Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хилийн боомтуудыг төмөр зам болон авто замаар холбоно

Огноо:

,

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ийн урьдчилсан хэлэлцүүлэг “Боомтын сэргэлт” сэдвийн хүрээнд боллоо.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээврийн салбарын болон боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр үндсэн таван зорилт дэвшүүлсэн. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбож ачаа тээврийн урсгал, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ачаа тээврийн урсгалыг сайжруулна.  

Мөн Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, агаарын зайн ашиглалтыг сайжруулан, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар хэрэгжүүлж, ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалыг дэмжих зорилт тавьсан.

Хэлэлцүүлгийн эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Хилийн боомтын дэд бүтцийн холболт” сэдвээр мэдээлэл хийж, бодлогоо танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газраас баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд өнгөрсөн онд Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам барих төсөл орсон. Үүнээс гадна Богдхан төмөр зам төсөл, төмөр замын шинэчлэлийн ажил, Хөөт-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн баруун босоо төмөр зам, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд бий. Энэхүү төмөр замууд ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, трассын дагуу байх 230 орчим уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд оруулж, 13 мянган байнгын ажлын байр, 23 мянган түр ажлын байр бий болно” гэлээ.

Мөн автозамын салбарт 15 боомтыг хатуу хучилттай авто замаар холбоно. Хилийн боомтуудыг хатуу хучилттай  авто замаар холбосноор зорчигчийн болон тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдэж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, 25 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, нүүрс тээвэрлэлтийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлнэ.

Нисэхийн салбарын хувьд манай улсад өнөөдөр агаарын замын дөрвөн боомт бий. Үүн дээр гурван нисэх буудлыг байнгын ажиллагаатай агаарын замын боомт болгон нэмэгдүүлнэ. Цаашдаа ачаа, тээврийн болон зорчигчийн тэр дундаа аялал, жуулчлалын гол бүс нутаг руу чиглэсэн урсгалыг холбох боломж бүрдэнэ. Ингэснээр ОХУ, БНЧУ, БНХАУ зэрэг 20 орчим орны 150 гаруй хот руу нислэг гүйцэтгэх боломжтой болж, зорчигчийн болон ачаа тээврийн урсгал нэмэгдэх, төвлөрлийг сааруулахад дэмжлэг болно гэв.

Хилийн боомтууд дахь ачих, буулгах байгууламж буюу терминалын хувьд өнөөдөр зөвхөн Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтод ажиллаж байна. Цаашдаа Булган, Ханги, Бичигт боомтууд дээр хийгдэнэ. Энэхүү төслүүд хэрэгжсэний ачаа нэвтрүүлэх хэмжээ багадаа 55.4 сая тонн буюу 2019 онтой харьцуулах 47 хувиар өсөх тооцоо байна. Холимог тээврийн логистикийн хувьд Гашуунсухайт, Алтанбулаг боомтод түлхүү ажиллана. Уламжлалт технологиос гадна хөрш орны хилийн боомт дээр нэвтрүүлж буй шинэ технологийг өөрийн улсдаа нэвтрүүлэх хэрэгцээ үүсээд байна. Тиймээс хамгийн түрүүнд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтод БНХАУ-ын талаас тавьж байгаа ухаалаг тээврийн систем буюу жолоочгүй тээврийн хэрэгсэл, дүүжин тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.  

Дээрх төслүүд амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд ядуурлын түвшин 6.2 пунктээр буурч, Улаанбаатар хотын хүн ам 5.6 хувиар буурч, төвлөрөл саарч, дотоодын нийт бүтээгдэхүүн 52.2 их наядаас 58 их наяд төгрөг буюу 11.2 хувиар нэмэгдэнэ” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд онцлон хэллээ.  

Үдээс хойшхи хэлэлцүүлэгт  Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Монголын Логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд, “Нью-Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэо, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Эм Си Пи Си Жи Ар” компанийн гүйцэтгэх захирал Ж.Батсайхан нар оролцож тус тусын байр сууриа илэрхийлсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ

Огноо:

,

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.

Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.

Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Огноо:

,

Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.

Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Огноо:

,

БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.

БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох