Улстөр нийгэм
Э.Оюунболдын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо зарлалаа
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо. Хуралд Зохион байгуулах хорооны гишүүд, салбар есөн хороодын дарга нар энэ жилийн наадмыг хэрхэн зохион байгуулсан тухайгаа танилцууллаа.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсөн тухай ажлын тайланг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус хорооны нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын дарга Э.Содномжамцад үүрэг болголоо.
Мөн ирэх жилийн Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концерт, нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулах ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох салбар хороонд үүрэг болголоо.
Баяр наадам зохион байгуулалт сайтай болсон. Наадамчин олны сэтгэгдэл өндөр, үнэлгээ гайгүй байна. Гэсэн ч цаашид анхаарах санал шүүмжлэлүүд ирсээр байна. Эдгээрийг анхаарч ажиллах хэрэгтэй гэв.

Ирэх жилээс Үндэсний их баяр наадмыг улс орон даяар нэгэн зэрэг тэмдэглэдэг байх, сум, аймгийн наадмыг нэгэн зэрэг, улсын баяр наадмын өдөртэй хамтатгах нь зүйтэй. Засгийн газрын хуралдаанд ийм санал оруулна гэж Шадар сайд хэллээ. Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул ажлын хэсэг байгуулан хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болголоо.
Үндэсний бөхийн салбар хороо допинг хэрэглэсэн нь тодорхой болсон бөхийн нэрийг яаралтай зарлах нь зүйтэй гэж ҮИБНЗБХ-ны дарга Ө.Энхтүвшин хэллээ. Допингийн шинжилгээний хариу ирсний дараагаар улсын цол, тэмдгийг гардуулж байх санал гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаа энэ үеэр илэрхийлж байлаа.
Мөн барилдааны дөрвийн даваанд барилдаж, элэг бүсээ өгөхдөө учраа бөхөө санаатайгаар тохойлдож зүй бус үйлдэл гаргасан Улсын гарьд Ш.Жаргалсайханд хариуцлага тооцохыг Үндэсний бөхийн салбар хороонд даалгалаа.
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшйин шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Хоёр бөхөд шинжилгээний хариуг танилцуулж, гарын үсэг зуруулсан.
Нэг бөх Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ журамд заасан хугацаанд гаргасан тул Монголын допингийн эсрэг үндэсний төв хүлээн авч, БНСУ-д илгээгээд байна. харин нөгөө бөх журамд заасан хугацаанд шинжлүүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
-
Улстөр нийгэм2023/02/03
Г.Занданшатар: Хөдөө аж ахуйд суурилсан өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлснээр экспор...
-
Улстөр нийгэм2022/10/05
ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалыг мөнхжүүлж, гэрэлт самбар босголоо
-
Цаг үе2025/06/24
ТЦА: Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хассан
-
Цаг үе2025/08/08
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
