Улстөр нийгэм
Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Сүүлийн үед цахим орчинд "Монгол Улс хилээ хойш нь 29 км татаж, бусдад газар нутгаа өглөө" гэсэн худал мэдээлэл гараад байгаатай холбогдуулан Монгол Улсын Хилийн шугамд өөрчлөлт ороогүй болохыг Хил хамгаалах ерөнхий газраас албан ёсоор мэдэгдлээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ хүнд цаг үед Монгол Улсын хил, хилийн халдашгүй дархан байдалтай холбоотой сөрөг мэдээлэл цахим орчинд удаа дараа гарч байна.
FACEBOOK цахим орчинд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Жонхуугийн Сүрсүх гэсэн хуурамч хаягнаас “Монгол Улс хилийн шугамаа ухраан татлаа. БНХАУ, Монгол Улс хоёр хилийн дэглэмийн болон зарим зурвастай холбоотой гэрээгээ хөл хорионы үед багтааж яаралтай шинэчлэх боллоо. Монгол Улсын Засгийн газар хатуу хөл хорио тогтоож, ард иргэд гадуур гарч эвлэлдэн нэгдэж чадахгүй болсон энэ үед Хятад-Монгол хилийн дэглэмийн гэрээгээ шинэчлэх гэж байна. Тухайлбал Монгол Улс Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас урагш 26 км газарт одоогийн байгаа хилээс нааш 19 км газарт хилийн шугам тэмдэгтээ ухрааж, хилийн шугамаа татаж, ухраах боллоо. Ийнхүү Хятад улс Монгол Улсын нутаг руу хилийн шугамаа 19 км дотогш байрлуулж, Монгол Улс газар нутгаасаа Хятадын талд өглөө. Хөл хорионы үед хилийн шугамаа манай тал ухрааж, Хятадын тал урагшлуулах болсон байна” гэсэн мэдээлэл тавьсан байна.
- Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”, “Монгол Улсын хилийг хуулиар бататгана” гэж хуульчлан баталгаажуулсан.
- Монгол Улс нь БНХАУ-тай 4709.6 км хэсгээр хиллэдэг, 1962 онд хилийн гэрээ байгуулж, Монгол Улс улсын хилээ 1962-1964 онд одоогийн оршин байгаа газар орон дээр нь тогтоон тэмдэглэсэн. Түүнчлэн 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын түвшинд баталгаажсан. Мөн тус улстай хилийн дэглэмийн гэрээг 1988, 2010 онд шинэчлэн баталгаажуулж, Монгол Улсын Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг мөрдөн ажиллаж байна.
Цахим орчинд тавьсан энэхүү мэдээлэл нь олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлсэн, нийгэмд талцал, бухимдал үүсгэсэн, улмаар үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Хил хамгаалах байгууллагаас үзэж, Цагдаагийн байгууллагад албан ёсоор хандах болно.
Монгол Улс, БНХАУ-тай хил хязгаарын ямар нэгэн маргаантай асуудал байхгүй бөгөөд дээр дурьдсан мэдээлэл нь огт үндэслэлгүй, улсын хилийн шугам ямар нэгэн байдлаар хөдөлж, өөрчлөгдөөгүй болохыг албан ёсоор мэдэгдье.
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР
Улстөр нийгэм
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдэд дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Хөдөө, орон нутагт ШТС-ууд зориулалтын саванд шатахуун олгохгүй байна гэдэг асуудлыг иргэдийн зүгээс тавьсан.
Тэгвэл шуурхай штабын зүгээс зөвхөн Улаанбаатар хотод АИ92 шатахууныг саванд олгохгүй байх зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж, 8-р сарын 15-нд хязгаарлалтыг зогсоосон байдаг.
Иймээс хөдөө орон нутагт автобензин болон дизель түлшийг зориулалтын саванд хэвийн олгохыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням аж ахуйн нэгжүүдэд сануулж, бүх ШТС-уудад мэдээлэл хүргэж ажиллахыг сануулав.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Гэсэн ч хөдөө орон нутагт шатахууны хүлээгдэл бүрэн арилаагүй байна. Тэр дундаа Өмнөговь, Архангай, Дорнод, Дорноговь, Төв аймагт шатахууны хүлээгдэл өндөр байгаа учраас тус таван аймагт нэн даруй хангамжийг нэмэгдүүлэх үүргийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.
Мөн шуурхай штабын өнөөдрийн хурлаар уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дизель түлшний гурван сарын нөөц бүрдүүлэхийг анхааруулав.
Өнөөдрийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 7,6 хоног, “Багануур” ХК 12 хоног, “Монголросцветмент” ТӨҮГ 55 хоног, “Шивээ-Овоо” ХК 22 хоног, “Эрдэнэт” ТӨҮГ 16 хоног, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК 15 хоног, Хөтөлийн “Цемент Шохой” ХХК 20 хоногийн тус тус нөөцтэй байна.
Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК гурван сарын хэрэглээг хангах хатуу гэрээ байгуулах болоод 20000 метр кубын багтаамжтай агуулах барих бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Ойрын хугацаанд агуулах, сав түрээслэх, нэмэлт нөөц бүрдүүлж, эргэн мэдээлэх үүрэг өглөө гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Улстөр нийгэм
Ерөнхий хяналтын сонсгол болно
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:
- Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг доор дурдсан цахим шуудангаар ирүүлж болно.
- Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах: Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.
Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.
Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
Ажлын алба
-
Улстөр нийгэм2020/04/07
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Улстөр нийгэм2022/09/22
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдла...
-
Улстөр нийгэм2022/01/25
СЗХ: Хамтарч ажиллах чиглэлээр санал солилцлоо
-
Урлаг спорт2023/11/20
Монгол, Тува хүүхдүүдийн дунд халз барилдаан болно
