Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Саалийн үнээгээ олон болгох боломж

Огноо:

,

-Төрийн банкны тогтоосон сайн жишиг буюу зөв багийг зөв газарт нь...-
 
Г.ХЭРЛЭН

Саяхныг хүртэл Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэр гэсэн саалийн ганцхан үнээтэй байлаа. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн өсөлт, уналтаас хамаарч монголчууд бүсээ чангалах, үгүй нь шийдэгддэг байв. Зарим жил бүсээ тасартал “таргалж”, заримдаа “гол”-оо тасартал бүсээ чангалдаг байсныг бид мэднэ. Тэгвэл дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт, Тавантолгойн бүлэг ордын эдийн засгийн эргэлт Монгол Улсыг дан ганц “Эрдэнэт” үйлдвэрээс хараат бус болгосон. Оюутолгойн ордыг ашиглаж эхэлсэн нь ч бас Монгол Улсын эдийн засгийг томроход том түлхэц болсон нь гарцаагүй.

Гэхдээ энэ бүхэн бидэнд хангалттай байна гэж үү? Дэлхий нийтээр цар тахалд нэрвэгдээд буй энэ цагт Монгол Улсын хөгжлийн загвар дан ганц уул уурхай дээр явах нь өрөөсгөл гэдэг нь ойлгомжтой болж байна. Тэр тусмаа төрийн өмчит, төрийн оролцоотой бүхэн санхүүгийн хувьд чадавхигүй байгаа үед эдийн засгийг зөв удирдах сайн менежерүүд үгүйлэгдэх боллоо. Өөрөөр хэлбэл, төр муу менежер гэх тогтсон хэлцийг өөрчилж, төр дэх зөв менежментийн талаар бодолцох ёстой цаг болжээ.

Цэнхэр, ягаан тасалбараас эхэлсэн өмч хувьчлал хуудуутай болсон эсэх маргаан өнөөдөр ч тасраагүй байгаа үед төр өмчтэй байх нь зөв эсэх дээр шүүмжлэл, маргаан гарсаар л байна. Төр өмчтэй байхыг эсэргүүцдэг хэсгийн барьдаг тоо, ярьдаг үг нь ч үнэнээс зөрдөггүй. Учир нь, Монгол Улсад төрийн өмчит компани 117 байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлснээр эдгээр компанийн нийт үнэлгээ нь 32 их наяд төгрөгт хүрсэн гэх. Гэвч бодит байдал дээр энэ компаниудын 62 хувь нь огт ашиггүй ажиллаж, өрийн хэмжээ нь 10.5 их наяд төгрөгт хүрээд байгаа юм. Тиймээс л ашиггүй ажилладаг компаниудаасаа төр татгалзаж, хувийн хэвшилд шилжүүлэх замаар ачаагаа хөнгөлөх ёстой гэсэн мессеж хаа сайгүй хүчтэй явж байна. Харамсалтай нь, УИХ-аар өөр хуулийн төсөл хэлэлцэх үед ч яригддаг “Төр муу менежер” гэх энэ сэдэв ашигтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг хувьчилж авах чиглэл рүү хандаад байгаа нь нууц биш.

Төрийн өмчит компаниуд ирэх оны төсөвт 183 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Уул уурхайн лицензтэй, тэр чиглэлд ажилладаг хэд нь Ирээдүйн өв санд үүнээс ч дутахааргүй хөрөнгө төвлөрүүлэх тооцоо бий. Гэтэл эдгээр их ашиг, орлого хэдхэн компанид л ногдож байгаа юм. Угтаа төрийн өмчит бүх компани “Эрдэнэт” үйлдвэр шиг, эсвэл “Эрдэнэс  Тавантолгой” шиг, магадгүй Төрийн банк шиг ажилладаг бол бүх зүйл эерэг талдаа яригдах байлаа. Энэ гуравхан компани дээр жишээ татаж ганц нэг санааг дор өгүүлье.

Монгол Улсын иргэн бүр анх удаа “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаа энэ жил авлаа. Хэрэв энэ компанийг хэн нэгэн хувийн хэвшилд өгчихсөн бол монголчууд нийтээрээ нэг дор ногдол ашиг авч чадахгүй л байлаа. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэрийг улсад 100 хувь буцааж аваагүй бол төрд хурааж авдаг төлбөр, хураамж, татвар, ногдол ашгийн хэмжээ өмнөхөөсөө өсөх биш, улам уруудах байсан нь тодорхой л зүйл. Бас үүн шиг Төрийн банкийг хувьчилчихсан бол 27 тэрбум төгрөгийн ашиг (энэ бол 2020 оны эхний III улирлын ашиг) хэнд очих байсан бол? Энэ бүх мөнгө нийтэд биш, нэг хэсэг хүнд л зориулагдах байсан нь бодит үнэн.

