Улстөр нийгэм
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсгол зохион байгууллаа
УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг өнгөрсөн сарын 19-ний өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос холбогдох хуулийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа. Нийтийн сонсголд УИХ-ын гишүүд, Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газрын удирдлага, төлөөллүүд болон ажиглагч, оролцогчоор бүртгүүлсэн 15 иргэн оролцлоо.
Нийтийн сонсголын эхэнд НЗДТГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа нар Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх танилцуулгыг хийв.
ЦЕГ-аас Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж зөрчил, давхардлыг арилгах саналыг дэвшүүлэв. Мөн иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран цуглах эрхээ эдлэх хэлбэрийг баталгаажуулах, төр, иргэн хоорондын харилцан, хамтран ажиллах дэг горим болон жагсаал, цуглаан зохион байгуулахтай холбоотойгоор нутгийн захиргааны болон бусад төрийн байгууллагын чиг үүргийг тодорхой тусгах замаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар хуулийн хэрэгжилтийн танилцуулга хийх үеэрээ онцлон дурдлаа.

Түүнчлэн ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа танилцуулгынхаа үеэр тайван, хүчирхийллийн бусаар явуулж буй жагсаал цуглааныг хамгаалах, дэмжих, боломж олгох үүднээс тус хуулийг сайжруулах, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг гарцаагүй тохиолдолд хязгаарлах үндэслэл, журмыг маш тодорхой хуульчлах, жагсаал, цуглааныг сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэж бүртгүүлэх зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг МУ-ын иргэн хүний эрх, эрх чөлөөгөө эдлэх үр дүнтэй баталгаа болгоход чиглэгдсэн тодорхой таван саналыг дэвшүүлэв.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Сарангэрэл, Д.Ганбат болон бусад оролцогчид асуулт асууж, хариулт авлаа.
Сонсголын хааж УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ, “МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан хүний эрхийн үндэсний чуулганд тавигдсан илтгэлүүд, иргэний нийгмийн байгууллагууд, жагсаал цуглаан зохион байгуулагчид, хөдөлгөөнүүдийн зүгээс өгсөн саналуудыг үндэслэн өөрийн санаачилсан хуулийн төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл боловсруулагдаад Засгийн газрын хуралдаанаар орохоор бэлтгэгдэж байгаа. Цаашдаа эдгээр хуулиудыг нэгтгэн батлуулахад онцгой анхааран ажиллана.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг 1994 онд анх батлан гаргаснаас хойш нийтдээ таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсан хэдий ч төрийн байгууллага, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх, жагсаал цуглаан хийх эрхээ эдлэхэд өөр ашиг сонирхлоор жагсаал, цуглаан зохион байгуулснаас болж нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх, нийгмийн хэв журам алдагдах зэрэг тохиолдлууд гарч байсныг бид эргэн санах учиртай. Иймд төрийн нэрийн өмнөөс нийгмийн хэв журмыг хамгаалах үүднээс чиг үүргээ биелүүлж байгаа цагдаагийн эрх, үүргийг тодорхой болгох, бүртгэж байгаа Засаг даргын эрх үүрэг болон хүсэлт илгээсэн байгууллага, хөдөлгөөнүүдийн хариуцлагыг тодорхой болгож өгөх шаардлага байна гэдэг нь өнөөдрийн сонсголоос тодорхой болж байна. Мөн хил хязгаараа тодорхой болгох, төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбогдуулан заавал биеэр бус цахимаар хүсэлтээ өгөх, хуулийн хийдэл, давхцлыг арилгах, жагсаал, цуглаан, суулт, өлсгөлөн зэрэг нэр томьёоны хувьд тодорхой болгож ангилах зэрэг иж бүрэн зохицуулалтыг хийх шаардлагатай байна” хэмээв.
Улстөр нийгэм
COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.
Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.
Улстөр нийгэм
Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.
Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.
Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.
Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.
Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.
Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.
Улстөр нийгэм
“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
-
Цаг үе2024/01/25
Монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар уулзалт хийв
-
Улстөр нийгэм2019/11/21
ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг...
-
Улстөр нийгэм2025/01/22
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Үзэл бодол2022/06/21
С.Батсайхан: Амралтын өдрөөр орсон борооны үеэр 3000 гаруй тонн ус соруулсан
