Цаг үе
Ч.Гантүлхүүр: Далан давхрын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил дөрөвдүгээр сард эхэлнэ
Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөсөн. Тус төслийн явцын талаар “Нью семетри” ХХК-ийн mөслийн мэргэжилтэн Ч.Гантүлхүүрээс тодрууллаа.
-Далан давхрын оршуулгын газарт хэдэн оноос хойш шарил тавих болсон бэ. Өдгөө хэчнээн шарил байна вэ?
-Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан бологчдоо нутаглуулсаар ирсэн. Ийнхүү НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолоор тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг. 2015 оны байдлаар нийт 73.9 га талбайд 47.6 мянган булш байгаа гэх тоо гарсан бөгөөд нийт булшны 35.3 хувь нь эвдэрч, муудсан бол 1.1 хувь нь ухагдаж, тоногдсон байдалтай байна.
-“Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах ажлыг хэзээнээс санаачилсан бэ?
-Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, нийслэл хотын хүнсний гол захтай зэрэгцэн оршдог. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 109 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Нью семетри" ХХК болон “Улаанбаатар буян” ХХК хамтран тус төслийг хэрэгжүүлэхээр болсон юм. Уг төслийн хүрээнд оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, эмгэг судлалын төв /цогцос хадгалах байр/, салах ёслолын өргөө, буяны сүм зэргийг байгуулна.

-Төсөл хэрэгжих 10 га талбайд орсон шарилнуудын мэдээллийг гаргасан болов уу. Ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож байгаа юу?
-Төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн ба нийт 10.934 булш тоологдсон. Тэдгээрийн 48.4 хувь буюу 5291 булш нь нэр тодорхой, эзэнтэй бол үлдсэн 51.6 хувьд хамаарах 5643 булш тодорхой эзэнгүй, хаягдсан байна. Бидний зүгээс нэрс нь тодорхой байгаа булшнуудын мэдээллийг www.sambalkhundev.mn сайтад байршуулан, мэдээллийн сан үүсгэсэн. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах талбайд орсон шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон, бодит мэдээллээр хангах, санал хүсэлтийг хүлээн авахаар ажиллаж байна. Одоогийн байдлаар www.sambalkhundev.mn сайтад 1990 хүн хандан, талийгаачийнхаа талаар мэдээлэл авсан. Мөн 7210-0101 лавлах дугаарт 531 хүн холбогдсон бол 14 хүн биечлэн уулзаж, манай төсөлтэй танилцсан. Сар гаруйн хугацаанд 2600 орчим хүн төслийн багт хандан талийгчаа хайсан боловч төслийн талбайд орсон 62 шарилын ар гэрийнхэнтэй холбогдоод байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар руу мэдээллүүдийг нь илгээж, ар гэртэй нь холбоо тогтоох ажил үргэлжилж байгаа.

-Талийгаачдын ар гэртэй холбогдсоны дараагаар шарилыг нүүлгэн шилжүүлэх үү. Нүүлгэн шилжүүлэх ажлыг хэзээнээс эхлэхээр төлөвлөсөн бэ?
-Төслийн хүрээнд шарил нүүлгэн шилжүүлэх, чандарлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөсөн. Мэдээж шарилыг холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн, нэгдсэн журмаар хүндэтгэлтэйгээр газраас гарган чандарлаж, чандрыг шинээр байгуулах дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд зална.
-Төслийн бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд талийгаачдын шарилыг хаана хадгалах вэ?
-Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдах хүртэл “Улаанбаатар буян” ХХК-ийн Баруун болон Зүүн буяны төв цогцолборт шарилуудыг түр хадгалахаар төлөвлөсөн.
-Нэр тодорхойгүй 5000 гаруй булшийг хэрхэхээр төлөвлөсөн вэ?
-Нэр тодорхойгүй 5643 булшны 3964 нь хөшөө чулуугүй, 796 булшны хөшөө эвдэрсэн, зургаан булшны хөшөөний бичиг арилсан байдалтай байгааг тогтоосон. Эдгээр шарилын нэрсийг тогтоох боломжгүй тул хүндэтгэлтэйгээр тус бүрчлэн чандарлан, залах болно. Түүнчлэн БНХАУ-ын 178, ОХУ-ын зургаан иргэний булш байгаа. Эдгээр булшийг шилжүүлэх тухай асуудлаар тус улсуудын Элчин сайдын яаманд хандаад байна.
-Төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжлэхэд хүндрэл үүсэж байна уу?
