Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.  

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд дараах асуудлыг зохицуулахаар тусгажээ.

  • Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,
  • Нийслэлийн Засаг дарга 2 хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга 1-ээс илүү орлогч даргатай байхыг хориглох,
  • Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,
  • Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох,
  • Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан байна.

Энэ удаагийн төсвийн тодотголоор конторын барилга 6, наадмын талбай 3, Соёлын төв 7, Спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгажээ.

Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдах юм байна.

Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих доорх арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгасан байна.

  • Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн 1 сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох,
  • Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорь барихад зориулж 1 их наяд төгрөгийн 3 хувийн хөнгөлөлтэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох,
  • Импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор импортын гаалийн албан татвараас чөлөөлөх,
  • Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээг багтаажээ.

Энэ удаагийн төсвийн тодотгол нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогын эхлэл гэж хууль санаачлагчид үзжээ.

Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч, жил бүр нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн шилжин ирж байгаа аж.

Иймд хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах цогц үе шаттай бодлогын арга хэмжээнээс энэ удаагийн төсвийн тодотголоор эхний ээлжинд дараах арга хэмжээг авахаар тусгажээ.

  • Нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах,
  • 2 настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож хувьсах зардлыг олгох,
  • Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж олгох,
  • Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даах,

Түүнчлэн хөдөө, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор, бизнес эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх үүрэг өглөө

Огноо:

,

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо.

Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдэд дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Хөдөө, орон нутагт ШТС-ууд зориулалтын саванд шатахуун олгохгүй байна гэдэг асуудлыг иргэдийн зүгээс тавьсан.

Тэгвэл шуурхай штабын зүгээс зөвхөн Улаанбаатар хотод АИ92 шатахууныг саванд олгохгүй байх зохицуулалтыг түр хугацаанд хэрэгжүүлж, 8-р сарын 15-нд хязгаарлалтыг зогсоосон байдаг.

Иймээс хөдөө орон нутагт автобензин болон дизель түлшийг зориулалтын саванд хэвийн олгохыг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням аж ахуйн нэгжүүдэд сануулж, бүх ШТС-уудад мэдээлэл хүргэж ажиллахыг сануулав.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн орон нутгийн шатахууны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Гэсэн ч хөдөө орон нутагт шатахууны хүлээгдэл бүрэн арилаагүй байна. Тэр дундаа Өмнөговь, Архангай, Дорнод, Дорноговь, Төв аймагт шатахууны хүлээгдэл өндөр байгаа учраас тус таван аймагт нэн даруй хангамжийг нэмэгдүүлэх үүргийг аж ахуйн нэгжүүдэд өглөө.

Мөн шуурхай штабын өнөөдрийн хурлаар уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг дизель түлшний гурван сарын нөөц бүрдүүлэхийг анхааруулав.

Өнөөдрийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 7,6 хоног, “Багануур” ХК 12 хоног, “Монголросцветмент” ТӨҮГ 55 хоног, “Шивээ-Овоо” ХК 22 хоног, “Эрдэнэт” ТӨҮГ 16 хоног, “Эрдэнэс Алт Ресурс” ХХК 15 хоног, Хөтөлийн “Цемент Шохой” ХХК 20 хоногийн тус тус нөөцтэй байна.

Харин "Эрдэнэс Тавантолгой" ХК гурван сарын хэрэглээг хангах хатуу гэрээ байгуулах болоод 20000 метр кубын багтаамжтай агуулах барих бэлтгэл ажлуудыг хангаж байна.

Ойрын хугацаанд агуулах, сав түрээслэх, нэмэлт нөөц бүрдүүлж, эргэн мэдээлэх үүрэг өглөө гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана

Огноо:

,

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.

Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.

Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.

Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.

Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий хяналтын сонсгол болно

Огноо:

,

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’

Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2026 оны  есдүгээр сарын 21-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ:

  • Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд хүсэлтэд өөрийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг доор дурдсан цахим шуудангаар ирүүлж болно.
  • Оролцогч нь санал, тайлбар, мэдээлэл ирүүлэх бол сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.

Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:  Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/

Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай тул аль өдөрт нь сонсголд оролцох хүсэлтэй байгаагаа хүсэлтэд тодорхой бичнэ үү.

Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.

Анхаарах: Оролцогч нь сонсголын үеэр дэг сахиж, сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Ажлын алба

Дэлгэрэнгүй унших

Санал болгох