Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Э.Түвшинчулуун: Засгийн газрын шийдвэрийн дагуу нийтдээ 729 мянган хэрэглэгчийн эрчим хүчний төлбөрийг төр хариуцна

Огноо:

,

Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, Монгол Улсын зөвлөх инженер Э.Түвшинчулуунтай ярилцлаа.

- Засгийн газраас айл өрхүүд болон зарим аж ахуй нэгжийн хэрэглэсэн эрчим хүчний төлбөрийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу эрчим хүч хэрэглэгчдэд хичнээн төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх вэ?

- Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцах томоохон шийдвэр гаргасныг уншигчид мэдэж байгаа. Энэ зардалд нийтдээ 650 гаруй тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсан. Харин эрчим хүчний салбарын хувьд нийтдээ 729 мянган хэрэглэгчийн 483.7 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төр хариуцах боломж бүрдээд байна.

Энэ 729 мянган хэрэглэгчийн 678 мянга нь айл өрх, 51 мянга нь аж ахуйн нэгж, байгууллага байгаа. Хэрэглэгчид маань цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур үнэ, төлбөргүй боллоо гэж ташаа ойлголт авсныг залруулах ёстой байх. Цар тахал дэгдсэн энэ хүнд цаг үед Монгол Улсын Засгийн газраас иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байруудыг хадгалах, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх зорилгоор эрчим хүч болон ус, хогны зардлыг төр хариуцаж, Эрдэнэт үйлдвэрээс төлүүлэх шийдвэр гарсан шүү гэдгийг онцолж хэлэхийг хүсч байна.

-Гэвч энэ шийдвэрийн дараа цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом өссөн. Үүнээс үүдэн Эрчим хүчний яамнаас түр журам гарахаар болсон. Хэрэглэгчдийн дунд цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс хариуцахаа больж байгаа гэсэн яриа, зөрүүтэй ойлголтууд их байна. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

- Засгийн газрын шийдвэр огт өөрчлөгдөөгүй. Айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур, ус, хогны төлбөрийг төрөөс хариуцахаар болсонтой холбогдуулан Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрчим хүчний сайдын тушаалаар эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоог зохицуулах талаар түр журмууд батлагдан гарсан. Товчхондоо Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй уялдуулан нэг талаас эрчим хүчний үйлдвэр компаниудад, нөгөө талаас хэрэглэгчдэд эн тэнцүү үүрэг хүлээлгэсэн, хэрэглэгчдийг эрчим хүчээр аюулгүй, найдвартай хангах боломжийг бүрдүүлэх зорилготой түр журам юм.

- Түр журмын талаар асуух зүйл олон байна. Хэрэглэгчид яаж төлбөрөө төрөөр даалгах вэ гэдгийг сонирхож байна л даа?

- Эрчим хүчний эх үүсвэр болон техникийн хүчин чадлын боломжит хэмжээтэй уялдуулан хэрэглэгчийн өмнөх оны мөн үеийн цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг төрөөс хариуцна. Дулааны эрчим хүч хэрэглэгч айл өрхийн хувьд 100 метр квадрат хүртэлх хэрэглээг төрөөс хариуцаж, илүү талбайд ногдох дулааны төлбөрийг хэрэглэгч өөрөө төлөхөөр журамд тусгасан байгаа.

- Иргэдийн зүгээс хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө бүрэн төрөөс даалгаж чадахгүй байна гэдгийг тодруулж өгнө үү?

- Айл өрхийн сард хэрэглэдэг цахилгаан эрчим хүчний хэрэглээ харьцангуй тогтвортой байдаг. Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотод гэр хорооллын халаагууртай айл өрхийн дундаж хэрэглээ өмнөх оны 11 дүгээр сард 458 кВт.ц байсан бол 2020 оны 11 сард 459 кВт.ц, орон сууцны айл өрхийн дундаж хэрэглээ өмнөх оны 11 дүгээр сард 192 кВт.ц байсан бол 2020 оны 12 дугаар сард 195 кВт.ц буюу бараг өөрчлөлтгүй байна. Тиймээс айл өрх бүрийн тогтсон хэрэглээний төлбөрийг үндсэндээ төрөөс бүрэн хариуцаж байгаа юм.