-Хүндрэл гэхээс илүүтэй бүтээн байгуулалтыг тогтсон цагт нь эхлүүлэх хэрэгтэй байна. Талийгаачдын ар гэртэй яаралтай холбоо тогтооход иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа чухал шаардлагатай. Иймд тухайн байршилд талийгаач нь байгаа иргэд 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны таниулах хэсэг, “Улаанбаатар буян” ХХК-ийн төв байр, цахим мэдээллийн сан бүхий www.sambalkhundev.mn веб сайт болон 7210-0101 лавлах дугаарт яаралтай хандаарай гэж хүсмээр байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Цаг үе
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
Цаг үе
BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж байна
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерийн үнэлгээ үргэлжилж байна.
Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, техник, эдийн засгийн үндэслэл, төслийн үзэл баримтлал, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатны төлөвлөлт зэрэг суурь ажлыг бүрэн дуусгажээ.
Одоогоор инженерийн нарийвчилсан зураг төсөл, барилгын ажлын хяналт, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах хоёр багц зөвлөх үйлчилгээний тендерийг Азийн хөгжлийн банкны журмын дагуу 2026 оны тавдугаар сарын 14-нд олон улсад зарласан байна.
Тендерт оролцогчдын саналыг зургаадугаар сарын 10 хүртэл хүлээн авч, одоо техникийн болон санхүүгийн үнэлгээ хийж, богино жагсаалт гарган хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэхүү сонгон шалгаруулалтад гадаад, дотоодын хамтарсан 23 байгууллага материалаа ирүүлжээ.
Сонгон шалгаруулалт дууссаны дараа төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, иж бүрэн зураг төслийг боловсруулах байгууллагыг тодруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
BRT систем нь автобусанд зориулсан тусгай эгнээг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөснөөр уулзвар дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нийтийн тээврийг зорчуулах шийдэлтэй. Мөн автобуснууд ухаалаг гэрлэн дохионы системээр уулзварыг давуу эрхтэй нэвтрэх боломжтой тул хөдөлгөөний хурд, цагийн нарийвчлал сайжрахыг судалгаанд дурджээ.
Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үеийн автобусны дундаж хурд одоогийн 5-8 км/цаг-аас 20-25 км/цаг хүртэл буюу 4-5 дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Ингэснээр иргэдийн зорчих хугацаа богиносож, нийтийн тээврийн үйлчилгээ илүү тогтвортой, цагийн хуваарийн дагуу ажиллах нөхцөл бүрдэхээр байгааг албаныхан онцоллоо.
Цаг үе
Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ
Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт анх удаа бүртгэгдэж, лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран халдварыг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомтын болон хязгаарлалтын бүсийн малыг дархлаажуулах зэрэг шуурхай арга хэмжээг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд БНХАУ-аас 1.65 сая тун SAT-1 хэвшлийн вакцин нийлүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулснаар өвчний тархалтыг хязгаарлан хяналтад аваад байна.
Мөн ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төвөөс үйлдвэрлэсэн О болон SAT-1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг 2.0 сая тун вакцин энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд орон нутагт бүрэн хүргэж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ноос нэмэлт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Нэмэлт дархлаажуулалтад эрсдэлтэй бүсийн 2.3 сая гаруй толгой мал хамрагдах бөгөөд үүнд:
- Баян-Өлгий аймгийн дөрвөн сумын 683.7 мянган толгой мал,
- Ховд аймгийн найман сумын 1.0 сая толгой мал,
- Говь-Алтай аймгийн 110.0 мянган толгой үхэр,
- Увс аймгийн 283.3 мянган толгой үхэр,
- Завхан аймгийн 284.4 мянган толгой үхэр багтаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад анх бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний тархалтыг бүрэн хязгаарлах, халдварын эрсдэлийг бууруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолжээ.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас малчид, мал бүхий иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, малын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээр, биоаюулгүй байдлын дэглэмийг чанд мөрдөн ажиллахыг уриаллаа.
-
Цаг үе2024/05/21
Хувийн хэрэглээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эм бэлдмэл...
-
Шударга мэдээ2019/10/01
“Хил орчмын нутаг дахь тарваган тахал өвчний эрсдэлийг бууруулах”-д ...
-
Улстөр нийгэм2021/05/06
Л.Оюун-Эрдэнэ: АН хуваагдсаны буруутан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч ас...
-
Улстөр нийгэм2021/02/10
Батлагдаагүй мэдээллийг нийгэмд өгөхгүй байхыг сануулав
