Шударга мэдээ
Өнөөдрөөс эхлэн нийслэлийн хоёр дүүргийн 14 хороонд угаарын хий мэдрэгч тараана
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар цахимаар мэдээлэл хүргэлээ.

Мэдээллийн эхэнд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссын албан даалгавраар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтыг эрчимжүүлж ажиллаж байна. Үүний дагуу албан хаагчид сүүлийн гурван хоногт ой хээрийн гурван түймэр гарсныг шуурхай ажиллаж унтраасан. Мөн албан хаагчид коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд томоохон гудамж талбайд иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, ухуулан сурталчлах ажиллагааг зохион байгуулж байна. Маскаа зүү аяны хүрээнд нийслэлийн барилга байгууламж, орц гарцанд 40 мянган стикер байршуулах ажлыг зохион байгуулсан. Ирэх зургадугаар сарын 10 хүртэл нийслэлийн 59 амуудад 10:00-20:00 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийг хийж хяналт тавьж, ногоон бүст аялаж зугаалахгүй байх гал түймэр тавихгүй байхад анхаарна” гэв.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийт 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг нийлүүлэх ажил хийгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт 65 мянган угаарын хий хэмжигч төхөөрөмж Улаанбаатар хотод хилээр дамжиж ирсэн бөгөөд халдваргүйжүүлэлтийн ажил явагдсан. Энэ сарын 17-ны өдрөөс эхлэн нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 14 хороонд угаарын хий хэмжигч тараана. Гурав хоногийн дотор тарааж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. Угаар хэмжигч төхөөрөмжийг иргэдийг олноор цуглуулах буюу бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар тараана” хэмээлээ.
Саун, фитнессийн ажиллах түр журамд санал авч УОК-ийн хуралдаанд танилцуулна

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Даваа гараг бүрийн 13:00-14:00 цагийн хооронд “Хотын мэдээллийн цаг”-ийг олон нийтэд хүргэдэг болсон. Энэ мэдээллийн цагаар Хотын дарга нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа бодлого үйл ажиллагааны талаар олон нийтэд танилцуулдаг. Мөн иргэдийн цахимаар асуусан асуултад хариулдаг уламжлал тогтсон. Та бүхэн Хотын даргатай шууд холбогдож мэдээлэл авахыг хүсвэл мэдээллийн цагаар холбогдох боломжтой” гэв.
Мөн хэвлэлийн хурлын үеэр иргэдээс цахимаар асуусан асуултад хариулт өглөө. “Өчигдөр нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдсан. Хуралдаанаар Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу саун, фитнесс, амралтын газрын үйл ажиллагааг ямар журмаар зохицуулах талаар хэлэлцлээ. Хуралдаанаас хоёр, гурван чиглэл гарсан. Юуны өмнө амралтын газруудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, амрагчдыг маскаа зүүн гараа тогтмол ариутгадаг байх, өрөөний орны тоогоор иргэдийг хүлээж авах гэх зэргийг хэрэгжүүлдэг байхаар шийдэл нь гарч байгаа. Саун, фитнессийн хувьд түр журам гаргаж байж асуудалд хандахгүй бол болохгүй гэсэн байр суурьтай байна. Түр журам дээр санал аваад мэргэжлийн байгууллагууд саналыг нь нэгтгэж, Улсын онцгой комиссийн хуралдаанд танилцуулсаны дараа тодорхой шийдэл гарна гэж ойлгож болно” гэж Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ.
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
