Шударга мэдээ
Аж ахуйн нэгжүүдийн 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлнэ
Хурлаар Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын нэгдсэн дүнг сонсож, КОВИД19 халдварт цар тахлын тархалтын түвшинг тогтоож, 2021оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн дийлэнх буюу 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой болж байна.

Нийслэлд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 2021 оны 02 дугаар сарын 23 гэхэд нийт 411 мянган өрхийг хамруулахаар зорилт тавьж, өнөөдөр/2020.02.20/ 9 цагийн байдлаар 340-өөд мянган өрхийг хамруулсан бөгөөд 54 тохиолдол, шинээр 13 голомт илрүүлснээс идэвхтэй нь 8 голомт байв. Тус голомтуудыг бүрэн хяналтад аваад байна. Энэхүү нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, коронавируст халдварын түвшинг өндөр эрсдэлтэй УЛААН өнгийн дөрөвдүгээр түвшинээс бууруулж хоёрдугаар зэрэглэл буюу “ШАР”өнгийн түвшин рүү, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах түр журмыг гаргалаа.
Ингэснээр цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, диско баар, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, аялал зугаалга/гэр бүлээс бусад/ уралдаан тэмцээн зохион байгуулахаас бусад бүх үйл ажиллагаа нээгдэж, хэвийн горимоор ажиллах боломжтой болж байна. Эдгээр хязгаарласан үйл ажиллагаануудын хувьд эрүүл мэндийн байгууллагын эрсдэлийн үнэлгээнд үндэслэн ямар үед нээж болох эсэхийг тухай бүрт шийдвэрлэнэ.

Аж ахуйн нэгж байгууллага, иргэд, хуулийн этгээдүүд, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхдээ мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах үүрэгтэй байх юм. Нийтлэг түр журмыг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлнэ.
Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээхээр төлөвлөж байна. Ингэхдээ ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдын бүх шатны боловсролын байгууллагуудыг 2021оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс танхимаар шат дараатай хичээллүүлж эхэлнэ. Харин Улаанбаатар хотод эрсдэлийн үнэлгээг дахин хийсний үндсэн дээр танхимын хичээлийг нээх хугацааг нарийвчлан тогтоохоор шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
