Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ТБХ: Хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцөхийг дэмжлээ

Огноо:

,

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь дэмжлээ. 

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн. 

Төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажилллагааны хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Төслийг хэрэгжүүлснээр харьцангуй бага ашиглагдсан бэлчээрийг хамгаалах, даац хэтэрсэн хэсгийг зохицуулалт хийх замаар удирдах, малын эрүүл мэндийн үйлчилгээ, сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, ган, зуд гэх мэт байгалийн гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг  ач холбогдолтой гэв.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Д.Өнөрболор нар асуулт асууж,  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санал хэллээ.

Гишүүдийн зүгээс малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үрийн нөөц болон малчдын мэдлэгийг дээшлүүлэх, мал эмнэлгийг чадавхжуулах талаар төсөлд тусгагдсан эсэхийг лавлав. Мөн өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн өндөр өртөг, санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийн үр дүнд хяналт тавьсан эсэх, төсөл хэрэгжүүлэх аймгуудыг ямар шалгуураар сонгосныг илүүтэй тодруулж байлаа. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, Энэ төсөл нь Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор  гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 сумдад хэрэгжинэ. Төслийн үндсэн агуулга нь хоршооллыг дэмжихэд чиглэсэн гэдгийг тодотгохын зэрэгцээ 466 малчдын бүлэгт 14,000 хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар малын тэжээлийг сайжруулах, 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулахаар тусгагдсан. Малыг эрүүлжүүлэх ажлын хүрээнд нийтдээ 54 мал эмнэлгийн чадавхыг сайжруулахаар төсөлд тусгагдсан гэж байлаа. Мөн тэрбээр, 2018 оноос хойш судалгаа хийж хамгийн их малын өсөлттэй аймгууд тэдгээрийн бэлчээрийн даацыг судлан сонгосон гэж байлаа. 

Ажлын хэсгийн зүгээс 2022 онд 120 зээлийн төсөл, 31 тусламжийн төсөл хэрэгжинэ. Үүнээс Азийн хөгжлийн банкнаас 45 төсөл хэрэгжиж байна. Зээл, тусламжийн төслүүдэд Үндэсний аудитын газраас жил бүр аудит хийдэг бөгөөд цаашлаад санхүүжүүлэгчдийн зүгээс улирал тутам хяналт тавьж, хэрэгжүүлэгч  байгууллагуудтайгаа  авах арга хэмжээгээ тохиролцдог гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.  

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо. 

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2022 оны 01 дүгээр 13-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.  

Төслийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангах, Засгийн газрын төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, шинэ технологи, стандарт, менежментийн арга барилыг нэвтрүүлэх зорилго бүхий “Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр’’-ийг 20.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг салбарын сайд танилцуулгадаа тодотгоод хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ, техник эдийн засгийн  үндэслэл, нарийвчилсан судалгаа хийх, зураг төсөл боловсруулах, дэд арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж байлаа. 

Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, гадаадын зээл, тусламж нь үнэгүй мөнгө биш учир цаашид үр ашгийн асуудалд онцгой анхаарах шаардлагатайг тодотгосон бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, хөтөлбөрийн хэлэлцээрийн нэгдүгээр хэсэг буюу хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн ашиглалт, хөдөөгийн хөгжил, төрийн салбарын удирдлагад 3.4 сая ам.долларыг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэхүү салбарын төслийн санхүүжилтийг нэмэгдүүлж, улмаар тэрхүү хөрөнгийг чанартай вакцинд зарцуулж, малаа эрүүлжүүлэх шаардлагатай гэв. Харин УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн төслийн зөвшилцөх асуудлыг дэмжсэний дараа асуудлыг нарийвчлан хэлэлцье гэсэн саналтай байлаа. 

Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр (Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр)-ийн төслийг  зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон яамны газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

Албаныхны мэдээлснээр, хурал эхлэхэд 20 хоног үлдээд байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай үргэлжилж байна. Цаашид дотоод зохион байгуулалтыг нарийвчлан төлөвлөж, хурлын мэдээлэл, хөтөлбөр, хуваарийг олон нийтэд тогтмол хүргэхэд анхаарах шаардлагатайг онцолжээ.

Мөн хурлын талбайг зөвхөн албаны хүмүүст бус, мэдээлэл авахыг хүссэн иргэдэд тодорхой хэсгээр нь нээлттэй байлгаж, E-Mongolia системийн бүртгэлээр нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэв.

Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор зорчих чиглэл, автомашины зогсоол, үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид зохион байгуулах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон БНСУ-ын Азийн соёлын төв хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад дижитал соёлын нөөцийн удирдлагын систем байгуулах, соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн ээлжит сургалт долоодугаар сарын 22-28-ны өдрүүдэд БНСУ-ын Куанжу хотод боллоо.

Сургалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төвийн 15 албан хаагч хамрагдав. Тэд түүх, соёлын өвийг 2D, 3D технологиор цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглан соёлын контент бүтээх аргачлалд суралцаж, GLAM 2.0 цахим удирдлагын нэгдсэн системтэй танилцжээ.

Нээлтийн үеэр Азийн соёлын төвийн гүйцэтгэх захирал Ким Сан Үг төслийн ач холбогдлыг онцлон, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг тэмдэглэв. Мөн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаар "Хүннүгийн язгууртны булшны дурсгал"-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэнд баяр хүргэжээ.

Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг төслийн хүрээнд Монголын түүх, соёлын өвийн мэдээллийг олон улсад хүртээмжтэй түгээж, иргэдийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Төслийн хүрээнд Соёлын өвийн үндэсний төвийн дэргэд "Цахим архивын төв" байгуулахаар болсон бөгөөд БНСУ-ын талаас 60 сая воны өртөг бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар хандивлажээ. Тус төвийг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монголын түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу цахим хэлбэрээр баримтжуулж, урт хугацаанд хадгалан хамгаалах боломж бүрдэх юм.

Мөн энэ үеэр Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан "Долоон нар" хүүхдийн жүжиг Куанжу хотод нээлтээ хийж, 2027 онд Монголд аялан тоглохоор болсон байна.

Түүнчлэн төслийн баг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургуулийн удирдлагатай уулзаж, соёлын салбарын мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтад хамруулах хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

2025-2028 онд хэрэгжих уг төслийг БНСУ-ын Чоннамын үндэсний их сургууль хэрэгжүүлж байгаа бөгөөд Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах, дижитал технологид суурилсан соёлын контент бүтээх хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ

Огноо:

,

БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.

ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.

Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.

Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.

Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.

Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм22 цаг 58 минут

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе23 цаг 4 минут

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе23 цаг 8 минут

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ23 цаг 13 минут

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе23 цаг 21 минут

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе23 цаг 26 минут

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм23 цаг 29 минут

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох