Улстөр нийгэм
Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжих” Банк санхүүгийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Алсын хараа 2050 – Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого” баримт бичиг батлагдаж, тус бодлогын баримт бичигт “Монгол улсын хүн амын дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ” гэсэн томоохон зорилтыг дэвшүүлээд буй.
Энэхүү зорилтын хүрээнд Дундаж давхаргын эрэлтэд нийцсэн зорилтод санхүүжилт, хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, дундаж давхаргад ээлтэй банк байгуулах, санхүүгийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх чиглэлийг бодлогын баримт бичигт тусгасан. Өөрөөр хэлбэл, дундаж давхаргад зээл, санхүүжилтийг олгох, тэднийг бойжуулах, хооронд нь холбох гүүр болох банк санхүүгийн тогтолцоог бий болгох талаар заасан байдаг.
Монгол Улсын Засгийн газраас хамгийн олон харилцагчтай, нийгмийн бүхий л давхаргад үйлчилж, санхүүгийн үйлчилгээг хүргэх эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж буй Төрийн банкийг “Дундаж давхаргыг дэмжигч банк” болгох зорилтыг дэвшүүлсэн.
Төрийн банк нь Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгж, 4000 гаруй мэргэшсэн боловсон хүчнээрээ дамжуулан арилжааны банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайханд чиглэсэн, төсөл хөтөлбөрүүд, иргэд, жижиг, дунд бизнес болон улс орны эдийн засгийн өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх бизнесийг дэмжин ажилласаар байна.
Түүнчлэн тус банк нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжиж буй жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх санхүүгийн хөтөлбөрүүдийг биелүүлэн ажиллаж, дундаж давхаргыг дэмжигч банк гэдгээ амжилттай харуулаад буй.
Төрийн банк дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилтын хүрээнд 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг боловсруулсан.
Тус төлөвлөгөөнд Төрийн банк Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт харилцагчдад санхүүгийн зөвлөгөө өгөх инкубатор бизнес төвүүдийг байгуулж, дундаж давхаргад зориулсан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна дундаж давхаргын хуримтлалын хадгаламж, тэтгэвэрийн сан хадгаламж, эрүүл мэндийн хадгаламж, аяллын хадгаламж болон бусад санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх юм. Мөн Бичил бизнесийн зээл, жижиг бизнес эрхлэгчийг дэмжих зээл, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зээл, гарааны бизнесийг дэмжих зээл, сургалтын төлбөрийн зээл, гялс зээл, санхүүгийн түрээс, орон сууцны хөнгөлөлттэй зээлүүдийг хамгийн таатай нөхцөлөөр олгоно.
Дундаж давхарга томрох тусам боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй, ажиллах хүчин сайтай, хөдөлмөрийн бүтээмжтэй, түүнийг дагаад ашиг, орлогын хэмжээ өндөр байдаг тул тэдний оруулж буй хувь оролцоо нь тэр хэрээрээ улсын эдийн засгийн өсөлтөнд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тийм ч учраас Төрийн банк улсын эдийн засгийн хөгжил, дэвшлийг хангах нийгмийн хамгийн идэвхитэй энэхүү хэсгийг дэмжихэд өөрийн бодит хувь нэмрийг оруулан ажиллаж байна.
Улстөр нийгэм
Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.
Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдэд дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.
Хөдөө, орон нутагт ШТС-ууд зориулалтын саванд шатахуун олгохгүй байна гэдэг асуудлыг иргэдийн зүгээс тавьсан.
Тэгвэл шуурхай штабын зүгээс зөвхөн Улаанбаатар хотод АИ92 шатахууныг саванд олгохгүй байх зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж, 8-р сарын 15-нд хязгаарлалтыг зогсоосон байдаг.
Иймээс хөдөө орон нутагт автобензин болон дизель түлшийг зориулалтын саванд хэвийн олгохыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням аж ахуйн нэгжүүдэд сануулж, бүх ШТС-уудад мэдээлэл хүргэж ажиллахыг сануулав.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Гэсэн ч хөдөө орон нутагт шатахууны хүлээгдэл бүрэн арилаагүй байна. Тэр дундаа Өмнөговь, Архангай, Дорнод, Дорноговь, Төв аймагт шатахууны хүлээгдэл өндөр байгаа учраас тус таван аймагт нэн даруй хангамжийг нэмэгдүүлэх үүргийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.
Мөн шуурхай штабын өнөөдрийн хурлаар уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дизель түлшний гурван сарын нөөц бүрдүүлэхийг анхааруулав.
Өнөөдрийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 7,6 хоног, “Багануур” ХК 12 хоног, “Монголросцветмент” ТӨҮГ 55 хоног, “Шивээ-Овоо” ХК 22 хоног, “Эрдэнэт” ТӨҮГ 16 хоног, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК 15 хоног, Хөтөлийн “Цемент Шохой” ХХК 20 хоногийн тус тус нөөцтэй байна.
Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК гурван сарын хэрэглээг хангах хатуу гэрээ байгуулах болоод 20000 метр кубын багтаамжтай агуулах барих бэлтгэл ажлуудыг хангаж байна.
Ойрын хугацаанд агуулах, сав түрээслэх, нэмэлт нөөц бүрдүүлж, эргэн мэдээлэх үүрэг өглөө гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Улстөр нийгэм
Ерөнхий хяналтын сонсгол болно
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:
- Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг доор дурдсан цахим шуудангаар ирүүлж болно.
- Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах: Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.
Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.
Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
