Улстөр нийгэм
Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө.
Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч өгсөн. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн шат дараатай хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 12,750 аж ахуйн нэгжид ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн модон жорлон, бохирын цооногын халдваргүйжүүлэлт үргэлжилж байна. Халдварт өвчнийг тархаахгүй байх, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын зэрэгцээ эдийн засгийг сэргээх асуудлыг Засгийн газар болон нийслэлийн хэмжээнд ярьж байгаа гэдгийг хотын Захирагч мэдээллийнхээ үеэр хэллээ.
Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хянах цахим системд мэдээллийн баазыг бүрдүүлж байна
Дэлхийн олон улсад тархаад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хот анх удаа нийслэл хот руу орох, гарах хөдөлгөөнийг хянадаг цахим системд мэдээллийн бааз суурийг бүрдүүлэн ажиллаж байна. Нийслэлийн товчоодод энэ ажлыг явуулж байгаа бөгөөд 120 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм. Хэрэв халдвар тархсан тохиолдолд орж, гарсан иргэдийн мэдээлэл, байршил, хөдөлгөөнийг цаг алдалгүй тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах боломж бүрдэнэ. НЗДТГ-аас Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд шалган нэвтрүүлэх 9 товчоодод асуумжын аргаар тандалт судалгааг эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар шалган нэвтрүүлэх товчоодоор 50204 иргэн, 15812 тээврийн хэрэгсэл хөдөлгөөн хийгдсэн хэмээн бүртгэгджээ.
Хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ойн хээрийн түймэр буурчээ
Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын газрууд хамтран нийслэлийн ногоон бүс орчимд хөдөлгөөнд эргүүл хийж гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 10 хүртэл ажиллах юм. Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхийг хориглож, өнжмөл өвс шатаахгүй байж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласнаар өнжмөл өвсний болон ой хээрийн түймэр өнгөрсөн жилийн мөн энэ үетэй харьцуулахад 54,9 хувиар буурсан байна.
Нам даралтын зуухны тоог бууруулна
Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлагууд шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 01-нээс эхлэн нам даралтын зууханд түүхий нүүрс түлэхийг хориглох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 5000 гаруй нам даралтын зуух байдаг бөгөөд ирэх аравдугаар сараас өмнө цахилгаан дулаанд холбогдож, хийнд шилжих чиглэлийг хотын Захирагч өгчээ. Тус үүргийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хангаж байна. Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хотын Захирагч захирамж гаргаж урт болон богино хугацаанд хийгдэх ажлуудыг төлөвлөжээ.хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Улаанбаатар хотод хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний савханцар өвчнөөс жилд 6000 гаруй иргэн өвчилж 400 гаруй хүүхэд энддэг судалгаа байна. Тиймээс агаар хөрсний бохирдлыг бууруулах эрчимжүүлсэн ажлууд хийгдэнэ. Нэн түрүүнд иргэдийг орон сууцжуулах төсөлд хамруулах, дэд төвүүдийг байгуулж, эрчим хүчний сервис цэнтрийг байгуулах ажлыг үргэлжлүүлнэ” гэсэн юм. Түүнчлэн хөрсний бохирдлыг бууруулахын тулд био бактерыг туршиж эхэлсэн талаараа мөн дуулгалаа.
Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, ажлын хэсэг байгуулсан байна. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг холбогдох албаныханд өгчээ. Харин зөвшөөрөлгүй, зориулалтын дагуу ашигладаггүй хашаануудыг албадан буулгах, ачих, үүнтэй холбоотой гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулж, нийтийн эзэмшлийн зориулалтаар тохижуулах ёстойг хотын Захирагч хэлж байлаа. Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжүүлж дуусахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналт, Хот байгуулалт хөгжлийн газар болон Хотын стандарт орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газарт хотын Захирагч болгожээ.Хотын соёлд нийцсэн өнгө үзэмжтэй, стандартын дагуу нэгдсэн нэг хашаа хороотой байх шаардлагыг иргэн аж ахуйн нэгжүүдэд хүргэж байгаа бөгөөд энэхүү ажлыг дэмжиж хамтран ажиллахыг мөн уриаллаа.
Хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд дунд болон доод шатны зарим албан тушаалтнууд хүнд суртал, авилгал хээль хахуулиас гадна хариуцлагагүй байдал гаргаж байгаа учраас ажлаас нь халсан талаар хэллээ. Тэрбээр төрийн ажлыг цалгардуулалгүй, иргэдийн эрх ашгийн төлөө өндөр хариуцлагатай ажиллахыг цохон тэмдэглээд иргэдэд төрийн ямар нэгэн үйлчилгээг авахад чирэгдэлгүй хурдан шуурхай өгч ажиллахыг хүслээ.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
