Улстөр нийгэм
Өнөөдрөөс эхлэн 3 хоног архи, согтууруулах ундаа худалдаалахгүй
Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар энэ сарын 22-ны өдөр цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв.
“Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/840 дугаартай захирамжийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга гаргалаа. Захирамжид УИХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Мөн энэ сарын 24-ны өдөр буюу сонгуулийн санал авах өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхыг холбогдох албаныханд даалгажээ. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийг тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 24-ний өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдсэн байна” гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал мэдээллээ.
Энэ сарын 26-ний өдрөөс эхлэн 22 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг шөнийн 00.00 цаг болгон сунгаж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн хэлэхдээ “Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хяналт тавьж ажиллана. Цагдаагийн байгууллагад согтуугаар үйлдэгдэж байгаа дуудлага энэ сарын 15-ны өдрийн байдлаар 70 мянга орчим ирж байна. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нийслэлийн Засаг дарга өмнө нь архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон захирамж гаргасан.Тухайн үед 70 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж холбогдох арга хэмжээг авч ажилласан. Тиймээс энэ удаагийн захирамжийн хүрээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд болон иргэд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж, хууль тогтоомж зөрчихгүй байхыг хүсэж байна” гэв.
Дээрх захирамжийн хүрээнд хяналт тавьж ажиллахаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаал гарч, хороо дүүрэг бүрт улсын байцаагч нар хяналт тавих аж. Хэрэв зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч тусгай зөвшөөрлийг цуцална хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдэгдлээ. Энэ сарын 26-ний өдрөөс цагийн хуваарь нь сунгагдсан аж ахуйн нэгжүүдэд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа эсэхэд мөн хяналт тавьж ажиллах аж.
Улстөр нийгэм
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдэд дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Хөдөө, орон нутагт ШТС-ууд зориулалтын саванд шатахуун олгохгүй байна гэдэг асуудлыг иргэдийн зүгээс тавьсан.
Тэгвэл шуурхай штабын зүгээс зөвхөн Улаанбаатар хотод АИ92 шатахууныг саванд олгохгүй байх зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж, 8-р сарын 15-нд хязгаарлалтыг зогсоосон байдаг.
Иймээс хөдөө орон нутагт автобензин болон дизель түлшийг зориулалтын саванд хэвийн олгохыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням аж ахуйн нэгжүүдэд сануулж, бүх ШТС-уудад мэдээлэл хүргэж ажиллахыг сануулав.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Гэсэн ч хөдөө орон нутагт шатахууны хүлээгдэл бүрэн арилаагүй байна. Тэр дундаа Өмнөговь, Архангай, Дорнод, Дорноговь, Төв аймагт шатахууны хүлээгдэл өндөр байгаа учраас тус таван аймагт нэн даруй хангамжийг нэмэгдүүлэх үүргийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.
Мөн шуурхай штабын өнөөдрийн хурлаар уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дизель түлшний гурван сарын нөөц бүрдүүлэхийг анхааруулав.
Өнөөдрийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 7,6 хоног, “Багануур” ХК 12 хоног, “Монголросцветмент” ТӨҮГ 55 хоног, “Шивээ-Овоо” ХК 22 хоног, “Эрдэнэт” ТӨҮГ 16 хоног, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК 15 хоног, Хөтөлийн “Цемент Шохой” ХХК 20 хоногийн тус тус нөөцтэй байна.
Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК гурван сарын хэрэглээг хангах хатуу гэрээ байгуулах болоод 20000 метр кубын багтаамжтай агуулах барих бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Ойрын хугацаанд агуулах, сав түрээслэх, нэмэлт нөөц бүрдүүлж, эргэн мэдээлэх үүрэг өглөө гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Улстөр нийгэм
Ерөнхий хяналтын сонсгол болно
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:
- Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг доор дурдсан цахим шуудангаар ирүүлж болно.
- Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах: Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.
Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.
Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
Ажлын алба
-
Улстөр нийгэм2022/08/16
Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудад хугаца...
-
Цаг үе2024/08/28
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
-
Улстөр нийгэм2020/01/21
Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан болов
-
Цаг үе2026/05/04
Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Монгол бөхөн”
