Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Дэлхий эрчим хүчний хямралд өртөж байна

Огноо:

,

Дэлхийн эрчим хүчний хямрал улам бүр дордсоор байгааг олон улсын шинжээчид онцолж байна. Учир нь өсөн нэмэгдэж байгаа шатахуун болон хийн үнэ мөн дэлхийн цаг уурын өөрчлөлт энэ бүхэнд нөлөөлж байна гэж тэд хэлж байна. Байшинг гэрэлтүүлэх, халаахад урд өмнөхөөс илүү их эрчим хүч шаардагдаж байгааг олон улсын төлөөлөгчид мэдээллээ. Дэлхийн улс орнуудын засгийн газрууд хэрэглэгчдэд үзүүлэх нөлөөг хязгаарлахыг хичээж байгаа ч төлбөрийн хэмжээ огцом өсөхөөс сэргийлж чадахгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн удирдагчид арваннэгдүгээр сард цаг уурын талаар чухал уулзалтад бэлтгэж байх зуур цэвэр эко эрчим хүч рүү шилжих ажлыг засгийн газрууд эхлүүлээд байгаа билээ. Маш бага хугацааг үүнд төлөвлөж энэ дарамт шахалтаас болж асуудал улам хүндрэлтэй нөхцөл байдал уруу шилжиж байгааг мөн шинжээчид дурдлаа. Хятадад оршин суугчдын цахилгааныг таслах ажил хэдийнээ эхэлсэн бол Энэтхэгт цахилгаан станцууд нүүрс авах гэж улайрч байна. Европ дахь хэрэглэгчдийн өмгөөлөгчид хэрэв үйлчлүүлэгчид өр төлбөрөө яаралтай төлж чадахгүй байлаа ч гэсэн тэдний цахилгааныг таслахгүй байхыг уриалсаар байгаа юм.

"Энэхүү үнийн шок нь нэн чухал цаг үед гэнэтийн хямрал болж байна" гэж Европын холбооны эрчим хүчний тэргүүн Кадри Симсон лхагва гарагт хэллээ. Тус холбоо урт хугацааны бодлогын хариуг ирэх долоо хоногт танилцуулах болно хэмээгээд нийгмийн нөлөөллийг бууруулах, эмзэг бүлгийн өрхийг хамгаалах нэн тэргүүний зорилт байх ёстой гэдгийг илэрхийлэв. Мэргэжлийн албадын мэдээллээр Европт байгалийн хий нэг баррель нь 230 доллартай тэнцэх үнээр, газрын тосны хувьд 9 -р сарын эхэн үеэс 130 гаруй хувиар өссөн. Өнгөрсөн оны мөн үеэс найм дахин их байна. Зүүн Азид байгалийн хийн үнэ 9 -р сарын эхэн үеэс 85% -иар өсч, газрын тосны үнээр баррель нь 204 ам.долларт хүрчээ. Байгалийн хий экспортлогч АНУ -д үнэ харьцангуй доогуур хэвээр байгаа боловч сүүлийн 13 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн хэвээр байна. Байгалийн хийн аюулгүй байдлыг хангах идэвхжил нь нүүрс, газрын тосны үнийг өсгөж байгаа. Үүнийг зарим тохиолдолд орлох бүтээгдэхүүн болгож болох боловч цаг уурын өөрчлөлт энэ нөхцөл байдлыг хүндрэлтэй болгож байгаа юм байна. Нүүрснээс туйлын хараат хэвээр байгаа Энэтхэг энэ долоо хоногт хэлэхдээ, нүүрсээр ажилладаг 135 цахилгаан станцын 63 нь хоёр буюу түүнээс бага хоногийн нөөцтэй байна. Ер бусын урт, хүйтэн өвөл энэ оны эхээр Европ дахь байгалийн хийн нөөцийг шавхсан. Эрчим хүчний эрэлт ихсэх нь ихэвчлэн хавар, зуны улиралд тохиолддог.

Société Générale банкны эрчим хүчний шинжээчид " Цахилгаан эрчим хүчний үнэ урьд өмнө хэзээ ч ийм хурдан өсч байгаагүй энэ динамик нь дэлхий даяар мэдрэгдэж байна. АНУ -д 8 -р сарын эхнээс байгалийн хийн үнэ 47% -иар өссөн.  Нэмж дурдахад эрчим хүчний хямрал нь энэ долоо хоногт АНУ-д сүүлийн долоон жилийн дээд түвшинд хүрсэн нь газрын тосны үнийг нэмэгдэхэд нөлөөлж байна. Хүйтэн өвөл дэлхийн жишиг үзүүлэлт болох Brent маркийн нефтийн үнэ баррель тутамд 100 доллар давж магадгүй гэж саяхан Bank of America таамаглаж байсан. Үнэ 2014 оноос хойш тийм өндөр байгаагүй.

Эх сурвалж: CNN

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж, “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардалд шаардагдах  248 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Огноо:

,

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.

2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.

Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.

Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох