Цаг үе
Нийслэлд 13 төрлийн 59 үйл ажиллагаанд тусгай нөхцөл шаардана
Энэ сарын 21-ний өдөр Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл өглөө. Энэ сарын 23-наас аж ахуйн нэгжүүдийн 95 хүртэлх хувийг салбар тус бүрийн тусгайлсан дэглэм журмаар хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа. Улмаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдүүд халдвар хамгааллын дэглэм баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байгаа. Улмаар улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой байдал хангагдах нөхцөл бүрдэх юм. Тиймээс Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам, Худалдааны газрын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг боловсруулсныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг танилцуулав.

Нийт 14 төрлийн 86 үйл ажиллагааны чиглэлээр түр журам боловсруулсан байна. Эдгээрээс 13 төрлийн 59 үйл ажиллагаа нь тусгай нөхцөл шаардах юм. Үүнд:
1. Худалдааны газар;
2. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;
3. Үсчин, гоо сайхан, хумс засал, нийтийн халуун ус, саун, усан бассейн;
4. Амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал;
5. Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ;
6. Соёл урлаг, сүм хийд, үзвэр үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээ, хурал цуглаан;
7. Сургалтын төвүүд;
8. Тоглоомын төвүүд;
9. Нийтийн тээврийн үйлчилгээ;
10. Нийтийн зориулалттай орон сууц, нийтийн байр;
11. Хүнсний барааны тээвэр, түгээлт;
12. Буяны үйл ажиллагаа;
13. Жагсаал цуглаан багтана.
Мөн 02 дугаар сарын 23-ны өдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбоотойгоор төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэд халдвараас сэргийлэх дэглэм сахиулах үүднээс хязгаарлах үйл ажиллагааг энэхүү журамд оруулж байгаа. Тухайлбал, төрийн байгууллага уралдаан тэмцээн, аялал зугаалга зохион байгуулахыг хязгаарлах бол хуулийн этгээд, иргэдэд дээрх хоёроос гадна өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийг хязгаарлаж байна. Мөн аж ахуйн нэгжид хамааралтай нэг заалт нь диско барын үйл ажиллагааг мөн энэ түвшинд хязгаарлана гэдгийг ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг хэллээ.
Ингэж авч хэрэгжүүлэх арга хэмжээг иргэд, олон нийтэд тодорхой болгосноор аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаагаа урьдчилан зохицуулах нөхцөл бүрдэнэ. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг салбар бүрд сахиж ажиллах нь дахин бүх нийтээр хатуу хөл хорио тогтоохгүй байх гол үндэс болно гэдгийг тодотгосон юм.
Цаг үе
Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ
АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.
Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.
Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.
Цаг үе
АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ
АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.
Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.
Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.
Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.
Цаг үе
“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.
Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.
Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.
-
Улстөр нийгэм2021/04/01
Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
-
Цаг үе2022/03/02
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл ээлжит бусаар хуралдлаа
-
Улстөр нийгэм2025/06/19
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2022/06/07
Академич С.Нарангэрэл Япон Улсын Элчин сайдын өргөмжлөл хүртлээ
