Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно

Огноо:

,

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” реалити шоу 2021.01.09-ний өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт зөвхөн “ТВ8” телевизээр гарах уг шоуг "Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан бөгөөд нийгмийн салбар бүрийн төлөөлөл 10 оролцогч өвлийн хүйтэнд эртний нүүдэлчдийн ёсоор тэмээ хөлөглөн 650 км зам туулан барианд орсон юм.

Өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнээр нэрлэгдэж буй “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал 2020.10.26-нд Өмнөговь аймгийн Ноён сумаас эхэлж, 2020.11.11-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын элс хүртэл 17 өдрийн турш, 650 км аялсан байна. Мөн аяллын туршид Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар аялжээ. 

“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллын хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэн “ТВ8” телевизээр олны хүртээл болгохын зэрэгцээ “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Түүнчлэн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог бэлтгэн олны хүртээл олгохоор төлөвлөсөн байна.

Говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний контентийг дэлхийд гаргах эрхэм зорилготой “Gobi challenge-2020” төслийг “Эрхэт Монгол” медиа группийн Ерөнхий захирал Х.Мандахбаяр, “Тэмээн жинчин” сангийн тэргүүн, тэмээчин бүсгүй нэрээр олонд танигдсан Н.Байгалмаа нар хамтран санаачилжээ. Төслийн санаачлагч, "Эрхэт Монгол" медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ “Gobi challenge” төсөл олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн. Хэрэв Н.Байгалмаа гэдэг монгол бүсгүй олон улсаар 7300 км замыг туулан тэмээтэй аялаагүй бол төслийг хэрэгжүүлэх санаа төрөхгүй байсан. Н.Байгалмаа олон өдрийн тэмээн аяллаар телевизийн реалити шоу хийх саналыг талархан хүлээн авсанд баярлаж байна. Бид хамтдаа Монголынхоо говийг, тэмээн соёлыг дэлхий дахинд дэлгэн харуулах ажлыг хийж чадлаа. “Gobi challenge-2020” тэмээн аяллыг цаашид олон улсын хэмжээний томоохон төсөл болгохоор төлөвлөсөн. Монголын говийг дэлхийд сурталчлах үйл хэргийг дэмжиж, ихээхэн туслалцаа үзүүлсэн Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар болон бусад байгууллагуудад талархал илэрхийлье. Мөн “Эрхэт Монгол” медиа группийн 80 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, инженер техникийн ажилчид болон сэтгэл зүрхээрээ дэмжсэн Өмнөговь аймгийн олон түмэндээ баярлалаа. Говийн гайхамшиг болсон тэмээн сүрэг маань нүүдэлчний соёл, монгол ахуйн амин чухал хэлхээс байсан бол одоо эдийн засаг, аялал жуулчлалын салбарын үнэт баялаг, Монголыг дэлхийд харуулах гарц болсныг бидний контент харуулахыг зорилоо. Аялал жуулчлалын төрөл бүрийн төслийг хэрэгжүүлэх нэн таатай боломж Монголд байгааг нотлон харуулахад “Gobi challenge” төсөл түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Түүнээс гадна ирээдүй хойч үедээ монгол соёлоо сурталчлах, залуучуудад агуу өв соёлоо ойлгуулах, байгаль хамгаалах, эх оронч үзлийг дэлгэрүүлэхэд энэ төсөл томоохон хувь нэмэр оруулах болно” хэмээсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа

Огноо:

,

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.

Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.

Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.

Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.

Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.

АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.

Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.

Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.

Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.

Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.

BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.

Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Огноо:

,

Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.

Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.

Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.

Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.

Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:

  • Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
  • Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
  • Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
  • Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
  • Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.

Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох