Цаг үе
"COVID-19" халдвараас сэргийлье
Ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, анхаарал халамж тавих, дархлааг дэмжих нь коронавируст халдварт өртөх эрсдэлийг бууруулна. "Ковид-19"-ын халдвараас сэргийлэхийн тулд амьдарлын шинэ хэв маягийг хүн бүр хэвшүүлэх шаардлагатай.
Үүнд:
Аж ахуйн нэгж, байгууллагад:
• Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
• Амны хаалттай хүнд үйлчлэх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байрлуулах
• 1,5-2 метрийн зайн тэмдэглэгээ хийх
• Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх
• 1 хүнд 4 м2-аас доошгүй талбай ногдохоор өрөө тасалгаа, ажлын байранд зохицуулалт хийх
• Албан хаагчдын 3/2-ыг цахимаар гэрээсээ ажиллуулах
• Албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулан халдварын эрсдэлээс сэргийлэх
• Албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулах
• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
• Хурал, уулзалтыг цахимаар хийх
• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй, дасгал хөдөлгөөн хийх
• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
• Ариун цэврийн өрөөнд саван, гар халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
• 14 хоногт 1 удаа халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
Ажилчин, албан хаагчдад:
• Дотоод, гадаад орчинд амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Гараа нүд, ам, хамартаа хүргэхгүй байх
• Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
• Алсын зайнаас мэндчлэх
• Хүнтэй 1,5-2 метрийн зайнаас харилцах
• Компьютер, ширээ сандал зэргийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
• Бээлий өмсөх
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
• Шүлсээ ил задгай хаяхгүй байх
Цаг үе
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
Цаг үе
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
Цаг үе
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.
Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:
- Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
- Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
- Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
- Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
- Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.
-
Цаг үе2020/11/13
Мөнгө угаахтай тэмцэх зах зээл 2025 онд 1.99 тэрбум доллараар үнэлэгдэнэ
-
Үзэл бодол2021/02/11
Б.Бямбадорж: Эрүүл мэндийн тусламж авсан иргэнийг эмнэлэг өөрийн машинаар гэрт н...
-
Улстөр нийгэм2021/11/17
Ерөнхий сайд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
-
Урлаг спорт2021/12/10
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний к...
