Шударга мэдээ
Их дэлгүүрийн зүүн талын авто замын шинэчлэлийн ажлыг өнөөдрөөс эхлүүлнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ. Тодруулбал, Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажлыг тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тус ажлын хүрээнд тэгшилгээний хучилт, өнгө хучилт, хашлагуудыг шинэчлэх, инженерийн шугам, сүлжээний худгийг өндөрлөх зэрэг ажлыг хийх юм.

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат “Зорчих хэсгийн хучилтыг хийхэд зам зайлшгүй хаах шаардлагатай. Хучилтаас бусад ажлын үед замын хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хөдөлгөөн зохион байгуулалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Хучилтын ажлын хэмжээнээс шалтгаалан зам хаах хугацааг тогтооно. Богино замуудыг нэг өдөр л зам хаана. Харин урт хэмжээний замуудыг 1-2 хоног хаах юм. Зам хаах болон хөдөлгөөн зохион байгуулалтын талаарх мэдээллийг засварын ажил эхлэхээс 3-5 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдэгдэнэ” гэлээ.

Шударга мэдээ
“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад бодитой, эерэг нөлөө үзүүлнэ
“Улаанбаатар Трам” төслийг “Зунжин" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 11 км-т нэгдүгээр шугам, Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км-т хоёрдугаар шугам болгон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг “Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ” боловсруулж, Зам тээврийн яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Зам тээврийн хөгжлийн төвийн мэргэжлийн экспертүүдээр магадлуулж, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлуулсан. Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр НИТХ-ын ээлжит бус VII хуралдааны II хэлэлцүүлгээр төслийн нэг, хоёрдугаар шугамын Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хэлэлцэж, дэмжсэн билээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хот байгуулалт болон тээврийн зардал, байгаль орчны олон давуу тал, үр ашигтайг ТЭЗҮ-д тодорхойлсон.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч, Яармаг–Нисэх орчмын хүн ам 323 мянга болох урьдчилсан судалгаа бий. Хотын хүн ам, ажлын байр, үйлчилгээний төвлөрөл эрчимтэй нэмэгдэх тус чиглэлд “Улаанбаатар Трам” төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн төвлөрлийг тэнцвэржүүлэх, хотын хөдөлгөөний үр ашиг, иргэдийн өдөр тутмын зорчилтыг сайжруулахад чухал үүрэгтэй.
· Замын түгжрэлийг бууруулж, зорчих хугацааг хэмнэх замаар жилд 49.6 сая ам.доллар хэмнэх боломжтой.
· Тээврийн хэрэгслийн түлш, бензин, ашиглалтын зардлыг бууруулснаар жилд 14.2 сая ам.доллар хэмнэнэ.
· Зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтэж бэртэх хүний тоо 10 - 22 хувиар буурч, амь нас эрсдэх эрсдэлийг багасгах замаар жилд 370,000 ам.долларын эдийн засгийн хэмнэлт бий болно.
· CO₂ ялгаруулалт жилд 39 мянган тонноор, NO₂ ялгаруулалт жилд 234 тонноор, PM2.5 ялгаруулалт жилд 2.7 тонноор тус тус буурна.
· Цахилгаан эх үүсвэртэй тул дуу чимээ багатай, агаар бохирдуулахгүй, хүлэмжийн хий ялгаруулахгүй.
“Улаанбаатар Трам” төслийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 24/08 дугаар тогтоол, 2025 оны 25/111 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын 2024 оны А/10 дугаар тушаал, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргын 2025 оны А/19 дүгээр тушаалд үндэслэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Шударга мэдээ
Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм.
Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад албан тушаалтанд өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын талбайд ажиллах үеэр үйлдвэрийн удирдлагын зүгээс үл хөдлөхийн болон газрын татвар зэргээс шалтгаалан төсөл гацаанд орох, санхүүжилт зогсох, татварын өр төлбөр өдөр тутам нэмэгдэж байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан билээ. Тэгвэл үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэн хөгжүүлснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөхөөс гадна дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэх юм.
Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээг Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр шуурхай хэлэлцсэний дараа хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ-д үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг мөн үе шаттай, шуурхай шийдвэрлэнэ.
Шударга мэдээ
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
