж баригдана. Мөн 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, амралт чөлөөт цаг өнгөрөөх хүрээлэн барихаар төлөвлөжээ. Төслийн нийт талбайн 37 хувь буюу 58 га-д ногоон байгууламж барих бөгөөд энэ нь нэг айл өрхөд ногдох ногоон байгууламжийн хүртээмж ихтэй төсөл болж байна. Үүний үр дүнд тухайн бүсийн агаарын бохирдол эхний ээлжид 1.4, хэтдээ 7.7 хувиар буурах судалгаа гарсан.

“СЭЛБЭ УХААЛАГ ХОТ” ТӨСЛИЙН ТАЛААР ИРГЭДИЙН ТҮГЭЭМЭЛ АСУУЛТАД ӨГӨХ ХАРИУЛТ

 Сэлбэ хот төслийг “Хорин минутын хот” гэж тодотгох ач холбогдол нь юу вэ?

-           Төсөл нь 158 га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд оршин суугч иргэд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ, спорт, соёл, нийгмийн үйлчилгээг 20 минутын хугацаанд Сэлбэ хотоосоо авах инженерийн төлөвлөлтийг бүрдүүлж байна.

Хэдэн га газар чөлөөлсөн бэ?

-           Төслийн нийт 2206 нэгж талбарыг чөлөөлж, 158 га талбайн 88 га талбайд хөрсний энгийн бохирдлыг ариутгасан. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар тухайн орчны 15,600 яндан устаж, 12,000 нүхэн жорлонг буулган ариутгал хийсэн байна.

Иргэд хэзээнээс байрандаа орох вэ?

-           Төслийн хүрээнд 45,000 гаруй иргэнийг орон сууцжуулна. Оршин суугчдыг 2027 оны 2 дугаар улирлаас эхлэн хүлээн авна. Харин худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг нь 2028 оны 4 дүгээр улирлаас эхлэн үе шаттайгаар ашиглалтад орно.

Төслийн эрчим хүчний хэрэглээг хэрхэн хангах вэ?

-           Орон сууцны дээвэр дээр нарны панел суурилуулж, орцны гэрэлтүүлэг, лифт зэрэг нийтийн зориулалттай цахилгаан хэрэглээг эрчим хүчний хэмнэлттэйгээр шийдвэрлэнэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Огноо:

,

АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.

Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.

Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ

Огноо:

,

АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.

Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.

Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.

Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.

Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох