Шударга мэдээ
Эрээнд саатсан ачаа барааг Улаанбаатар руу төмөр замаар тээвэрлэнэ
Шадар сайд С.Амарсайхан 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Хилийн боомтуудад гацсан ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайд удаа дараалан хүсэлт тавьж ажилласны дагуу Эрээний хилийн боомтоор орж ирэх ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэхээр талууд тохиролцсон талаар Элчин сайд мэдэгдлээ.

Цар тахлаас үүдэж дэлхийн олон улсад төдийгүй БНХАУ-д дотооддоо ачаа тээврийн эргэлт удаашралтай байгааг тэрбээр дурдаад, хөрш орнуудын ачаа тээврийг эрчимжүүлэхээр онцгой анхаарч ажиллаж буйгаа хэллээ.
Талууд Монгол Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн үргэлжүүлэх чиглэлээр хоёр талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг идэвхжүүлэх талаар хэлэлцэв. Ялангуяа хилийн боомтуудаар нэвтрүүлэх экспорт, импортын автомашины тоог нэмэгдүүлж, БНХАУ-ын Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг шуурхай тээвэрлэх хэлэлцээрүүдийг эрчимжүүлж байгаад Шадар сайд талархал илэрхийлэв.
Тэрбээр “Чөлөөт бүс”-ийн үйл ажиллагааг энэ оны 3 дугаар удиралд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж буйг онцлон тэмдэглээд, хил орчмын худалдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээрүүдийг яаралтай эхлүүлэхээр ажиллаж байгааг энэ үеэр дурдлаа.
Боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
-
Улстөр нийгэм2024/07/01
Унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
-
Цаг үе2022/10/11
Зарим уулзвар, гудамж, замын хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт орлоо
-
Цаг үе2022/12/26
Аарц махнаас илүү уураг агуулдаг
-
Шударга мэдээ2025/01/13
“Цахимд нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдаанд хүүхдүүд идэвхтэй ...
