Шударга мэдээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүллээ
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 19 дэх жилдээ улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлсан шилдэг татвар төлөгч, баялаг бүтээгч ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулж, алдаршууллаа.
“ТОП-100” аж, ахуйн нэгжийг тодруулж, өргөмжлөх үйл ажиллагаа энэ жил “Covid-19” халдварын тархалтаас үүссэн нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр өнөөдөр зохион байгуулагдлаа.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа манлайлж, 2019 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ.
Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн 2019 он амжилт, бүтээлээр дүүрэн байсан. Эрдэнэтийн уурхайчид 2019 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тн-д хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнтэй уялдаж санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийн төлөвлөгөө амжилттай сайн биелсэн. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн байлаа.
2019 онд 961.7 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого бүрдүүлсэн, үндэсний баялаг бүтээсэн амжилт болж байна. Энэ нь 2016 оноос 5.2 дахин өндөр үзүүлэлт бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан 2017 онд 96 сая, 2018 онд 108 сая, 2019 онд 146 сая төгрөгийн үндэсний баялаг бүтээж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан гэсэн үг юм.
Сүүлийн 3 жилд буюу 2017-2019 онд ажилтан, ажилчдынхаа цалин хөлсийг 45 хувь нэмсэн. Үүнээс төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажилласан 2019 онд 20 хувиар нэмэгдүүлсэн.Эрдэнэт үйлдвэр нь анх байгуулагдсан цагаасаа өөрийн ажилтан, ажилчид, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийн нийгмийн асуудлыг онцгой анхааран, уурхайчдын Эрдэнэт хотыг бүтээн босгосон. Энэ ч үүднээс нийгмийн хариуцлагатай байгууллагын жишгийг Монгол улсад тогтоон, бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад үлгэр дуурайл болохуйц үйл ажиллагааг явуулж байна.
Фото: Б.Баттөгс
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