- Гэхдээ шинээр цахилгаан эрчим хүчний хэрэглэгч болсон, энэ онд халаалтаа цахилгаанаар шийдсэн айлууд яах вэ? Яаж хөнгөлөлтөд хамрагдах вэ гэсэн асуултууд гарч ирж байна?

- Түр журамд энэ талаар бас ойлгомжтой тусгаж өгсөн байгаа. Шинэ хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тооцохдоо тухайн хэрэглэгчийн хэрэглээг харгалзан ижил төстэй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын дундаж хэрэглээтэй дүйцүүлэн тооцно гэсэн заалт бий.

- Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн шинэ хэрэглэгч байгаа вэ?

- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн судалгаагаар 2020 онд нийслэлийн хэмжээнд орон сууцны 7200, гэр хорооллын 5600 орчим хэрэглэгч шинээр нэмэгдсэн байгаа.

- Өмнөх оны хэрэглээтэй дүйцүүлж төлбөрийг тооцно гэсэн. Тэгвэл хэн хичнээн төгрөгийн төлбөрөө төрөөр даалгах боломжтойг тооцсон тооцоо судалгаа бий юу?

- Цахилгаан дулааны эрчим хүчний төлбөрийг төр даах энэ  хугацаанд сар бүр гэр хорооллын айл өрх 35-75 мянган төгрөгийн цахилгааны, нийтийн орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамааран 80-160 мянган төгрөгийн цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлөгдөх тооцоо гарсан.

- Зарим иргэд 12 дугаар сарын 1-нээс цахилгаан дулааны үнийг төрөөс хариуцна гэсэн. Гэтэл төлбөр нэхэмжлээд байна гэсэн гомдол их гаргаж байна? Энэ талаар та хариулт өгөөч?

- Хэрэглэгч хэрвээ 11дүгээр сард хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөрөө төлж амжаагүй байгаа бол төлөх шаардлагатай. Засгийн газрын тогтоолын дагуу 12 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэглэсэн цахилгаан, дулаан эрчим хүч, дулааны уурын төлбөрийг төр хариуцах юм.

-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр шөнийн тарифын хөнгөлөлт олгодог. Энэ  хөнгөлөлт хэвээрээ үргэлжлэх үү?

- Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу хүйтний улиралд нийслэл болон  аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны хэрэглээний тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа. Гэхдээ нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон. Энэ журам мөн хэвээрээ мөрдөгдөнө.

- Гэр хорооллын айл өрхүүд хоёр төрлийн хөнгөлөлтөд хамрагдаж байна. Дээрээс нь сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан байгаа. Гэтэл яагаад цахилгаан эрчим хүчний хэрэглээ гэр хороололд улам өсөөд байна вэ? Та мэргэжлийн инженер хүн. Хэрэглээгээ хэтрүүлээд байгаа хэрэглэгч нартай хариуцлага тооцох ч юм уу, үүрэгжүүлэх боломж бий юу?

-Түр журамд хэрэглэгч цахилгаан эрчим хүчийг зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэх, шугам, тоноглолын техникийн зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх талаар тусгасан. Эрчим хүчний салбар аль цэгт хэрэглээний өсөлт их байна, хаана ямар гэмтэл саатал гарсныг хянаж байдаг, хэн хаана цахилгаан эрчим хүчний өндөр хэрэглээ үүсгээд байгааг ч тогтоох бүрэн боломж бий. Гэхдээ бид хэрэглэгчээ дээдэлж, эрчим хүчний хэрэглээгээ хянаж, зүй зохистой хэрэглэхийг уриалж байгаа. Өндөр зарцуулалттай цахилгаанаар ажилладаг халаагуур болон бусад цахилгаан хэрэгсэл нь хэрэглэгчийн ашиглаж буй цахилгааны кабель шугам, бусад хэрэгслийг гэмтээх, гал гарах эрсдэлтэй гэдгийг хэрэглэгчид маань анхаарах хэрэгтэй.

- Түр журмаар хэрэглэгчид эрчим хүч хэмнэх үүрэг оногдуулж байгаа гэж та ярьсан. Энэ талаар тодруулж өгөөч?

- УИХ-аас эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг 2016 онд баталсан. Энэ хуулийн дагуу өндөр хэрэглээтэй аж ахуй нэгжүүд эрчим хүч хэмнэх үүрэг хүлээгээд ажиллаж байгаа. Ахуйн хэрэглэгчид ч гэсэн энэ хуулийн дагуу цахилгаан, дулаанаа зүй зохистой хэрэглэж, эдийн засагтаа, байгаль орчиндоо хувь нэмрээ оруулж ажиллах цаг үе ирээд байна. “Цахилгааны үнийг төрөөс хариуцахаар боллоо. Төлбөр нь бага гарах юм чинь яаж ч хэрэглэсэн яах вэ” гэдэг үрэлгэн байдлаар бус илүү хэмнэлттэй, илүү ухаалаг хэрэглээсэй гэж хүсч байна.  Айл өрхүүд  цахилгааны оргил ачааллын үед буюу өдөр бүр 17:00-21:00 цагийн хооронд цахилгаан халаагуур залгахгүй, ашиглахгүй байгаа цахилгаан хэрэгслүүдээ залгуураас салгаж хэвшвэл эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм шүү.

- Хэрэглэгчид цахилгааныг хямд үнээр авч байгаа болохоор зохистой, хэмнэлттэй хэрэглэхгүй байна уу? Хэрвээ зах зээлийн үнээр цахилгаан өгөөд эхэлбэл хүссэн хүсээгүй ухаалаг хэрэглээтэй болж, төрөөс эрчим хүчний салбарт өгдөг татаасууд үгүй болно гэсэн санал гарч байна лээ?

- Хэрэглэгчийн цахилгааны тариф бодит өртөгтөө хүрэхгүй байгаа. Дээрээс нь маш олон төрлийн хөнгөлөлт үзүүлдэг. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай хот суурин газрын гэр хорооллын иргэдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 100 хувь хүртэл хөнгөлж байгаа. Энэ хөнгөлөлтөд улсын төсвөөс жилдээ 20 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Мөн айл өрхийн хэрэглэсэн 150 кВт.ц цахилгааны үнийг  хөнгөлдөг, тодруулбал 1 кВт.ц тутамд 37 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа. Өнгөрсөн 2018 онд гэхэд л улсын хэмжээнд нийтдээ  айл өрхөд  нийтдээ 62.7 тэрбум төгрөгийн цахилгааны үнийн хөнгөлөлт, нэг өрхөд сард дунджаар 9500 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

- Төрөөс цахилгаан эрчим хүчний  төлбөрийг хөнгөлөх чөлөөлөх болгонд л ачаалал хэтэрлээ, эрчим хүчний систем доголдох аюул нүүрлэлээ гэсэн гомдол гардаг. Монгол Улс хэзээ аюулгүй найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болох вэ?

- Эрчим хүчний салбар 2020 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 7.0 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 10.6 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэхээр байна. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-8 хувиар өсөн нэмэгдэж байгаа. Цаашид ч хэрэглээ улам нэмэгдэнэ. Тиймээс цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Төрөөс хэрэглээгээ дотоодын эх үүсвэрээс хангах бодлого барьж 2018 онд “Эрчим хүчний салбарын хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрийг баталсан.

Засгийн газраас баталсан хөтөлбөр хэрэгжсэнээр дотоодын үйлдвэрлэлээр цахилгаан эрчим хүчний  хэрэглээгээ бүрэн хангах боломжтой гэж үзэж байгаа. Энэ хөтөлбөр стратегийн зургаан том зорилтын хүрээнд эрчим хүчний салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудыг нарийн тусгаж өгч эрчим хүчний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээсээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд  2019 оны байдлаар Дарханы ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөл, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 1, 4 дүгээр турбины шинэчлэл, 43 МВт-ын өргөтгөл, Улаанбаатар-Мандалговийн ЦДАШ, дэд станц, Чойр дэд станцыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн хугацаандаа бүрэн хэрэгжиж дууссан.

Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах хүрээнд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой төслийн судалгааг хийж, “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх, Дорнодын станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх, Амгалан дулааны станцын дэд бүтцийг түшиглэн 50 МВт-ын цахилгаан станц барих төслүүдийг эхлүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарч, холбогдох арга хэмжээг авч байна.

- Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох