Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгоно

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.08.05-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүүхдийн мөнгийг 2020 он дуустал сар бүр олгохоор төлөвлөв

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тодотголын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр  буурчээ. Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан байна. Иймээс Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсруулжээ. Ингэхдээ:

-  Иргэд, аж ахуйн нэгжийг үргэлжлүүлэн дэмжих

-  КОВИД-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай цогц арга хэмжээг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх /109 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдүүлэх/

-  Экспортыг нэмэгдүүлэх бүх боломжийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх /1.2 их наяд төгрөгийн нэмэлт орлого төвлөрүүлэх/

-  Төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох зорилгоор цахим шилжилтийг хурдасгах

-  Гэрээ байгуулаагүй, үр ашиггүй төслийг хасах

-  Дараа он руу шилжих болон гүйцэтгэл удаашралтай төслүүдийн санхүүжилтийг бууруулах зарчим баримталжээ.

Дараах гол арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголын төсөлд тусгасан байна.

Хүүхдийн мөнгө: Хүүхдүүдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болов. 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.

Тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна.

Нийгмийн даатгалын шимтгэл тэглэх: Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлнэ. Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувь байхаар тооцсон бөгөөд 144 тэрбум гаруй төгрөгийг чөлөөлнө.

ААНОАТ: Жилийн1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ. 

Түрээсийн татвар: 2020 оны 02 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдаад байна.

Бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Гадны зээл, тусламжийг зориулалтын бусаар ашиглах боломжгүй

“Гадаадын улс орнуудын өгсөн зээл, авсан тусламжийг зориулалтын бус зүйлд зарцуулах ямар ч боломжгүй. Гадаадын зээл, тусламжийг төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилт гэсэн хоёр хэлбэрээр зарцуулдаг” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэв. Монгол Улс төсвийн дэмжлэг хэлбэрээр 300 гаруй сая ам.долларын санхүүжилт авсан байна.  Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангаас тус бүр 100 орчим сая ам.доллар орж иржээ. Төсвийн санхүүжилт хэлбэрээр авсан хөрөнгийг тухайлбал Налайхын автозам, Төв цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байна. “Тухайн улс орон, банк, санхүүгийн байгууллага өөрсдийн өгсөн зээл, тусламжийн зарцуулалтад хатуу хяналт тавьж ажилладаг” гэж сайд Ч.Хүрэлбаатар хэлэв.

“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулав.

Үүнтэй холбогдуулан:

-  БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах

-  Олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг БНХАУ-ын хилийн боомт байрладаг аймгийн дарга нарт хүргүүлэх

-  Хилийн боомтод нуклейн хүчлийн түргэвчилсэн оношилгоо хийх, эсвэл хилийн цаана хийх нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай харилцан тохиролцох

-  Газрын тосны экспортын тээвэрлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндсэн зургаан бүлэгтэй байна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэл, сайд нар, УИХ-д суудалтай нам, эвсэл, бие даагч, нутгийн захиргааны байгууллага, олон нийтийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын саналыг авч эцэслэн боловсруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав. Үйл ажиллагааны хөтөлбөр КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Хүний хөгжил, Эдийн засгийн, Засаглалын, Ногоон хөгжлийн, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн гэсэн үндсэн зургаан бүлэг, дэд зорилтуудаас бүрдэх юм.

Цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийнэ

Нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Цаашид:

-  Автозамын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг жил бүр улсын төсөвт үе шаттай тусгах

-  22 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан болон байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр шинэчлэлт хийх

-  Парк шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах

-  Нийтийн тээврийн зориулалтаар импортоор оруулж ирэх стандартын шаардлага хангасан том оврын автобус, троллейбусыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж танилцуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгав.

Автозам: 2020-2025 онд нийслэл хотод 240 км, 2025-2030 онд 244 км автозам тавихаар мастер төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Долоодугаар сард орсон усархаг борооны улмаас төвийн зургаан дүүргийн 34 газарт 69 км зам их хэмжээгээр эвдэрчээ. Засварт 70 тэрбум, борооны ус зайлуулах шугам шинээр барихад 173 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.

Нийтийн тээвэр: 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын тов оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилдэг. 12 жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд энэ онд 133 автобус, 2021 онд 531,  2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.

Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.

Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:

  • БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
  • "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
  • Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
  • Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
  • Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
  • Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
  • Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Н.Учрал: “Smart Selbe City” зорилтот бүлэгтээ хүрэх ёстой

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай 2026 оны долоодугаар сарын 28-ны өдөр танилцав. Тус төсөл нь Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэсвгэрт нийт 158 га газарт хэрэгжиж байна.

Орчин үеийн ухаалаг хот буюу “Смарт сити” зарчмаар төлөвлөсөн үндэсний хэмжээнд загвар болох уг төслийн талбайд, 

-113 блок, 8,575 айлын орон сууц

-5,780 суудалтай 5 сургууль

-1,520 суудалтай 8 цэцэрлэг

-4 өрхийн эмнэлэг, соёлын цогцолбор, спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулна.

Бүтээн байгуулалтад 7 ерөнхий гүйцэтгэгч ажиллаж, зарим хэсэгт 9 болон 12 давхрын угсралт дуусаж, цонхоо суурилуулж эхэлжээ. Барилгын талбайд өдөрт дунджаар 1700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 орчим машин механизм ажилладаг бөгөөд бараа, материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд юм. Газар чөлөөлөлт 96 хувьтай байна.

Бүтээн байгуулалтын явц  36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2027 онд орон сууцны хэсэг, 2029 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, олон нийтийн бүсэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог бодлогоор дэмжинэ гэлээ.

Ерөнхий сайд Н.Учрал “Смарт Сэлбэ сити” төслийн ажлыг эрчимжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох яам, тамгын газар, Нийслэлийн Засаг дарга болон “Сэлбэ хорин минутын хот корпораци” ХХК-д дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

-Мкв-ийн үнийг бууруулах. 5.000.000 төгрөгөөр зорилтот бүлэгт хүрэхгүй учраас нийслэл үнэ бууруулах шийдлээ лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах

-Борлуулалтын олон төрөлт схем, загвар боловсруулах. Ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглах, борлуулалтын үе шатанд төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулахыг тэргүүлэх чиглэл болгох

-Засгийн газраас Сэндбоксийн журмыг баталж өгнө. “Смарт Сэлбэ сити” бүх үйл ажиллагаандаа ухаалаг шийдлийг дүрэм журмын хүрээнд саадгүй нэвтрүүлэх

-Эдийн засгийн тусгай бүс болгож, хувийн хэвшлээ дэмжих зэрэг асуудлууд багтжээ.

“Смарт Сэлбэ сити” төсөл бүрэн хэрэгжсэнээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарчээ.  Бүтээн байгуулалтын дүнд 45 мянган иргэн орон сууцанд орж, орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана. Мөн 16 мянган ажлын байр бий болно. 15,600 янданг буулгаж, нүүрсний хэрэглээ жилд 7,500 тн-оор багасна. 12,000 нүхэн жорлон устаж, хөрс, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, автомашины хөдөлгөөний ачааллыг багасгахаар тооцоолжээ.

2024 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсгийг Ерөнхий сайд Н.Учрал ахалж батлуулсан бөгөөд хот нь мэдээллийн технологид суурилсан, ухаалаг, ил тод байдлыг дэмжиж, иргэдийн оролцоог хангасан орчин үеийн байдлаар хөгжих боломжийг нээжээ. “Сэлбэ смарт сити” төсөл нь дээрх боломжийг шууд тусгасан буюу хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломж бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалт юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох