Улстөр нийгэм
Б.Мөнхцэлмэг: Ерөнхийлөгч Х.Баттулгын троллууд маш их байна
Өчигдөр цахим орчинд "БИД УУЧЛАХГҮЙ ХӨДӨЛГӨӨН"-ий тэргүүн Б.Мөнхцэлмэг шүүгч нарын лифтэн дэх бичлэг болон зарим нэр бүхий оффшорчдын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “шударга ёс гэдэг бол шүүх хүн бүрт эрх тэгш үйлчлэхийг хэлдэг. Гэтэл шүүгч нарын ёс бус үйлдэл гаргасан бичлэгийг үзээд маш их жихүүцлээ. Шударга ёс гэж Монголд алга. Үүгээр дамжуулж ялангуяа сонгууль дөхсөнтэй холбогдуулж ард түмэнд нэг л зүйлийг ойлгуулж хэлмээр байна. Бид хоёр жилийн өмнөөс Авилгын эсрэг хууль, Ашиг сонирхолын хууль, Эрүүгийн байцаах хууль гээд маш олон хуулиудын өөрчлөлтийн саналыг тавьж байсан.
Энэ хуулиуд дээр жишээ нь Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж болдог уу гэдгээр иргэдэд ойлгомжтой тайлбарлах үүднээс хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий гишүүдийг шалгуулж байсан. Ашиг сонирхолын хуулийн 10 дугаар зүйлд оффшортой холбоотой заалтууд байдаг. Энэ заалтад “нийтийн албан тушаалтан буюу төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс оффшор бүсэд компани үүсгэн байгуулж эзэмшихийг хориглодог”. Гэтэл оффшор бүсэд данс эзэмшдэг гурван хүний хоёр нь ил тод зарлагдчихаад байхад ганцхан хүн сул чөлөөтэй үлдсэн. Тэр хүн бол Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Олон нийтэд ил болчихоод байхад хэвлэлүүд одоо болтол яагаад энэ талаар цацахгүй байгааг би гайхаж байна.
Х.Баттулга өөрөө “Женко Холдинг Пи-Ти-И” гэх, Сингапур улсын оффшор бүсэд бүртгэлтэй компанитай. Тэр нь охин Б.Намууных нь нэр дээр байдаг. Энэ мэдээллийг “Google.com”-оос хайвал гараад ирнэ. Ашиг сонирхолын хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу оффшор бүстэй нь илчлэгдвэл хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл сонгууль дөхсөнтэй холбогдуулж Х.Баттулга өөрийгөө оффшоргүй, гэнэн цайлган, оффшорын эсрэг тэмцэгч хүний дүрд хувирган тоглож байна. Өөрийнх нь оффшор ил болоод ирэхээр нөгөө хоёр оффшорчин буюу Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарт нийгмийн массыг хандуулж байгаад өөрөө цэвэрхэн үлдэх гэж байна.
Энэ ажлыг нь Х.Баттулын троллууд хийж байна. Х.Баттулга маш их троллтой байна. Өөрийнх нь төмөр замтай холбоотой компаниудын ажилчдыг нь хүртэл бүлэг групп болгочихсон ажиллуулж байна.Тэр дунд нь миний нэг танил ч бий. Өөрийнх нь эсрэг ямар нэг зүйл яригдаад эхлэнгүүт троллуудаараа дайруулдаг. Түүний оффшор ил гараад ирэнгүүт өөр оффшортой нэгэн рүү дайрч цэвэрхэн үлддэг ээ болих хэрэгтэй. Би троллуудаас чинь айхгүй, зөндөө доромжлуулсан, хэлэх үгээ хаана ч зоригтой хэлнэ. Мөн шударга ёс ярьдаг хэрнээ өөрсдөө ёс бус үйлдэл гаргасан шүүгч нарыг огцортол эсэргүүцэл зарлана гэдгээ мэдэгдэж байна” хэмээлээ.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
