Улстөр нийгэм
Монгол Улсын Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөв
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол болов.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. Уг зохицуулалтаар “Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно.

Засгийн газрын гишүүн “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэсэн нэмэлт оруулсан юм.

Мөн шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх дэгийг тусгайлан зохицуулсан.
Уг хуулийн 31.1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүн томилогдсоноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөнө”, 31.2 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүний тангаргийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар тогтооно”, 31.3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал батална” гэж тус тус заажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаар тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам”-ыг баталсан билээ.
Уг журамд Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх өдөр, цагийг Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга тогтоох, тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэл ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн ёслолын алба хариуцан хангаж, зохион байгуулахаар заасан.
Энэ үндсэн шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол 15 цаг 05 минутад чуулганы нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд эхлэв.
Тангараг өргөх ёслолын ажиллагааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг уншиж сонсголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжид, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Я.Содбаатар, Засгийн газрын гишүүн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр, Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдаар Н.Энхтайван, Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар А.Ариунзаяа, Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л.Цэдэвсүрэн, Засгийн газрын гишүүн-Зам тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар, Засгийн газрын гишүүн-Соёлын сайдаар С.Чулуун, Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан, Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх, Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан нарыг тус тус томилсон тухай дурджээ.

Ингээд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншин Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, тусгайлан бэлдсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, Улсын Их Хурлын даргад тангаргийн бичгээ гардуулав.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулав. Дараа нь хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.
Тангараг өргөх ёслолын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд баяр хүргэж үг хэллээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, гүйцэтгэх засаглалын дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар томилогдсон Та бүхэнд Улсын Их Хурлын гишүүд, нийт монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
Төрийн сүлдний өмнө, төрийн эрх барих дээд байгууллагадаа Та бүхэн тангараг өргөлөө. Үүгээрээ Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу төрд тангараг өргөж байгаа анхны сайд нар болж буйгаараа онцлогтой юм гээд нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, өргөсөн тангарагтаа үнэнч байж, Ерөнхий сайддаа түшиг тулгуур болж, ажил үүрэгтээ эзэн болж хариуцлагатай, эрчтэй ажиллахыг шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд захилаа. Үүгээр Засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол өндөрлөв.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы энэ сарын 07-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталсан.
Хууль тогтоолын төслүүд батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллах эрх зүйн зохицуулалт бүрдсэн. Мөн уг хуулийн төслүүдтэй шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газар тохируулагч 12, хэрэгжүүлэгч 23, нийт 35 агентлагтай ажиллахаар болсон юм.
Энэ үндсэн дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын гишүүдэд нэр дэвшигчдээ намынхаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан улмаар Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд хүн нэг бүрээр танилцуулж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамж гарган, улмаар Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөснөөр шинэ Засгийн газар бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэллээ.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Н.Учрал: “Smart Selbe City” зорилтот бүлэгтээ хүрэх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна.
Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд,
-113 блок, 8,575 айлын орон сууц
-5,780 суудалтай 5 сургууль
-1,520 суудалтай 8 цэцэрлэг
-4 өрхийн эмнэлэг, соёлын цогцолбор, спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.

Бүтээн байгуулалтад 7 ерөнхий гүйцэтгэгч ажиллаж, зарим хэсэгт 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонхоо суурилуулж эхэлжээ. Барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 орчим машин механизм ажилладаг бөгөөд бараа, материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд юм. Газар чөлөөлөлт 96 хувьтай байна.
Бүтээн байгуулалтын явц 36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд орон сууцны хэсэг, 2029 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, олон нийтийн бүсэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог бодлогоор дэмжинэ гэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн ажлыг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох яам, тамгын газар, Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд:
-Мкв-ийн үнийг бууруулах. 5.000.000 төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах
-Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах, борлуулалтын үе шатанд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулахыг тэргүүлэх чиглэл болгох
-Засгийн газраас Сэндбоксийн журмыг баталж өгнө. “Смарт Сэлбэ сити” бүх үйл ажиллагаандаа ухаалаг шийдлийг дүрэм журмын хүрээнд саадгүй нэвтрүүлэх
-Эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжих зэрэг асуудлууд багтжээ.

“Смарт Сэлбэ сити” төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарчээ. Бүтээн байгуулалтын дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана. Мөн 16 мянган ажлын байр бий болно. 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээ жилд 7,500 тн-оор багасна. 12,000 нүхэн жорлон устаж, хөрс, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, автомашины хөдөлгөөний ачааллыг багасгахаар тооцоолжээ.
2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж батлуулсан бөгөөд хот нь мэдээллийн технологид суурилсан, ухаалаг, ил тод байдлыг дэмжиж, иргэдийн оролцоог хангасан орчин үеийн байдлаар хөгжих боломжийг нээжээ. “Сэлбэ смарт сити” төсөл нь дээрх боломжийг шууд тусгасан буюу хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломж бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалт юм.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
