Шударга мэдээ
Зорилтот бүлгийн 6098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгоно
БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2022 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэлх агаарын чанарын мэдээлэл болоод сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн мэдээлэл, нөөц, хяналт шалгалт, зөрчилтэй холбоотой мэдээллийг өглөө.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 608 цэг ажиллаж, хоногт дунджаар 4000 тонн орчим түлш борлуулжээ. Баярын өдрүүдэд сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтэд ямар нэг асуудал үүсээгүйг албаныхан хэлж байв. Өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга төвийн зургаан дүүрэгт оршин суугаа түлшний хомстолтой, зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгох чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тус халамжийн үйлчилгээг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран зохион байгуулахаар болсон юм. Энэ талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас 6098 зорилтот өрхийн жагсаалт гаргасан. Тус өрхүүдийг нийслэлийн зургаан дүүргийн агаарын чанарын бүсэд амьдардаг, нэн хүнд амьдралтай өрхүүдийн халамжийн оноон дээр тулгуурлан жагсаалаа. Дээрх айлуудад сайжруулсан шахмал түлшийг бэлнээр өгөхгүй. Харин сайжруулсан шахмал түлшний картыг нь цэнэглэж өгнө” хэмээв.
Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын нийгмийн халамжийн хэлтсийн дарга Л.Дуламсүрэн “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын “Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах” А/30, А/1274 дүгээр захирамжийн хүрээнд 2020 онд 7840 өрхөд сайжруулсан шахмал түлш олгож байсан. Тэгвэл 2021 онд 6098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгохоор хамтран ажиллах гэрээг сунгалаа. 6098 өрх нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 240 онооноос 40 болон түүнээс бага оноо авсан өрх, цар тахлын улмаас өрхийн орлогогүй болсон өрх болон байнгын оршин суух хаяггүй өрхүүдэд олгоно. 6098 өрхөд долоо хоногт зургаан шуудай нүүрсийг зургаан долоо хоногийн турш өгнө. Ингэхдээ долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагуудад тухайн хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын хоёр цэгээр дамжуулан сайжруулсан түлш олгоно” гэв.
Өнгөрсөн долоо хоногийн турш Цагдаагийн Ерөнхий газрын дуудлага, мэдээллийн 102 дугаарт угаартсан гэх 20 дуудлага ирсэн бөгөөд нэг хүний амь эрстэн, 56 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр угаартжээ. Угаартсан иргэдийн 56.1 хувь нь хүүхэд байв. Угаартсан шалтгааныг тодруулахад гар хийцийн буюу энгийн зууханд сайжруулсан шахмал түлш түлсэн, ханан пийшэн, яндан, зуухны битүүмж алдагдсан, угаар мэдрэгчгүй, угаар мэдрэгчийн зай дууссан, яндангийн соролтыг хаасан гэх мэт шалтгаан нөхцөлүүд тогтоогдсон байна. Мөн түүхий нүүрс хэрэглэж байна гэх долоон дуудлага, мэдээлэл ирснээс хоёр нь батлагджээ. “Иргэд түүхий нүүрстэй холбоотой дуудлага мэдээллийг маш сайн өгч, хамтран ажиллаж байгаа. Мэдээлсэн дуудлага бүр үнэн бодит байдаггүй бөгөөд дийлэнх нь хардлага, сэрдлэг байдаг ч мэдээлж байгаа нь маш зөв” гэдгийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн онцолж байв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
-
Шударга мэдээ2022/02/21
Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг шалгаж эхэллээ
-
Урлаг спорт2021/09/17
Э.Цэндбаатарыг сорил тоглолтод оруулахаар болов
-
Үзэл бодол2025/08/20
Б.Бат-Эрдэнэ: Бидний хувьд роботоо найдвартай ажиллах байдал дээр нэлээд анхаарч...
-
Улстөр нийгэм2020/10/01
С.Одонтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг сайжру...
