Цаг үе
Өөрийгөө гутранги үзэлтэй болтол нь гаргуунд нь бүү гарга
Өөдрөг үзэлтэй амьдаръя гэж шийдсэнээс хойш нэг ч өдөр өнгөрөлгүй ядарч туйлдан энэ бодлоо хаяхад хүрдэг нь элбэг байдаг. Гэтэл өөдрөг үзэл гэдэг бол одоогийнхоосоо илүү сайхан ирээдүйн төлөө хэрэгтэйгээс гадна өнөөдөр хөгжилтэй, аз жаргалтай амьдрахын тулд заавал ч үгүй байх ёстой учир залхалаа гээд хаяж болохооргүй зүйл юм. Тийм учраас өөдрөг үзлийг хэвээр хадгалахын тулд хичээл зүтгэл хэрэгтэй.
Амжилтад хүрсэн хүмүүсийн өөрийнхөө тухай бичсэн дурдатгал болон амжилтын алтан дүрэмийн талаар бичсэн номыг уншихад эерэг энерги халгиж цалгисан, “чадна гэж бодвол үнэхээр биелэдэг” гэсэн зарчимыг баримталсан, бусдад итгэл өгсөн, бусдын урам зоригийг бадраасан утга агуулгатай байдаг.
Сэтгэл санаагаа захирахын нэгдүгээр үе шат нь ийм төрлийн номнуудыг уншиж уужим сэтгэлтэй болох явдал юм. Хамгийн хялбар үр дүнтэй арга бол өөдрөг үзэл бодлоор дүүрэн номнуудыг байнга уншиж байх ядвал юм. Дараа нь номон дээр гарч байгаа сэтгэлээ барьж тогтоох, захирах аргуудыг бодитоор туршиж үзэх хэрэгтэй. Өдөр бүр толинд харж “чи мундаг хүн” гэж зуугаас олон удаа давтан хэлсэн ч болно, өөртөө үлгэр жишээ болохуйц хүний зургийг хаа нэг газраа хадаад өдөр бүр харж байсан ч болно. Хувь хүнийхээ зүгээс чамд зөвлөх зүйл бол “өөдрөг өдрийн тэмдэглэл” байна. Хүмүүс ихэнхдээ өдрийн тэмдэглэл бухимдсан уур хүрсэн зүйлүүдээ бусдад сэтгэлээ онгойтол ярьж байгаа мэт бичиж гаргадаг.
Тэгэж бичсэн өдрийн тэмдэглэл өчүүхэн, уншихаас ч ичмээр санагдаж дараа нь дахин унших дургүй хүрэх тохиолдол их байдаг. Хурдан мартвал таарах сэтгэлийн шархуудаа заавал тэмдэглэлдээ хүртэл үлдээж байдгийн учир юунд байна вэ. “Өөдрөг өдрийн тэмдэглэл” гэдэг өдөрт болсон явдлуудын дундаас зөвхөн сайн сайхан зүйлсийг нь бичиж, мөн өөрийн найдаж хүлээж байгаа ирээдүйн сайн сайхан зүйлүүдийг бичсэн өдрийн тэмдэглэл юм.
Хэдий гутранги үзлийн сүүдэр чам дээр хүчтэй туссан гунигтай өдөр байлаа ч “өөдрөг өдрийн тэмдэглэл” бичээд босч ирэхэд байдал арай л дээрдсэн байдаг. Тиймэрхүү дараагийн өдөр дахин өөдрөгөөр амьдрах эрч хүчийг тэндээс олж авах болно. Юу юунаас илүү чухал зүйл нь энэ өдрийн тэмдэглэлд бичсэн “найдаж байгаа зүйлүүд” цаг хугацаа өнгөрсний дараа бодитоор биеллээ олох өдрүүд олон байх болно.
Аль хэдийн бичгээр баталгаажуулж үлдээсэн хүсэл нь сэтгэл дотроо бүүр түүр тээж яваа хүслээс түрүүлж химийн бодис урвалд орох шиг бодит байдалтай тулгарч биеллээ олдог. Тэр урвалын өдөөг ч нь тийм байх болно гэсэн итгэл билээ. Хэдэн өдрийн өмнө нэртэй од болохоо хүлээн зөвшөөрүүлж чадсан жүжигчин охины ярилцлагыг уншиж үзлээ. Тэр охин ярилцлагын төгсгөлд ингэж хэлжээ.
“Мөрөөдөл заавал биелдэг. Гэхдээ тэр мөрөөдлийнхөө талаар хааяа л бодоод байлгүй өдөр алгасалгүй бодож чадвал.” Бусдын нүдэнд өөдрөг харагдах гэж хичээдэг ч бай, өөдрөг өдрийн тэмдэглэл бичдэг ч бай, тэр бүсгүй өөдрөг үзлээ ямар нэгэн аргаар байнга хурцалж, цэнэглэж амьдарч ирсэн нь гарцаагүй байлаа.
Өөрийгөө гутранги үзэлтэй болтол нь гаргуунд нь бүү гарга.
Өөдрөг үзэл бодлоо хадгалж байхын тулд өөдрөг бус үзэлтэй хүмүүстэй дотно, гүнзгий найзалж болохгүй. Гутранги үзэл нь өөдрөг үзлээсээ хамаагүй хүчтэй нөлөөтэй учраас хайран цэнэглэж авсан энергиэ юу ч үгүй алдчихаж ч мэднэ.
Үргэлж аливааг “болно, бүтнэ” гэж бодон түүнийхээ төлөө тэмцэж байгаа зүйлд нь ч хүч урам зориг өгч та өөрөө ч тэдний хувьд “уулзахад таатай хүн” бол. Өөдрөг үзэлтэй хүмүүс бие биедээ урам зориг, сэтгэлийн тэнхээ өгч бие биендээ байнга ялалт авчирдаг.
Эрүүл мэнд муу, бие таагүй байвал өөрөө хэчнээн хичээж зүтгээд ч уур цухал хүрч, залхахад хүрдэг нь мэдээжийн хэрэг билээ. Өвчтэй мөртлөө арай хийн шүд зуун байж ажлаа хийхээс өөр аргагүйд хүрэхгүйн тулд жирийн үед эрүүл мэнддээ анхаарал тавьж аль болох биеэ эрүүл байлгах хэрэгтэй.
Тэглээ ч гэсэн өвдөөд байвал ажлаа бүгдийг нь хойш тавиад дээш харан хэвтэж ханатлаа өвдөх нь дээр. Аргагүйн эрхэнд хоногийн хоолоо олохын тулд энэ ажлыг хийж байна даа гэсэн бодлоор ажил хийснээс бүр хийхгүй байсан нь хамаагүй дээр шүү дээ.
Дургүйд хүчгүй гэдэг үг байдаг биз дээ.
Ингээд ч болов гүрийгээд ажиллая, ингэж ажиллах нь миний үүрэг гэж бодон эцсээ хүртэл тэсэж тэвчсээр байвал насан туршдаа “идэж амьдрах” гэдэг цорын ганц зорилгоор ажилладаг болчхож ч магадгүй шүү.
Ухаалаг эмэгтэйчүүд өөртөө өндөр шаардлага тавьж хатуурхдаг хэдий ч өөрийгөө гаргуунд нь гаргаж орхидоггүй юм.
Яагаад гэвэл хөгжин баясаж чадахгүй бол амьдрал утга учиргүй гэдгийг тэд сайн мэддэг юм.
Цаг үе
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
Цаг үе
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
Цаг үе
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.
Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:
- Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
- Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
- Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
- Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
- Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.
-
Улстөр нийгэм2021/11/23
Төрийн банк Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллана
-
Цаг үе2019/12/23
Сүхбаатар дүүргийн шуурхай штабын нөхцөл байдалтай танилцлаа
-
Цаг үе2025/08/05
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
-
Улстөр нийгэм2021/02/24
Монгол, Чехийн парламентын гишүүд цахим уулзалт хийв
