Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” марк шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ

Огноо:

,

“Монголын тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн анхны өдрийн нээлт Соёлын яаманд боллоо.

Нээлтэд, Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, доктор профессор Д.Эрдэнэбаатар, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг нар оролцож, маркийг олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Мөн Соёлын сайд Ч.Номин, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын үсэг зурж, тамга даран анхны өдрийн дугтуйг баталгаажуулснаар 1077, 1078 дахь сэдэвт маркууд Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрлээ.

Энэ үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин: Энэ жил Монголын тулгар төрийн 2230, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ой тохиож байна. Ардын хувьсгалын энэхүү түүхэн ой нь олон салбарын хөгжил дэвшлийн эхлэл байсан бөгөөд тухайн үеэс эхлэн Монгол Улсын шуудангийн анхны маркийг нийтийн хэрэгцээнд гаргаж олон улс оронд ашигласан нь Монгол Улс бие даасан тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ бататган харуулахад чухал алхам болж байжээ.

Түүнээс хойш бид Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоо тэмдэглэж, тулгар төр, ардын хувьсгалын түүхээ марк болгон дахин дэлхий дахинаа тунхаглаж байна.

Түүхэн ойд зориулсан “Монгол тулгар төр 2230”, “Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт хэлхээ марк нь монголын түүхийг ирээдүй хойч үед мөнхлөн үлдээж буй үнэт зүйл бөгөөд төрт ёс, тусгаар тогтнол, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламлалыг хослуулсан бүтээл болж чаджээ.

Энэхүү маркийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монгол шуудан” компани, эрдэмтэн судлаачид, уран бүтээлч Та бүхэндээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.

Улаанбаатар Их Сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, Доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар:  “Хэдийгээр бид албан ёсоор 2230 жил гэж байгаа ч бидний түүх цаашид лавширч, 3500 жилийн өмнө анхны төрт улсаа байгуулсан сүүлийн үеийн баримт сэлт гарч ирж, илэрч олдож байна. Тиймд дараагийн маркан дээр байх Монголын төрт ёсны он цаг дахин урагшлах ирээдүй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна” гэлээ.

Мөн ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор А.Пунсаг: “Ямарваа нэг ойг тэмдэглэх нь найр наадам хийнэ гэсэн үг биш. Агуу түүхт хүмүүсийнхээ ач гавьяаг дурсан тэмдэглэж, өөрийнхөө өв соёлоор бахархах учиртай юм. Энэ удаад бид Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан марканд Анхны-7, ардын журамт цэрэг Нийслэл хүрээг эзэлж, монголчууд өөрсдийнхөө тусгаар тогтнолоо зарлаж байсан тэр түүхэн үйл явдлыг дурсахаар дүрсэлсэн. Алгын чинээ цаасан дээр Ардын хувьсгалыг багтаана гэдэг их хөдөлмөр. Үүнд, судлаач, эрдэмтэд гар бие оролцсон” гэлээ.

"Монгол тулгар төр-2230 жил" маркийн тайлбар

Хэлхээ маркийн хэмжээ: 40х40, 60х40, 40х40 мм

Маркийн нүүрний үнэ: 1000₮, 1000₮, 1000₮

Маркийн хэвлэсэн тоо: 11,000 ш

Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш

Зөвлөгөө өгсөн: Д.Эрдэнэбаатар Доктор (PhD), профессор

Маркийн зураач: Г.Баттөр,

Маркийн дизайнер: Ж.Ганхуяг

“Монголын тулгар төр - 2230” сэдэвт хэлхээ марканд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын Гол мод-2 гэдэг газар малтан шинжилсэн Хүн улсын 1-р язгууртны булшнаас олдсон хосгүй үнэт археологийн олдворуудыг оруулжээ.

Хэлхээний эхний марканд 2011 онд археологийн малтлага судалгаагаар Хүн улсын хаан Шаньюйн хэрэглэж байсан сүйх тэргэнд хөллөж байсан морины чимэглэл болох нарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэрсийн дүрс бүхий алтан чимэглэл, хоёрдугаар марканд 2019 онд малтан шинжилсэн 189-р булшнаас илэрч олдсон хос мөнгөн луу, гуравдугаар марканд сарны бэлгэдэл бүхий дугуй хэлбэртэй, 13 см голчтой нэг эвэрт бэлгэт гөрөөсний дүрс бүхий мөнгөн чимэглэл, эдгээр олдворуудын арын дэвсгэр хэсэгт Хүн улсын үеийн алт, мөнгөн гоёл чимэглэл дээрх хээ угалзуудыг суурь болгон үзүүлсэн.

Чимэглэл зурагт Ховд аймгийн Үенч сумын нутаг дахь Ямаан усны хавцлын хадны зургийг /Хүн улсын үеийн НТӨ-III зууны үед хамаарах/ гурвалсан болон хоёр моринд хөтөлсөн сүйх тэрэгтэй Хүн улсын хаан Шаньюй болон хатад, сүлд барьж нум саадаг агссан баатар, араас нь дагаж буй хамгаалагч, Хүн улсын хаад, язгууртны нутаглаж байсан одоогийн Хангайн бүс нутгийн Эрдэнэ хайрхан уулыг уран зургийн аргаар сэргээн зурж, хэлхээний хүрээг Хүн улсын үеийн түүхэнд холбогдох археологийн олдворуудын жижиг хэсгүүдээр нэмж баяжуулан зохиомжлон дүрсэлсэн болно.

Маркийг бүтээхэд Улаанбаатарын Их сургуулийн Түүх-Археологийн тэнхимийн эрхлэгч, Доктор (PhD), профессор Д.Эрдэнэбаатар, зураач Б.Хонгорзул нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, холбогдох материалын туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.

“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт маркийн тайлбар

Блок маркийн хэмжээ: 45х33 мм

Маркийн нүүрний үнэ: 2000₮

Анхны өдрийн дугтуйны хэвлэсэн тоо: 1200ш

Зөвлөгөө өгсөн: Н.Хишигт Доктор (PhD), профессор

Маркийн зураач: Г.Баттөр,

Маркийн дизайнер: Ж.Ганхуяг нар ажилласан

Монгол шуудангийн түүхэнд анх 1943 онд “Ардын хувьсгалын үе шатууд” сэдэвт 8 нэрийн марк гаргаж, Ардын хувьсгалын 25, 30, 35, 37, 40, 45, 50, 60, 65, 70, 90, 95 жилийн ойд зориулсан нэг нэрийн, сери, блок, хэлхээ, засвартай шуудангийн маркууд олныг гаргаж байсан арвин түүхтэй.

“Ардын хувьсгалын 100 жил” сэдэвт блок марканд 1921 оны Ардын хувьсгалын удирдагч Ардын засгийн газрын тэргүүн Д.Бодоо, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар, МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан нарыг морьтойгоор дүрсэлсэн. Блокны чимэглэл хэсэгт Ардын журамт цэргүүд хүрээнд орж ирсэн үе, Монгол Ардын намын журамт цэргийн жанжин туг, Ардын журамт цэргийн туг, дун үлээж буй морьт цэрэг, Богд хааны төрийн Шар ордон, Мэгжид Жанрайсиг бурханы сүм, Өндөр хоршоо, МАН-ын төв хороо, Ардын Түр Засгийн газар, Бүх цэргийн штаб байрлаж, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан байр /одоогийн Улаанбаатар хотын музей/ зэргийг тус тус дүрслэн харуулсан.

Маркийг бүтээхэд Монгол Улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Доктор (PhD), профессор Н.Хишигт, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн, Доктор (PhD), профессор А.Пунсаг, Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг, материалын туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.

Соёлын яам

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө

Огноо:

,

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.

Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдэд дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Хөдөө, орон нутагт ШТС-ууд зориулалтын саванд шатахуун олгохгүй байна гэдэг асуудлыг иргэдийн зүгээс тавьсан.

Тэгвэл шуурхай штабын зүгээс зөвхөн Улаанбаатар хотод АИ92 шатахууныг саванд олгохгүй байх зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж, 8-р сарын 15-нд хязгаарлалтыг зогсоосон байдаг.

Иймээс хөдөө орон нутагт автобензин болон дизель түлшийг зориулалтын саванд хэвийн олгохыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням аж ахуйн нэгжүүдэд сануулж, бүх ШТС-уудад мэдээлэл хүргэж ажиллахыг сануулав.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Гэсэн ч хөдөө орон нутагт шатахууны хүлээгдэл бүрэн арилаагүй байна. Тэр дундаа Өмнөговь, Архангай, Дорнод, Дорноговь, Төв аймагт шатахууны хүлээгдэл өндөр байгаа учраас тус таван аймагт нэн даруй хангамжийг нэмэгдүүлэх үүргийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.

Мөн шуурхай штабын өнөөдрийн хурлаар уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дизель түлшний гурван сарын нөөц бүрдүүлэхийг анхааруулав.

Өнөөдрийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 7,6 хоног, “Багануур” ХК 12 хоног, “Монголросцветмент” ТӨҮГ 55 хоног, “Шивээ-Овоо” ХК 22 хоног, “Эрдэнэт” ТӨҮГ 16 хоног, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК 15 хоног, Хөтөлийн “Цемент Шохой” ХХК 20 хоногийн тус тус нөөцтэй байна.

Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК гурван сарын хэрэглээг хангах хатуу гэрээ байгуулах болоод 20000 метр кубын багтаамжтай агуулах барих бэлтгэл ажлуудыг хангаж байна.

Ойрын хугацаанд агуулах, сав түрээслэх, нэмэлт нөөц бүрдүүлж, эргэн мэдээлэх үүрэг өглөө гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана

Огноо:

,

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.

Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.

Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.

Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.

Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий хяналтын сонсгол болно

Огноо:

,

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’

Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны  есдүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:

  • Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг доор дурдсан цахим шуудангаар ирүүлж болно.
  • Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:  Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.

Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.

Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Ажлын алба

Дэлгэрэнгүй унших

Санал болгох