Шударга мэдээ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн анхааралд!
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системээр 2022 оны 05-р сарын 26-ны өдөр явагдах бөгөөд системийг 09:00 цагт нээж, бүртгэх квот дуусмагц бүртгэл автоматаар хаагдана.
Цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс 2 хоногийн өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас /hudulmur-halamj.gov.mn, monkor.net/ фэйсбүүк пэйжид байршуулна.
Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:
- 18- 39 настай байх (1982 оны 5 дугаар сарын 26-наас 2004 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
- БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
- Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
- Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
- Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;
Бүртгүүлэхэд урьдчилан бэлтгэх зүйл:
Цээж зураг (Хуулбарыг файлаар бэлтгэх)
Хэрэв цээж зураг нь гадаад пасспорт иргэний үнэмлэхнээс өөр байвал шалгалт өгөх боломжгүй болно.
10-15 kb хэмжээтэй файл (100~300 пиксел. Jpg)
Цээж зургийг цагаан дэвсгэр дээр бараан хувцастай авахуулсан байна. (сүүлийн 3 сарын дотор).
1 хувь цээж зураг (хэмжээ 3,5*4,5см)-ийг файлаар урьдчилан бэлтгэсэн байх.
Өөрийн цээж зургийг селфи хэлбэрээр болон бусад шаардлага хангахгүй байдлаар оруулсан тохиолдолд бүртгэлийг хүчингүй болгоно.
Гадаад паспорт (иргэний үнэмлэх)-ын хуулбарын файл
Овог, нэр англиар /латин үсгээр/ бичигдсэн байна.
СХТТШ-нд бүртгүүлэх үеийн хувийн мэдээлэл паспортаас зөрсөн тохиолдолд БНСУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох ба энэ нь бүртгүүлэгчийн хариуцлагатай холбоотой тул бүртгүүлэхээсээ өмнө гадаад паспортыг бэлтгэхийг зөвлөж байна.
Бүртгүүлэх үед тэмдэглэсэн англи овог нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, цээж зураг зэрэг нь дараа тухайн иргэнийг Cолонгос Улсад ажилд зуучлахад ашиглагдах бөгөөд өөрчилж солих боломжгүй.
Бүртгэлийн хураамж: 24 америк доллартай тэнцэх Монгол төгрөг. Бүртгэл зарлагдсан өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцож Төрийн банкинд тушаана.
Бүртгэлийн хугацаанд өөрийн бүртгэлийг цуцлуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд бүртгэлийн хугацаанд (2022 оны 5 сарын 26-31-нд) цуцлуулах хүсэлт гаргаж, хураамжийг буцаан авах боломжтой.
Онооны тогтолцоо нь Солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл (өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн бүтэн байдал зэргийг нь хөдөлмөр эрхлэхэд бэрхшээлтэй гэж үзэх буюу тэнцэхгүй), ажил үүрэг гүйцэтгэх чадвар гэх мэтээр шалгуулагч бүрийн чадварыг үнэлэх нэгдсэн үнэлгээний арга юм.
Шалгалт өгөх хуваарийг 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр зарлана.
Шалгалт 2022.08.22 ~ 2022.09.27 хооронд явагдана.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
Шударга мэдээ
БНСУ түлшний үнийн дарамтыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлнэ
БНСУ-ын Засгийн газар түлш, шатахууны татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгахаар боллоо.
БНСУ-ын Эдийн засаг, сангийн сайд бөгөөд Шадар сайд Кү Юн Чоль долоодугаар сарын 24-нд болсон иргэдийн амьжиргааны өртөг, үнийн тогтвортой байдлын асуудлаарх сайд нарын ажлын хэсгийн 13 дугаар хуралдааны үеэр энэ талаар мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, долоодугаар сарын сүүлчээр дуусах байсан түлшний татварын хөнгөлөлтийг есдүгээр сарын сүүлч хүртэл хоёр сараар сунгаж, иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулахаар төлөвлөжээ.
БНСУ-ын Сангийн яамны мэдээлснээр, тус улс олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлын нөлөөг харгалзан бууруулсан татварын хувь хэмжээг хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн байна.
Өмнө нь БНСУ-ын Засгийн газар иргэдийн түлшний зардлын дарамтыг бууруулах зорилгоор түлшний татварын хөнгөлөлтийг долоодугаар сарын 31 хүртэл сунгаад байсан юм. Харин энэ удаагийн шийдвэрээр уг арга хэмжээг дахин хоёр сараар үргэлжлүүлэхээр боллоо.
Түүнчлэн БНСУ-ын Засгийн газар долоодугаар сарын хэрэглээний үнийн өсөлтийг хоёр хувийн түвшинд барихын төлөө ажиллаж байгаа бөгөөд түлшний татварын хөнгөлөлт нь үнийн дарамтыг бууруулах багц арга хэмжээний нэг хэсэг болж байна.