“Эрдэнэт” үйлдвэр төдийгөөс өдий хүртэл Монгол Улсын саалийн ганц үнээ байсныг бид бүгд мэднэ. ОХУ-д байсан 49 хувь Монголд орж ирснээр, тэр тусмаа төр 100 хувь авснаар нөхцөл байдал улам сайжирч байгааг бүгд л ярьж, бичиж байна. Тэгэхээр илүүг нурших нь илүүц биз. “Эрдэнэс Тавантолгой” ч ялгаагүй ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнд ногдол ашиг тараагаад буй. Тавантолгойн төмөр зам зэрэг улсын томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг тэд л хийж байна. Тиймээс энэ хоёрыг түр хойш тавиад Төрийн банкны дотоод руу өнгийе. Учир нь, банк бол уул уурхай биш. Тэнд зэс баяжуулж, нүүрс ухах бус, дэлхийн зах зээлийн үнийн өсөлт ч биш, жинхэнэ менежмент л ашиг авчирдаг газар.

Төр банктай байх нь зөв үү? Энэ асуултад янз бүрийн л хариулт ирдэг. Хүн бүр, дор бүрнээ өөр өөрийнхөөрөө хариулах биз. Гэхдээ нэг л зүйл төр өөрийн гэсэн банктай байх нь зөв гэдгийн баталгаа болж байгаа юм. Юу гэхээр, төрийн үйлчилгээг түвэг чирэгдэл багатай үзүүлэхэд, төлбөр хураамж татуу байлгахад л энэ банк хэрэгтэй гэдэг нь энгийн иргэний хувьд ойлгомжтой байгаа юм. Цар тахал гарчихаад байгаа энэ цаг мөчид Төрийн банк л зээлийн хүүг буулгах, иргэдэд очих санхүүгийн дарамтыг нимгэлэх чиглэлд түүчээ болж, бусад банкаа манлайлж чадаж байна. Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох ажлын явцаас ч энэ нь тодорхой харагдаж байна шүү дээ. Үүнээс гадна төр өөрөө банктай байгаа учраас л Засгийн газарт дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх бодлогоо уян хатан явуулах боломж бүрдэж байна. Цар тахал хаалга тогшсон өдрөөс хойш Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн банк үе шаттай арга хэмжээ авсаар 11 төрлийн зээлийн хүүгээ 1.2-4.8 хувиар бууруулсан байна.

Энэ хэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ачаа хөнгөрсөн л гэсэн үг. Хамгийн гол нь зээлийн хүүг бууруулахын тулд эх үүсвэрийн зардлаа бууруулж, тогтвортой нэмэгдүүлэх үүднээс олон улсын зах зээлд Төрийн банкны удирдлагууд тоглож чадаж байгаа нь олзуурхууштай. Тун саяхан тус банкны цахим хуудаст “Нидерландын Вант улсын Frontclear олон улсын санхүүгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр дахь удаагийн репо хэлцлээр 23 сая ам.доллар буюу 65 тэрбум төгрөгийн бага хүүтэй хямд эх үүсвэр амжилттай татлаа. Хямд эх үүсвэр татсан энэ хэлцэл нь Засгийн газар болон Монголбанкны явуулж буй бодлогод нийцсэн, цагаа олсон оновчтой хэлцэл болсон бөгөөд эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, бизнесийн болон хэрэглээний зээлийн хүү буурах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой” гэсэн мэдээг нийтэлсэн байсан. Энэ бол зээлийн хүүг буулгахын тулд гадаад эх үүсвэрийг оновчтой ашигласан хэлбэр. Үүнийг ч Засгийн газар, МҮХАҮТ өндрөөр үнэлж, Монгол Улсынхаа нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг 100 аж ахуйн нэгийг шалгаруулахдаа Төрийн банкийг багтаасан биз ээ. Санаж байвал Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөрд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин ТОП-100 байгууллагын цомыг гардуулсан. Учир нь, тус банкны хувьд ТОП-100 аж ахуйн нэгжээс XV байрт, банкны салбарын шилдэг дөрвөн банкны нэгээр шалгарсан аж.

Хамгийн гол нь төрийн өмчит компаниудын нийтлэг жишгийг энэ банк л эвдэж чадсаныг зориуд онцлох ёстой. Улс төрчдийн шахаанаас болж төрийн өмчит компаниудад удирдлагын бүтэц улам л данхайдаг бол Төрийн банкинд эсрэгээрээ хумигдсаар байгаа тухай энд тодотгосон хэрэг. Өөрөөр хэлбэл, 2018 оноос Төрийн банк шинэчилсэн бүтцээр ажиллаж, захирлуудынхаа тоог 50 хувиар цөөлсөн байна. Ер нь төр өмчтэй, түүндээ гол нь сайн менежмент явуулж чадвал цомхон бүтцээр ашигтай ажиллаж болдог юм байна гэдгийг харуулсан хэрэг. Мөн төр өөрийн гэсэн банктай байгаа учраас л төрийн үйлчилгээг хүргэхдээ иргэдээ чирэгдүүлэхгүй байж чадаж байгааг дахин дахин тодотгоё. Дээр цухас хөндсөн энэ санааг жаахан дэлгэрүүлбэл, нийгмийн хамгийн эмзэг хэсэг болсон ахмадуудад зориулж тэтгэврийн зээлээ сарын 1.3 хувь болгон бууруулж, тэтгэврээ дараалалд зогсохгүй авах, өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглах боломжтой картаа үнэ төлбөргүй захиалах, Төрийн банкны АТМ-аар шимтгэлгүй үйлчлүүлэх давуу талыг олгож чаджээ.

Бусад бүх банканд тодорхой хэмжээний хураамжаар авдаг банкны үйлчилгээг Төрийн банк л ахмадуудад зориулж үнэгүй болгож байгаа нь төрийн өмчит учраас л тэр. Энэ дээр нэмээд бизнесийн зээл, малчны зээл, ахуйн хэрэглээний зээлийн нөхцөл сайжирсан, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилготой “Ногоон зээл”-ийн үйлчилгээ, “Хүрээлэн” төсөлтэй хамтран Монгол Улсын ховор амьтдын зурагтай эко картыг харилцагчдадаа санал болгосон нь, орон даяар зохион байгуулсан “Гялс цэвэрлэгээ”, ЭХЭМҮТ-д нэн шаардлагатай хүүхдийн амьсгал дэмжих тоног төхөөрөмж бэлэглэсэн үйл явдал, Монголын шатрын холбоо, “Хүрээлэн” төсөл, “Би багш” контентийг дэмжин ажилласан зэргийг дурдвал төр банктай байгаа учраас төр манлайлал үзүүлж чадаж байгааг батлах зүйлс олон байна.

Ямар боловч Төрийн банк өнгөрсөн онд 24 тэрбум, энэ оны эхний гурван улирлын дүнгээр 27 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан нь хамгийн том амжилт нь. Хоёрхон жилд хагас зуун тэрбум төгрөгийг сайн менежментийн үр дүнд бий болгож чадсан нь зөв баг зөв газраа байгаатай л холбоотой. Хамгийн сүүлд л гэхэд “Жаст”-ын Ш.Батхүү нар хуурамч бичиг баримт үйлдэн Төрийн банкийг 51.6 тэрбум төгрөгийн төлбөрт унагах гэж байсныг зогсоож чадлаа. Юу гэхээр, Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сүрэн нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлж банкийг залилсан гэдэг үндэслэлээр холбогдох шаардлагатай нотлох баримтуудыг Төрийн банкны зүгээс бүрдүүлж, эрүүгийн хэргийн журмаар шалгуулахаар АТГ-т гомдол гаргасны үндсэн дээр асуудал шийдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Төрийн банк уг хэрэгт хохирогчоор тогтоогдож, банкны зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдон ажиллаж байгаа аж. Ингэснээр төрийн өмчийг, төрийн банкийг үнэгүйдүүлэх гэсэн оролдлогыг банкны менежментийн баг таслан зогсоож чадсан гэсэн үг.

Энэ бол улсынх л бол үнэгүй юм шиг, эзэнгүй мэт аашилдаг асуудалд цэг хатгаж чадсан үйлдэл. Мөн тус банкнаас 2017 оны зургадугаар сард “Шинжиан Шинфа” компанийн зээлж авсан 20 тэрбум төгрөгийг ч буцаан төлүүлж чаджээ. Энэ зээлийн төлбөр нь төлөгдөхгүй байсаар чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн байсныг Төрийн банкны удирдлагын шинэ баг хуулийн байгууллагад хандаж, өнгөрсөн арван-хоёрдугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус компаниар 20 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэр гаргуулснаар Төрийн банк хохирлоо барагдуулж чадсан байна. Мэдээж энэ хэмжээний мөнгө төлөгдсөнөөр олон жирийн харилцагчид зээл олгох боломж бүрдсэн нь гарцаагүй.

Энэ мэт жишээг дурдвал төр муу менежер гэдэг үгэнд Төрийн банкны тухайд няцаалт өгсөн сайн жишиг болж чадаж байна. Гол нь зөв менежменттэй багийг зөв газар нь томилох нь л төрийн үүрэг юм  байна. Тэгж чадвал төрийн өмчит 117 компани бүгдээрээ бус юм гэхэд дийлэнх нь ашигтай ажиллах боломж бий. Саалийн ганц үнээгээ олон болгох боломж нь ч энэ юм.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох