Шударга мэдээ
Нийтийн тээврийн шалгагч нар автобусны буудлуудад карт цэнэглэж байна
Нийслэлийн хэмжээнд автобусны “U money” карт цэнэглэх 1275 цэг байдаг. Гэвч Нийтийн тээврийн үйлчилгээний газарт автобусны карт цэнэглэх цэгийн хүртээмж, цагийн хуваарьтай холбоотой гомдлууд багагүй ирдэг. Тухайлбал, карт цэнэглэх цэг өглөө эрт онгойдоггүй, орой эрт хаах, эсвэл пос машин эвдэрсэн гэх мэтээр иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй. Энэ нь иргэд бэлэн мөнгөөр зорчих, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх нэг шалтгаан болж байна. Уг асуудлыг шийдвэрлэх, иргэдэд илүү хүртээмжтэй ажиллах, цар тахлын үед аль болох бэлэн мөнгөөр зорчуулахгүй байх үүднээс нийтийн тээврийн 200 гаруй шалгагч “Hi-Pay Wallet” аппликэйшний тусламжтайгаар иргэдийн автобусны картыг цэнэглэж эхэллээ. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу хүн ихээр зорчдог автобусны буудлуудад “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нар иргэдийн картыг газар дээр нь цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна.

Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийслэлийн хэмжээнд гурван байгууллагын 450 орчим шалгагч бүртгэлтэй байдаг. Одоогоор “Сити Баз Консалтинг” ХХК-ийн шалгагч нарыг дайчлан иргэдэд үйлчилж байна. Цаашид “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ гэх хоёр аж ахуй нэгжийн шалгагч нарыг ажиллуулан, иргэдийн нийтийн тээврийн картыг цэнэглэх үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна” хэмээв.

“Сити Баз Консалтинг” ХХК-ийн ахлах шалгагч Д.Нямсүрэн “Шалгагч нар “Hi-Pay Wallet” апплкэйшнээр автобусны карт цэнэглэх үйлчилгээ үзүүлээд хоёр хонож байна. Уг ажилд иргэд маш эерэг хандлагатай байгаа нь ажиглагддаг. Миний ажиллаж буй зүүн бүс буюу Офицероос Багшийн дээдийн буудал хүртэлх бүсэд 20 орчим шалгагч карт цэнэглэх үйлчилгээг үзүүлж байгаа. Коронавируст халдварын цар тахлын үед иргэд өөрсдийгөө эрсдэлээс хамгаалан, бэлэн мөнгөөр зорчихгүй байх хэрэгтэй. Иймд карт цэнэглэж буй шалгагч нарт хандах, карт цэнэглэх цэгээр дамжуулан “U money” картаа тогтмол цэнэглэх, “Hi-Pay Wallet” аппликэйшнийг хэрэглэж хэвшээрэй” хэмээн иргэдэд уриаллаа.
Иргэд гар утсандаа “Hi-Pay Wallet” аппликэйшнийг суулган бүртгүүлээд, картаа цэнэглэх боломжтой. Мөн уг аппликэйшний тусламжтайгаар автобусны картын үлдэгдлээ шалгах, хэзээ автобусанд сууж, хэзээ буусан, хэзээ хамгийн сүүлд картаа цэнэглэснээ хянах боломжтой юм.
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
-
Улстөр нийгэм2022/05/19
Гялсбанкаар гүйлгээ хийгээд iPhone 13 утасны эзэн болоорой
-
Цаг үе2020/10/02
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
-
Цаг үе2021/06/11
Үерийн устай холбоотойгоор Ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна
-
Цаг үе2021/05/04
Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, сурталчилгааны самбарыг албадан буулгаж байна
