Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Санхүүгийн салбарын 2021 оны нэгдүгээр улирлын тойм мэдээллээ танилцууллаа

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2021 оны нэгдүгээр улирлын тойм мэдээллийг танилцуулсан хэвлэлийн бага хурал цахим хэлбэрээр боллоо. 2021 оны нэгдүгээр улиралд Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 17.5 хувьд хүрсэн. Үүнээс, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 9.9, даатгалын зах зээл 1.1, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ 5.7, ХЗХ 0.8 хувьтай байна. Хороо нь зохицуулалт хяналтын чиг үүргийнхээ хүрээнд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 3,302 зохицуулалттай этгээд, 2,429 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 315 ХК, 281 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 326 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 530 ББСБ, 249 ХЗХ, 185 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 438 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 978 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна. 

Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48.5 хувиар өсөж 3,695.1 тэрбум төгрөгт хүрч, 2020 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 10.0 хувьтай тэнцэж байна. Харин хувьцааны хөрвөх чадвар 1.4 нэгжээр өсөж 1.8 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 17,732.0 нэгжээр өсөж 34,635.7 нэгжид хүрсэн. 2021 оны нэгдүгээр улиралд нийт 71.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 91.8 хувийг хувьцаа, 5.7 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 0.7 хувийг компанийн бонд тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 145.1 хувиар өсөж 5 төрлийн 69.3 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсөж 401.2 тэрбум төгрөгт, нөөц сан 9.3 хувиар өсөж 172.6 тэрбум төгрөгт хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурч 39.0 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар буурч 10.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 29.0 хувиар буурч 881 мянгад хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар буурч 12.3 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.6 хувийг эзэлж байна.

Банк бус санхүүгийн байгууллага: 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 530 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 2.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 48.5 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.3 хувийг иргэдийн зээл, 14.7 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 610.1 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 3.4 сая байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин  өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурч 2.9 хувьтай байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 2.3 сая төгрөг, финтекийн зээлдэгчид нийт 362.9 мянга буюу нийт зээлдэгчдийн 59.5 хувь, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 270.7 мянган төгрөг байна.

Хадгаламж, зээлийн хоршоо: 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 249 ХЗХ-д 75,002 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өсөж 278.9 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 201.4 тэрбум төгрөг буюу 72.2 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурч 1.4 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр буурч 2.4 хувь болсон. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өсөж 192.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.64 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 40,166 байгаа бол зээлдэгчдийн тоо 38,353 байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Хорооны тусгай зөвшөөрөлтэй 185 компани, тэдгээрийн 206 брокер, 1,219 Агент ажиллаж байна. Давхардсан тоогоор 290 ҮХЭХЗ-ын байгууллага нийт 935 хэлцлээр 98.6 мянган м.кв талбай, 127.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин нийт 390 хэлцлээр 39.3 мянган м.кв талбай, 2.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлжээ. 

Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Салбарт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 34, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч  иргэд 229, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэд 117, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэд 58 байна. 2021 оны 1 дүгээр улиралд 101.9 тэрбум төгрөгийн үнэт металлын борлуулж, 103.6 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ

Огноо:

,

Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.


СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.

Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.

Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.

Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.

Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:

• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.

Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.

Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.

Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Эрдэнэт хотын Хавдрын төвд БНСУ-ын шинэ технологийн дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Огноо:

,

Монгол Улсын Эрүүл мэндийн яам Бүгд Найрамдах Солонгос Улсын "АдипоЛабс" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол боллоо.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, "АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулах, орчин үеийн эмчилгээний технологийг бүсийн хэмжээнд нэвтрүүлэх нь салбарын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь зөвхөн нэг төхөөрөмжийн хандив бус, Монгол Улсад хавдрын эмчилгээний шинэ технологийг нутагшуулах, эмч, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх урт хугацааны түншлэлийн эхлэл болохыг тэмдэглэлээ.

"АдипоЛабс" компанийн Ерөнхий захирал Хан Сун Хо "REMISSION 1°C" дулаан эмчилгээний төхөөрөмжийг Монгол Улсад хандивласнаар хорт хавдартай өвчтөнүүдэд орчин үеийн эмчилгээ хийх боломж нэмэгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү хандив нь олон өвчтөний эмчилгээнд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Эрдэнэт хотын Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг үе шаттай хөгжүүлж байгаа бөгөөд шинээр хүлээлгэн өгсөн "REMISSION 1°C" төхөөрөмж нь хорт хавдрын дулаан эмчилгээний шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх, бүсийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллагааны шинэ чиг хандлагыг танилцууллаа

Огноо:

,

НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн глобал удирдагч, олон улсын зөвлөх Винстон Чан Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, "Дэлхийн гамшгийн хариу арга хэмжээний шинэ чиг хандлага ба НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үүрэг" сэдвээр мэдээлэл хийлээ.

Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болсон томоохон газар хөдлөлтийн гамшгаас авсан сургамж, олон улсын эрэн хайх, аврах ажиллагааны хөгжлийн чиг хандлага, НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үйл ажиллагаа, олон улсын эрэн хайх, аврах багуудад тавигдаж буй шинэ шаардлагын талаар хэлэлцэв.

Мөн цаашид хот суурин газрын эрэн хайх, аврах ажиллагаанд баримтлах чиглэл, шинэ сорилт, хөгжлийн талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Винстон Чан энэ сарын 28-31-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах хугацаандаа Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзахаас гадна НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Хот доторх эрэн хайх, аврах гадаад ангиллын аттестатчилалд хамрагдах бэлтгэл ажлын явцтай танилцах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох