Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо

Огноо:

,

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.05.18/ хуралдаанаар Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. Мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хийлээ.

Монгол Улсын газрын тосны баталгаат нөөц 333.8 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц 33.4 сая тонн байгааг сайд Г.Ёндон мэдээллийнхээ эхэнд онцолсон. “Петрочайна Дачин Тамсаг” компани 1998-2021 онд улсын төсөвт 2 их наяд 35 тэрбум төгрөгийг оруулсан. Энэ хугацаанд нийтдээ 9.5 сая тонн газрын тос, түүхий нефтийг БНХАУ руу экспортолсон гэлээ. Хэдийгээр манай улс өөрийн гэсэн газрын тос олборлодог боловч өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь гадаад зах зээлээс худалдаж авдаг, 2021 оны байдлаар 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авч, 1.1 тэрбум ам.долларыг зарцуулсан байна. 2025 онд баталгаат нөөц нэмэгдэж, ашиглалтын баталгаат нөөц 47 сая тонн болно гэсэн төлөвлөгөөтай байгааг сайд дуулгасан. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил тутам 7-10 хувийн хооронд хэлбэлзэн нэмэгдэж байдаг бөгөөд 2025 онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2.5 сая тонн болно гэсэн тооцоо бий гэлээ. Үүнийхээ 55 хувийг бид газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хангаж эхэлнэ гэж тооцсон. Гэхдээ тодорхой асуудлууд байгаа гэж сайд хэлсэн.

1991 онд УИХ-аас баталсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993 онд АНУ-ын “Снайдер ойл” корпорац газрын тосны хайгуулын  Буйр XXII талбайд, “Медаллион ойл” компани Тосон-Уул XIX талбайд, 1995 онд Снайдер ойл корпорац Тамсаг-XXI талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээг тус тус байгуулсан байна.

Дээрх хоёр талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Хятадын үндэсний газрын тосны корпорацын харьяа төрийн өмчит “Дачин ойл фийлд лимитед” компани нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Соко Интернэйшнл плс” компанитай “Хувьцаа худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулснаар 1993 онд байгуулсан Тосон-Уул XIX, 1995 онд байгуулсан Тамсаг XXI талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авсан аж.

Сүүлийн үеийн хууль эрх зүйн бичиг баримт шинэчлэгдэхийн хэрээр анх байгуулж байсан Бүтээгдэхүүн хуваах тухай гэрээнүүд нь Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудтай зөрчилдөх явдал ихээр гарах болсон байна.

Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд, Татварын багц хууль 2012 онд шинэчлэгдсэн нь анх хөрөнгө оруулалт татах зорилготой байгуулж байсан анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгээд байгаа юм байна.

Татварын болон нийгмийн даатгалын улсын байцаагч нар 2018 онд хууль тогтоомжийн хүрээнд акт, торгууль тавьсан боловч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2019 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Улмаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Тиймээс Засгийн газрын хуралдаанаар газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийн Монгол Улсын шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан гэсэн мэдээллийг өгсөн.

Сайдын тайлбарласнаар, Тосон уул талбайн хувьд Монгол Улс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, газрын тосны нөөц ашиглалтын төлбөр авдаггүй. Энэ гэрээгээр нийт олборлосон тосны 40 хувийг БНХАУ-ын компани хайгуул, олборлолт хийхэд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөх зориулалтаар авдаг байна. Үлдсэн 60 хувь тосны 40 хувийг Монгол Улс авч, үлдэх 60 хувийг гэрээлэгч тал авдаг байна. Үүнийг нарийвчлан ойлговол, 100 хувь тосны хорин дөрвөн хувийг Монгол Улс, 76 хувийг гэрээлэгч тал авдаг гэлээ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцсан. Манай улсад, монголын ард түмэнд ашиггүй, харин бүр хохиролтой гэдэг ийм л дүгнэлтийг өгөхөөр байгаа. Энэ гэрээ байгуулагдаад нэлээн хэдэн жил болчихсон. Монгол Улсын олон хуулийг санаатай, санамсаргүй байдлаар зөрчсөн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгжүүд тэгш эрхтэй, татвараа, нийгмийн даатгалаа төлөөд явах ёстой. Гэтэл гэрээгээр чөлөөлчихсөн. Манай хууль хяналтынхан, татвар, нийгмийн даатгалын байгууллага ажиллаад хууль тогтоомжийн дагуу төлбөр тавихаар Татварын ерөнхий газар, Маргаан таслах зөвлөл, шүүх зэрэг байгууллагуудаар явж байгаад замхраад алга болдог, хүчингүй болдог. Гэрээлэгч компанийн гаргаж байгаа тосноос экспортын татвар авдаггүй. Энэ компанийн оруулж ирж байгаа техник хэрэгсэл, ажилчдын хувцас, хоол унд, бүх зүйлүүдийг татвараас чөлөөлчихсөн.

Ажилчид нь гадаадынх, орон нутгаас ажилчид авдаггүй. Сум, аймагтай ерөөсөө хамтарч ажилладаггүй, тэдний тавьсан шаардлагыг үл тоодог. Мөн гүйлгээ зардал, санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гэрээн дээрээ гадаадад данс нээж болно гэж заасан гэдэг. Тэгээд баримт, санхүүгийн үйл ажиллагаа, бүх зүйл нь хятад хэл дээр, тэрнийгээ авчирч өгдөггүй, шалгуулдаггүй, дутуу хагас өгдөг гээд маш ойлгомж муутай. Тэгсэн мөртөө дөрвөн тэрбумын хөрөнгө оруулаад 1.5 тэрбумын ашиг олсон гэж байна. Үүнийг нь тооцоод тодорхойлох боломж нөхцөл бүрдэхгүй. Өөрсдийнх нь амаар явж байх жишээтэй. Нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчныг бохирдуулдаг ус ашиглах зөвшөөрөл байхгүйгээр усыг дураараа ашиглаж байдаг, бохирдуулж байдаг, ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гээд хэлэх зүйл олон байна. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, уландаа гишгэсэн ийм л гэрээ байна гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Баделхан, бид шинээр нефть боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. 2025 онд ашиглалтад орно. Энэ үйлдвэрийг хангах түүхий эд нефтийн тооцоо гарсан уу. Өнөөдрийн энэ ашиглаж байгаа талбайгаас гарсан түүхий нефтийг шинэ нефтийн үйлдвэрт ашиглаж болох уу. Анхны байгуулсан гэрээгээрээ хятадууд авсаар байх юм уу гэсэн асуулт тавьсан.

Ажлын хэсгийн хариулснаар, гэрээний нөхцөлөөр бол нөөцөө дуустал ордыг ашиглах юм байна. Гэхдээ тос дуусвал өртөг нөхөгдөөгүй байсан ч гэрээ дуусгавар болно гэсэн заалттай гэлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахдаа технологийн туршилтууд хийгдсэн бөгөөд манай улсад олборлож байгаа газрын тоснуудын ерөнхий физик, химийн шинж чанарт тохирсон үйлдвэрийн технологийг сонгосон байна. Ер нь хайгуул хийж байгаа. Олборлож байгаа болон ойр хавийн ордуудын тосыг ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

Ер нь “Петро дачин тамсаг” компанийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөтэй холбоотой олон гомдол ирдэг гэв. Энэ компани байгаль орчныг хамгаалах чиглэлээр хариуцлагагүй ажиллаж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Нефтийн бүтээгдэхүүний хог хаягдал, үйл ажиллагаанаас нь гардаг хатуу, шингэн хог хаягдал, химийн бодисын сав, баглаа боодол, автомашины аюултай хог хаягдал их хэмжээтэй гардаг юм байна. Эдгээрийг дахин боловсруулахтай холбоотой үүргээ хэрэгжүүлж ажиллахгүй байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Өөрсдийнхөө хэрэгцээнээс давсан химийн бодисыг оруулж ирсэн, одоо хугацаа нь хэтэрчихсэн химийн бодисыг булшлах асуудал бас яригдаад явж байгаа гэлээ. Ус, ашиглалт, нөхөн сэргээлттэй холбоотой олон удаа дүгнэлтүүд гарсан байна. Усыг их хэмжээгээр ашигладаг бөгөөд нэг талбай дээр нийтдээ 70 гаруй худаг ухсан, тэдгээр худгаасаа 2.7 орчим сая шоо метр ус ашиглаж байгаа бөгөөд усны төлбөрт жилд орон нутагт 3.2 тэрбум орчим төгрөг ус ашигласны төлбөр төлсөн гэсэн хариултыг Ажлын хэсгийн гишүүд өгсөн.

Хуульд зааснаар байгалийн нөөц баялгийг ашиглаж байгаа аж ахуйн нэгж жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж ажилладаг бөгөөд өмнөх жилийнх нь менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт нь 90 хувиас дээш байвал дараа жилийнх нь менежментийн төлөвлөгөө баталж өгдөг юм байна. “Петрочайна дачин тамсаг”-ийн хувьд бол 2020 оны менежментийн төлөвлөгөөг орон нутгийнх нь комисс шалгаад 30-40 хувь хэрэгжсэн гэж үзжээ. Ийм дүгнэлт ажлын хэсэг гаргасан учраас дараа жилийн менежментийн төлөвлөгөө батлаагүй аж. Үндсэндээ менежментийн төлөвлөгөө батлагдаагүй үйл ажиллагаа явуулж байна гэж хэлж болно гэсэн хариултыг Ажлын хэсгийн гишүүд мэдээлсэн.
УИХ-ын гишүүд татвартай холбоотой маргаан, ус ашиглалт, зам барих асуудлыг хөндөж байсан.

“Петрочайна дачин тамсаг” компани нь 2016-2021 оны байдлаар аж ахуйн нэгжийн орлогын алдагдалтай тайланг цахимаар ирүүлсэн бөгөөд татварын байгууллага үүнийг хянаж үзээд алдагдалтай тайлагнасан нь үндэслэлгүй гэж үзээд буцаасан байна. Мөн тус компаниас татварын төлөлттэй холбоотой маргаан үүсгэсэн нь одоо Маргаан таслах зөвлөлд хянагдаад явж байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, газрын тосны хайгуул, олборлолтод ашиглаж буй усан технологи дэлхийд хэр ашиглагдаж байгаа вэ хэмээн тодруулсан. 8.3 сая литр ус зарцуулаад 8.3 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн олборлож байна гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр зарим газарт нефтийн бүтээгдэхүүнээс ус илүү үнэтэй цаг болж байгаа шүү дээ. Иймд ус ашиглалтад хоцрогдсон технолги ашиглаж болохгүй. Цаашдаа энэ технологийг шинэчлэх үү гэж асуусан.

Ажлын хэсгийн гишүүд, одоогоор байгалийн горимоороо өөрөө оргилох тос нь багасч байгаа учраас XIX,  XXI талбай дээр ус, шахалт, хий шахалт, гель полимер шахалт гэсэн технологиудын аль алийг нь ашиглаж байгаа.

Цаашдаа хий шахалт нь аюулгүй ажиллагаа талаасаа нэлээн аюултай, усны хэрэглээ их байгаа учраас ус шахалтыг багасгана. Гель полимер буюу илүү өндөр технологийн бодис хэрэглэж шахах технологийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэсэн хариулт өгсөн.

Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, өнөөдөр Тамсагийн сав газарт олборлолт хийж байгаа “Петрочайна дачин тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Тодорхой мэдээллүүдийг авлаа. Энд хоцрогдсон технологиор ус ашиглаж байгаа нь тодорхой байна. Ус бол нефтээс үнэтэй. Ийм цаг үед их хэмжээний ус хоцрогдсон технологиор ашиглавал Мэнэнгийн тал яваандаа Мэнэнгийн там болж магадгүй. Энэ гэрээ өнөөдөр Монгол Улсад ашиггүй байна. Энэ гэрээг хөрөнгө оруулагч талтай хамтарч Монгол Улсад ашигтай болгох шаардлагатай байна. Ашигт малтмалынхаа хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ төсөл дээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах шаардлага зайлшгүй үүссэн байна. Өнөөдөр байгаль орчин, татвартай холбоотой маш олон асуудал байна. Маш олон төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг атлаа үр ашиггүй ажиллана гэдэг байж болшгүй зүйл. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр байгаа энэ цаг үед үр ашиггүй ажиллана гэсэн ойлголт байхгүй. Татварын алба акт тавихаар түүнийг нь хүчингүй болгодог. Монголын эдийн засаг голланд өвчинд нэрвэгдсэн, газрын тосны салбарын үйл ажиллагаа үүнд нэрмээс болж байна. Баялагтай орнууд ядуурдаг парадокс маягийн үзэгдэл гэж харж байна. Энэ асуудалд монголын төр анхаарал хандуулах ёстой. Тиймээс энэ асуудлаар Засгийн газарт Байнгын хорооны тогтоолоор тодорхой чиглэл өгнө гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Огноо:

,

Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.

Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Огноо:

,

БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.

БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.

БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.

Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.

Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.07.22) Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Л.Гантөмөр, П.Ганзориг нар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдыг оролцуулсан судалгааны дүнд хүүхдүүдийн 46 хувь нь өдөрт 2-4 цаг, 30 хувь нь 4 болон түүнээс дээш цаг интернет ашигладаг бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 73 хувь нь нийгмийн сүлжээнд нэвтрэх зорилгоор интернет ашигладаг хэмээн хариулсан байгааг төсөл санаачлагчид танилцууллаа. Иймд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулахаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, Ч.Анар, Ж.Галбадрах, П.Ганзориг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, С.Лүндэг, Ч.Номин, О.Номинчимэг нар 6 бүлэг, 20 зүйлтэй, анхдагч бие даасан хуулийн төслийг боловсруулжээ. 

Өнөөгийн байдлаар хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалахтай холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг цахим орчны сөрөг нөлөөлөл, дарамт, мөлжлөг, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлагыг тодорхой болгох зорилгоор төслийг боловсруулсан байна. 

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн зорилт нь хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээтэй холбоотой харилцааг зохицуулах, хүүхдийг цахим дарамт, донтолт, заналхийлэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлагыг тодорхойлох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, хамтын ажиллагааг зохицуулах аж. 

Тухайлбал, нийгмийн сүлжээний эрсдэлд үндэслэн 13-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд насанд тохирсон зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Технологийн энэхүү хамгаалалтын арга хэмжээтэй уялдуулан нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад Нийгмийн сүлжээ, Харилцаа холбоо зэрэг үйлчилгээ эрхлэгчид болон тэдгээр үйлчилгээг хэрэглэгч хүүхдүүд, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчид, боловсролын байгууллагуудын хүлээх чиг үүргийг тодорхойлжээ.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад оролцогч төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг тодорхойлж, нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдал зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.

Төслийг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэхийн зэрэгцээ олон улсын эрх зүйн баримт бичиг, гадаад улсын туршлагыг харьцуулан судалж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран үе шаттай судалгаа, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан хэмээн Улсын Их Хурлын даргад төсөл санаачлагчид танилцуулсан юм.

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт боловсруулж буй бусад хуулийн төсөлд олон нийтийн саналыг авахаар Улсын Их Хурлын d.parliament.mn цахим сүлжээнд байршуулахад 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 660 иргэн танилцсан аж.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн мэдээллийн аюулгүй байдал сайжирч, цахим орчин дахь эрсдэл, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхлэгч, эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлага нэмэгдэж, хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцоо боловсронгуй болох ач холбогдолтой юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм1 өдрийн өмнө

COP17 хурлын бэлтгэл 95 хувьтай үргэлжилж байна

Цаг үе1 өдрийн өмнө

АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын т...

Цаг үе1 өдрийн өмнө

BRT төслийн нарийвчилсан зураг төслийн тендерийн үнэлгээ үргэлжилж б...

Шударга мэдээ1 өдрийн өмнө

"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ

Цаг үе1 өдрийн өмнө

Шүлхий өвчний SAT-1 хэвшлийн эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

Цаг үе1 өдрийн өмнө

Алслагдсан бүсийн иргэд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүс...

Улстөр нийгэм1 өдрийн өмнө

Монгол, БНСУ хамтран соёлын өвийн цахим архивын төв байгуулна

Улстөр нийгэм2026/07/27

“Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн ...

Улстөр нийгэм2026/07/27

Иран Украинд хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа

Шударга мэдээ2026/07/27

БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ

Санал болгох